УОК:Сэтгүүлчдийн асуултанд өгсөн хариултууд...

Хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95%-ийг, гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээх болсноо УОК-оос өнөөдөр зарлалаа. Мэдээллийн дараа Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Засгийн газрын ХМХХ-ийн дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Удахгүй эмэгтэйчүүдийн баяр Март болно. Энэ үеэр цэцэгний худалдаа маш их байдаг. Энэ төрлийн бизнес эрхлэгчид өнгөрсөн жил цэцгээ хил дээр хураалгаад шаталтад орсон. Эдгээр хүмүүст ямар зохицуулалт хийж байгаа вэ?

- Хил гаалиар орж ирэх бүтээгдэхүүнийг аль болох саадгүйгээр оруулж ирэхээр зохион байгуулж байна. Хоёрдугаар сарын 23-наас Алтанбулаг боомтын үйл ажиллагаа хэвийн болно. Боршоо болон Эрээнцав, Цагааннуурын боомтоор өвс тэжээл, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг татан авахтай холбоотой зохицуулалтыг хийнэ. 

- Гуравдугаар сарын 10-наас бүх шатны боловсролын байгууллагууд үе шаттайгаар нээгдэхээр хүүхэд залуус хичээлийн бэлтгэл хангах шаардлага гарна. Хүүхдүүд  худалдааны төвүүдээр үйлчлүүлэх боломж нээгдэж байгаа гэж ойлгож болох уу. Гадаадын бусад улс орнууд нэвтрэх бол шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байгаа юу. Гурав, дөрөвдүгээр сард нислэг үйлдэх онгоцоор Монголоос явах гэж буй хүмүүс дархлаажуулалтад яаж хамрагдах вэ? Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинд хамруулна гэчихсэн байгаа. Гэвч гадагш явах гэж буй хүмүүс энэ дундуур вакцинд яаж хамрагдах вэ?

- Хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгт явж эхлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг боловсролын байгууллага, эцэг эхчүүд, айл өрхүүд бүрдүүлж ажиллах ёстой учраас тодорхой хугацаа зааж өгч байгаа. Яаран сандран бэлтгэл хангахгүйгээр, хүүхэд багачуудаа эрсдэлд оруулах нөхцөлд хичээл сургуулийг эхлүүлж болохгүй. Сургууль, цэцэрлэгээс эцэг эхчүүдэд заавар зөвлөмж өгнө. Тухайлбал хүүхдээ хичээлд явахаас нь өмнө халууныг хэмжинэ гэх зэргээр.

-Гадаадаас ирэх иргэдийг вакцинд хамрагдсан иргэдийг бүртгэх, тодорхой хугацаанд тусгаарлах журмыг гаргаж байгаа. Оюутан сурагчид, бизнес эрхлэгчид, эрүүл мэндийн шалтгаанаар гадагшаа явах иргэдийн хүсэлт тасрахгүй байна. Гэхдээ гадаад руу явах болон ирэх иргэдээ орхигдож хаягдахгүйгээр зохион байгуулах ажлууд хийгдэж байна.

-Хил хэзээнээс нээгдэх вэ. Хил нээгдэхгүй байгаагаас үүдэн Замын-үүд боомт дээр маш олон жолооч, иргэд орлогогүй болоод удаж байна. Тэнд эдийн засгийн тэг зогсолттой болсон гэж хэлж болно. Мөн уул уурхайн ажилчдыг хэрхэн зохицуулах вэ?

- Гуравдугаар сарын 30-ныг хүртэл Монгол Улсын хил гаалийг ачаа бараа бүтээгдэхүүнээс бусдыг хязгаарлах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хугацаанд ачаа барааны оочер дараалал үүссэн асуудал байхгүй болно. Урд хил дээр Хятадын талд ариутгалын бункерийг барьж байгуулахтай холбоотой асуудал байгаагаас тодорхой хязгаарлалттай явж байгаа. Бүтээн байгуулалтын ажил нь удахгүй дуусна гэсэн мэдээлэл бидэнд бий.

Хойд хил буюу Алтанбулагийн боомтоор ачаа тээвэр хэвийн нэвтэрч эхэлсэн. Цаашдаа хилээ хэрхэн нээх, гадаад дотоод зорчилтоо яаж зохион байгуулах нь вакцинжуулалт болон тэдгээртэй холбоотой цаг үеийн эрсдэлийн үнэлгээ, ОУ-ын хил гаалийн дэглэм журамтай уялдуулна. Өнөөдрийн байдлаар БНХАУ гаднаас нислэг авахгүй байгаа. 

Олон орон хил гааль нь хаалттай хэвээр байгаа. Вакцинжуулалтад хамруулаад гадагш, дотогш зорчиж байгаа олон улсын жишгээр ажиллахаар төлөвлөж байгаа.

- Хоёрдугаар сарын 22-нд шинжилгээ өгсөн иргэдийн хариу 23-нд гарах байх. Шинжилгээний хариу авч амжаагүй ажилдаа явсан тохиолдолд халдварын эрсдэл үүсэх юм бишүү, тооцоо судалгаа хийсэн үү. Үүрэг гүйцэтгэж буй цагдаа нар хүнд нөхцөлд ажиллаж, өвдсөн мэдээллийг өгсөн. Энэ талаар мэдээлэл авч, газар дээр нь очиж танилцсан уу. Саун, караоке ажиллана гэж ойлгох уу?

- Үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. Энэ 12 хоногийн хугацаанд хүн хүч дутсан, зохион байгуулалт хийхэд хүндрэлтэй байсан, гаргасан шийдвэрүүд газар дээрээ хэрэгжихэд их, бага хэмжээний ойлголтын зөрүү, алдаа гарсан тохиолдол ч бий. Аль болох алдаа дутагдлыг засаж, зохион байгуулалтыг сайжруулж тэдний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлийг хангах тал дээр шат шатандаа анхаарч ажиллаж ирсэн. Бүх зүйл сайхан байгаа гэж хэлэхгүй. Гадаа орчинд хяналт, зохион байгуулалт хийх амаргүй ажил. Манай иргэд хариуцлагатай, идэвхтэй, дэглэм журмаа сахисан учир хүндрэл багатай байна гэж ойлгож байгаа.

Хоёрдугаар сарын 23-ны өдөр "Нэг хаалга-Нэг иргэн" шинжилгээний дүгнэлтийг олон нийтэд тайлагнана. Өрх бүрээс шинжилгээ авч буй ажил цаашдаа зогсохгүй. Голомтоо тодорхойлсон, тархалтуудаа хумих боломжийг бүрдүүлсэн, нуугдмал голомтуудаа илрүүлсэн. Шинжилгээгээр илэрсэн 54 тохиолдлоос 8 нь идэвхтэй голомт илэрсэн. Цаашид тодорхой бүсүүдэд давтан тандалт хийнэ. Халдварын эрсдэл гарсан тохиолдолд нийтээр нь бус тухайн бүсэд нь хязгаарлалт тогтооно.

ААН-үүдийн 95%-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахдаа яг дэглэмээ барина. Ресторан, үзвэр үйлчилгээний газарт зайгаа барих, караоке зэрэгт  тусгайлсан журмын дагуу зохицуулагдана. Тухайн ААН дүрэм, журмаа дагаагүй ямар нэгэн эрсдэл үүссэн байвал сануулна, үйл ажиллагааг нь хязгаарлана.

-Бүх шатны боловсролын байгууллагад 5-10 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг хэлний сургалтын төвүүд ТББ-даа орох уу, энэ байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагдах вэ. Шар түвшинд тоглолтын талаар ямар нэгэн тайлбар байхгүй байна. Уралдаан тэмцээн гэдэгт соёл урлагийн арга хэмжээг тооцох уу?

Ц.Ганзориг: Бид шар зэрэглэл рүү шилжиж байгаа. 5-10 хүнтэй сургалтын төв НХХЯ-нд харьяалагдаад, үйл ажиллагаа нь ЕБС-аас үл хамаараад хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаа нь нээгдэнэ. Хэлний болон мэргэжлийн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа нээгдэнэ гэсэн үг.

Уралдаан тэмцээн, аялал зугаалга буюу хүн олноороо цугларах газар, өргөтгөсөн худалдаа, үзэсгэлэн, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвүүд, диско баарыг/Шөнийн клуб/ хязгаарласан. Нийслэлд 940 орчим баар цэнгээний газар байдаг. Үүний 440 орчим нь караоке бөгөөд 4,000-5,000 ажлын байрыг агуулдаг.

Хүүхдийн тоглоомын төвийг нээхээр халдвар авах эрсдэл өндөр, хүүхэд хуулийн дагуу хариуцлага хүлээх чадваргүй тул хязгаарлаж байгаа юм.

Гоо сайхан, үсчин, бассейн, фитнес нээгдэнэ.

- Гуравдугаар сарын 8, 18-ны тэмдэглэлт баяраар урлагийнхан тоглолт зохион байгуулаад хүмүүс цуглуулдаг. Гэтэл 3 сарын 8-ны тэр олон тоглолтын дараа сургууль, цэцэрлэг эхлэх нь эрсдэл үүсээд хойшлогдох вий. Иймээс урлагийн арга хэмжээг зөвшөөрч байгаа юу?

- Урлагийн тоглолт зохион байгуулахад тухайн заалныхаа 30-50% хүртэлх хувийг дүүргэнэ гэж журамд заасан. Энэ нь 3,000 хүн хүлээн авах хүчин чадалтай заал бол 1,500-гаас хэтрэхгүй хүнтэй байна гэсэн үг.

-Амралтын газрууд ажиллах уу?

-Амралтын газрууд ажиллана. Албан байгууллагаараа явахыг хязгаарласан. Зөвхөн гэр бүлийн хүрээнд цөөн тооны хүн амарч болно гэж заасан.

-Цаашид хөл хорио тогтоох тухай УОК дээр яригдсан уу?

- Халдварын эрсдэл байхгүй гэж ойлгож болохгүй. Гэхдээ аль болох хэвийн үйл ажиллагаа явуулна. Цаашид хэсэгчилсэн байдлаар хязгаарлалт хийх зохицуулалт хийнэ.

Бүх салбарын үйл ажиллагааг нээж байгаа нь аюулгүй болчихлоо гэсэн үг биш. Тусгайлсан журмын дагуу халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллана гэдгийг иргэд, ААН-үүд сайн ойлгох хэрэгтэй.

-Уул уурхайн салбарын ажилчдын ажил, амралтын хуваарь ямар байгаа вэ. Оюутолгой компанид сүүлийн нэг сар гарснаас хойш 2, 3 хүн амь насаа алдчихлаа. Энэ нь ажил, амралтын хуваарь алдагдсанаас үүдэж байна гэж үзэх үндэслэл байна?

- Уул уурхайн салбарын тухайлсан компаниуд өөрсдийн дотоод дүрмийн дагуу сар шинийн баярын өмнө ээлж сольсон. Бидний хувьд дэглэм журам зөрчиж байгаа, илүү цагаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байхгүй учраас хуваарийнхаа дагуу зохицуулаад явж байгаа.

- 12 хүртэлх насны гурван хүүхэдтэй төрийн албан хаагч цар тахлын улмаас гэртээ хүүхдээ харж байсан. Хичээл сургуулийг эхлүүлэхгүй хойшлуулсан учир яаж зохицуулах вэ, хүүхдээ хараад гэртээ байж байх уу, ажилдаа орох уу?

- Эцэг эхчүүдэд хүндрэл их байгаа. Сургууль, цэцэрлэгийн хичээл /2021.03.10/ эхлэх хүртэл ААН, төрийн байгууллагууд зохицуулалт хийх үүднээс эцэг, эхийн хүсэлт болон өөрсдийн дотоод зохион байгуулалтын хүрээнд цахимаар, гэрээсээ ажиллах боломжоор хангах үүрэг чиглэл өгч байна.

- Зарим эцэг, эхчүүд цар тахлын эрсдэлээс шалтгаалаад хүүхдээ танхимын хичээлд явуулна, явуулахгүй гэдэг талцал байна. Хүүхдээ хичээлд нь явуулахгүй байж болох уу?

- Боловсролын байгууллага бэлтгэлээ хангаж ажиллаж байгаа. Цаг үеийн байдалтай холбогдуулан аль болох эрсдэлгүй нөхцөлд байлгахыг зорьж байна. Эцэг эхчүүдэд айдас хүйдэс байна. Нөгөө хэсэг нь танхимаар хичээллүүлмээр байна гэж байна. УОК-ын байр суурь бол хүүхдүүдийг танхимаар хичээллэсэн ч бай хичээллээгүй ч бай эрсдэлгүй байх нөхцөлийг бүрдүүлэх. Ингэхдээ салбарын яамны бодлого зохицуулалтын хүрээнд авч хэрэгжүүлэх саналын хүрээнд зохион байгуулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.