Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойн өмнө ашиглалтанд орж Нутгийн удирдлагын ордны хойно байрлах хуучнаар “Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн”-гийн талбайд “Хөх монгол" нэртэй 21 аймгийн онцлогийг харуулсан хүрээлэн нээлтээ хийснээс хойш таван  жилийг үдэж байна. Дэлхий нийтээрээ  коронавирустэй тэмцэж  улс орнууд эдийн засаг, эрүүл мэнд, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар хөл дээрээ "дэнчигнэн" зүтгэж олон мянган ажлын байр үүдээ барьж бичил бизнэс эрхлэгчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн хүнд онуудыг бид даван туулж байхад “Хөх Монгол цогцолбор” ОНӨААТҮГ нэртэй уг байгууллага төрөөс жил бүр 80-85 сая төгрөгийн төсөв авч хийсэн ажилгүй үүдээ түгжээд хаалгаа бариад сууж байна. Хэдийгээр үзвэр үйлчилгээ хаагдаж аялал жуулчлал хөл хорионд орсон ч гэлээ хийх хүн аргын олдог зарчим огт үнэртэхгүй  төрөөс жил бүр санхүүжилт авдаг атлаа хөгжил мэдрэгдэж дэвшил харагдаагүй уг байгууллага ер нь хотын төв хэсэгт бидний татварын 3,6 тэрбум төгрөгөөр бүтчихээд өнгөрсөн таван жилийн хугацаанд Орхон аймгийн  аялал жуулчлалын хөгжилд ямар өөрчлөлт хийгдсэн бэ?  

Жилдээ 5-10 сая хүрэхгүй орлого олдог тус байгууллагад төрөөс 80-85 сая төгрөг жил бүр зарцуулж байна. Сүндэрлэж босоод сүр бадруулаад таван жил болчихлоо гэтэл энэ хугацаанд Орхон аймгийн ЕБС-ын сурагчид үнэ төлбөргүй үзэж жилдээ хэдхэн дотоодын аялагчид хүлээн авч Орхон аймгийн иргэд нь нэг удаа сонирхоод өнгөрсөн товчхон агуулгатай энэ том бүтээн байгуулалт анхнаасаа газар зохион байгуулалт менежентийн хувьд ч тийм сайн хувилбар байгаагүйг энэ таван жил хангалттай харуулчихлаа.

Аймгийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт ОНӨААТҮГ-ын дарга нарыг хүлээн авч ажлын тайланг сонссон энэ үер "Хөх монгол" цогцолборын удирдлагуудын тавьсан бүтэн нэг жилийн тайлан  мэдээллийг ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар  мэл гайхаж цэл хөхөрсөн байдалтай сонсож дуусгасан бөгөөд тус газрын дарга Л.Батбаатарыг хурлын танхимд төрийн ажил хийчихээд ийм тайлан танилцуулаад сууж байгаагаасаа ичих хэрэгтэйг хатуухан сануулаад авав. Бүтцийн хувьд данхар гэж хэлж болох тус байгууллага ТУЗ-ийн дөрвөн гишүүнтэй харин ТУЗ-ын даргаар  Аймгийн БОАЖГ-ын дарга Д.Жаргалсайхан ажилладаг бол орон тооны нэг дарга  найман ажилтантай.Тэдний дундаж цалин 900 мянгаас 500 мянган төгрөг.  Гэтэл орлого олдог 4-5 түрээсийн өрөө ганц төлбөртэй танхим нь 5D мини кинотеатр гэнэ.Төрөөс авдаг нэг жилийн урсгал зардал нь харин 80-85 сая төгрөг.

“Хөх Монгол цогцолбор”гэх том нэр зүүсэн  хөлөө олоогүй таван жилийн нүүрийг үзсэн татвар төлөгчдийн халааснаас мөнгө татсан хэвээр хотын төв цэгт оршсоор байх тус газрыг үйл ажиллагаа нь  ижил төстэй байгууллагатай нэгтгэж "Данхар" бүтцээс нь салгахгүй бол урагшгүй унжийсан өдрөөс өдөрт өнгө зүсээ алдсан "ЦООЖТОЙ" хаалганы цаана сүржин нэртэй даржин  цогцолбор чинь хөшөө болж үлдэх гээд байна. Бүтэн таван жил өнгөрч байхад жилдээ олдог орлого нь ийм байвал "Хөх монгол" цогцолборыг барьж байгуулахад гаргасан 3,6 тэрбум төгрөг 100 жилийн дараа зардлаа нөхөх юм байна. 

 

   

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 14

  • Шинэ мэдээ