Л.УРАНЧИМЭГ:Бид нэг дэлхий дээр амьдарч байгаагийн хувьд вакцинаас дайжих, татгалзах шалтгаан огт байхгүй

Орхон аймгийн ЭМГ-ын шуурхай штабын зөвлөх эмч, тархвар судлаач Л.Уранчимэг энэ удаагийн зочноор оролцож байна.Монгол улсад Коронавирусийн эсрэг вакцин орж ирж байгаатай холбоотойгоор иргэдийн дунд олон талын мэдээллийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ цаг үед олон жил тархвар судлалаар мэргэшсэн түүнтэй вакцин тойрсон асуудлаар цөөн хором ярилцлаа.

-“Ковид-19”-ийн эсрэг вакцины онцлогийн талаар өнөөдөр маш олон талын  мэдээлэл иргэдэд очиж байна. Та олон жил судалгаа хийж гадны улс оронд мэргэшсэн туршлагатай хүний хувьд мэдээлэл өгөөч бид  яагаад вакцин хийлгэх ёстой вэ?

-Вакцин бол шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт зүйл. Шинжлэх ухаан хөгжиж, туршлагажихын хэрээр вакциныг богино хугацаанд гарган авч байгааг бид харлаа. Нийт хүн амыг вакцинжуулснаар хүн амын дархлалын түвшин өндөр болно, ингэснээр олныг хамарсан өвчлөл гарах магадлал буурна гэсэн үг. Зарим төрлийн халдварт өвчнийг вакцинаар эмчилж, устгасан шүү дээ. Мэргэжлийн хүний хувьд вакцинаас татгалзах ямар нэг шалтгаан байхгүйг энд хэлмээр байна. Бүх эрдэмтэн судлаачид олон талаас нь судалж, шинжилсэн болохоор Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын өвчлөл, нас баралтыг бууруулъя гэдэг шийдэлд хүрсэн байгаа шүү дээ. Сэтгэлзүйн хэвийн амьдралыг хурдан хугацаанд сэргээе гэдэг үүднээс энэ шийдвэр гарсан. Бид нэг дэлхий дээр амьдарч байгаагийн хувьд вакцинаас дайжих, татгалзах шалтгаан байхгүй гэж бодож байна. Иргэд, олон нийт маань энэ асуудалд шинжлэх ухаанчаар хандаасай.

-Энэтхэг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн эдгээр вакциныг буурай хөгжилтэй улс орнуудын иргэдэд тарьж байгаа нь туршилт хийж байгаа хэлбэр гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнд мэргэжлийн хүний хувьд юуг хэлэх вэ?

-Аливаа юм хоёр талтай. Сайн зүйл шалгуур ихтэй, хүнд үнэн зөв мэдээлэл хүрэх нь бага байдаг юм болов уу гэж харж байна. Гэтэл сөрөг мэдээлэл нь сошиалаар талд ассан түймэр шиг л явж байна. Цөөн тооны хүмүүс буруу мэдээлэл өгснөөр массын хандлага өөрчлөгддөгийг бодитоор харж болохоор байна. Хятадын вакциныг бид авч хэрэглэдэг. Халдварт шар буюу А гепатитын эсрэг вакциныг л гэхэд хүүхдүүдэд хийсэн. Ямар нэг сөрөг үр дагавар, муу зүйл болсонгүй. Харин нас баралт, өвчлөл буурсан. Томуугийн вакцин ч хийгддэг. Тэгэхээр сөрөг мэдээллийг дамжуулахад түргэн тархдаг гэдгийн л нэг жишээ энэ болж байна. Ямар ч буурай хөгжилтэй оронд туршилтын журмаар вакцин хийнэ гэж байдаггүй. Болж байгаа процессыг ажиглан харж, хувь хүн бүр дүгнэлт хийх нь зөв байх.Ийм мухар ойлголт иргэдийн сэтгэл зүйд асар хортой .

-Одоо дэлхий нийтээр хичнээн хүнд цар тахлын эсрэг вакцин хийгээд байна вэ?

-200 гаруй сая хүн вакцинд хамрагдсан гэж мэдээлж байна. Израйль улсад л гэхэд нийт хүн амынхаа 70-аас дээш хувийг вакцинжуулж, өвчлөл нь дарагдсан.

-“Энэ вирус бидэнтэй насан туршдаа хамт явна” гэж та өмнө нь хэлж байсан. Вакцин хийсний дараа яах вэ?

-Нян, вирус, халдварт өвчин үүсгэгчид бол биологийн зүй тогтлоороо л явна. Ингэхдээ өөрийнх нь эсрэг дархлаа тогтоогүй л бол тухайн улсын хүн амыг массаар нь өвчлүүлэх аюултай. Идэвхжиж байгаа үед нь дархлаатай юмуу, вакцинтай байвал тухайн вирус цааш тархаж чадахгүй. Энэ зарчим дээр халдварт өвчний эсрэг вакцин гарч, өвчлөлийг бууруулж байна. Идэвхжиж, буурна гэсэн зарчмаар л явдаг. Цагаан цэцэг өвчнийг бүрэн устгасан гэж дэлхий нийтээр зарласан. Амьтдын дунд эргэлтэд ороод явж л байдаг. Хүний дунд ороод ирвэл вакцинаа үйлдвэрлэж эхлэхэд бэлэн байгаа тухай мэдэгдсэн.

Нэг хүнийг 41 ам.доллараар вакцинжуулна гэж байна. Гэтэл нэг хүний эмчилгээнд 8 орчим сая төгрөг өнөөдөр зарцуулж байна. Ингэхээр эдийн засгийн хэмнэлттэй, хор хохирол багатай, нийгэмд болоод хувь хүнд үр дүнтэй зүйл юм.

-Та вакцин хийлгэх үү?

-Хийлгэнэ. Миний хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сургалтанд сууж, вакцин хэрхэн хийгддэгийг судалж, харж байсны хувьд татгалзах ямар нэг шатлгаан алга.Хүн эхээс төрсөн мөчөөс вакцин хийлгэдэг шүү дээ.

-Хүмүүс ямар нэг зүйл үлдэнэ гэж эмээгээд байх шиг?Коронавирусийг нэг ёсондоо биендээ тээж байгаа хэлбэр гэж үзээд байна.

-Хүний биед өвчин үүсэхгүй, генетикзийн өөрчлөлт орохгүй, дархлалын системд өвчин эсэргүүцэх эсрэг биет үүсч байна гэж ойлгох хэрэгтэй. Эрдэмтэн судлаачид өнөөг хүртэл гаж зүйл үүснэ гэж хэлээгүй л байна. ДЭМБ гэж асар том судалгааны баг ажиллаж байна шүү дээ.

-Дархлаажуулалтад хамрагдсан нийт иргэдийн хэдэн хувьд эсрэг биет үүссэн бол?

-Нийгмийн хүрээнд тайван байх үед нийт хүн амыг вакцинд хамруулчихвал дархлаа маш сайн тогтдог. Америк, Европт өвчний тархалттай зэрэгцэн вакцин хийгдсэн. Энэ тохиолдолд тухайн хүнд дархлаа тогтоогүй байхад ахиж халдвар авах, өвчлөх магадлал их. Тариуллаа гээд шууд эсрэг биет үүсэхгүй шүү дээ. Вакцины 2 дахь тунг хийлгэсний дүнд дархлаа өндөр тогтоно гэж тайлбарлаж байгаа.

-Эрдэнэт хотын иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Тархвар судлаач эмчийн хувьд айх зүйлгүйгээр вакцинаа хийлгээрэй л гэж хэлье. Нярай хүүхэд дөнгөж эхээс төрөөд л вакцин хийлгэж эхэлдэг. Хүүхдийг тарихад халуурч бүлээрэх, жоохон улайх зүйл гарах нь хэвийн гэж үздэг. Томчууд багадаа мөн л халдварт өвчний эсрэг вакциныг хийлгэж байсан. Америкт нэг сувилагч вакцин хийлгээд ухаан алдсан. Дараа нь гарсан тайлбарыг харж байхад тухайн хүн айдастай байснаас үүдэн сэтгэлзүйн хямрал явагдсан нь сошиалд цацагдсан байх жишээтэй. Ямар ч зүйлийг сөрөг сэтгэлзүйгээр хүлээн авбал сөрөг урвал үзүүлнэ, эерэг хандвал ямар ч асуудалгүй. Бүгд хамрагдаж чадвал нийгэм хэвийн байдалд орно гэдгийг л бодолцох хэрэгтэй.Бид асар олон халдварт өвчнийг өнөөдөр вакцины хүчээр даван туулж амьдарч байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

uu aigaad bna hiilgehees unendee

erdenet

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.