Х.ЭНХГЭРЭЛ: Зөв онош, зөв эмчилгээний сонголт тухайн хүнийг эрүүл болгоно

     Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж, иргэд, олон нийтийн дунд түгээмэл зонхилох болсон тархи, мэдрэлийн өвчинтэй бие сэтгэлээрээ тэмцэж яваа  “Нейрон” мэдрэлийн эмнэлгийн их эмч Х.Энхгэрэлийг зочноор урьж ярилцлаа. Бид энэхүү ярилцлагадаа сүүлийн үед нас харгалзахгүйгээр тохиож буй тархи, мэдрэлийн өвчний үүсэл, шалтгаан, үр дагаврын талаар тодорхой ойлголт өгөхийг зорьлоо.

          “Нейрон” эмнэлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Миний бие 1999-2011 оныг хүртэл Орхон аймгийн БОЭТ-ийн Мэдрэлийн тасагт ажиллаж байгаад 2012 оноос тархи, мэдрэлийн “Нейрон” хувийн эмнэлгийг байгуулсан. Манай эмнэлэг Орхон аймагтаа тархины цахилгаан болон тархины судасны бичлэг хийх үйлчилгээ үзүүлж байна. Тухайн үед энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, оношилгоо, шинжилгээний аппарат нь ч байсангүй. Уналт, таталттай хүмүүс маань нэг удаа өвдөхөд л Улаанбаатар хот руу явахаас аргагүй болдог хүндхэн нөхцөл байдалд байлаа. Улмаар 400 км-ийн алсад явж, очсон эмнэлэг дээрээ дугаарлаж зогсох эдгээр хүмүүстээ ямар ч байсан тархины судасны бичлэгийн аппарат авч ирэх, оношилгоог орон нутагтаа хийж эхлэх шаардлагатай юм байна, олон хүнд буян болохоос гадна мэдрэлийн салбарын хөгжилд нэмэртэй гэсэн бодол төрсөн. Ингээд 2012 онд тархины судасны бичлэгийн аппарат оруулж ирсэн. 2008 онд тархины цахилгаан бичлэгийн дамжааг дүүргэж ирсэн маань хувийн эмнэлэг байгуулахад ихээхэн түлхэц, хүч өгсөн гэж би хувьдаа боддог.

  Манай эмнэлэг жилдээ 200 орчим хүнд үйлчилгээ үзүүлэхдээ Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүрч ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд тархины цус харвалтаас шалтгаалан амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох   тохиолдол өндөр хувийг эзэлж, энэ нь залуужиж байгаа тул үүсч болох эрсдлээс хүн бүр урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгаа юм. Энэ талаар тайлбарлах гээд оролдъё. Тархины томоохон артерын судасны нарийсал, бөглөрөл, цусны урсгалын хурд, судасны уян хатан чанарыг оношилж үзсэнээр тухайн хүн харвалтанд хэр эрсдэл өндөртэй явааг шинжиж тогтоох боломжтой.

- Тархи гэдэг маш том анагаах ухаан гэж ойлгож байгаа ч бид хааяа тархиндаа хайнга хандаад байна уу гэсэн бодол төрж байна. Ер нь эмчид хандахгүйгээр хэрхэн зөв онош гаргах вэ?

-Тархи бол Монгол уламжлалаар хүний тэргүүн гэж манайхан ярьдаг. Нөгөө талаас хүний бүхий л үйл хөдлөлийг тархи удирдан чиглүүлдэг. Тиймээс тархиа сайн хамгаалснаар ажиллаж, амьдрах чадвараа хадгална гэсэн үг юм. Мэдрэлийн өвчнүүд дунд тархины харвалт, нуруу, толгой өвдөлт, уналт таталтын өвчлөл тэргүүлэх байр суурь эзэлж байна. Залуучууд төдийгүй бүх л насныхан өвчнөөс, тэр дундаа харвалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ингэхдээ таргалалт, хөдөлгөөний хомсдол, стресс, цусан дахь сахарын ихсэлт зэргийг тогтмол хянаж, зохистой жингээ барих хэрэгтэй. Амьдралын буруу хэв маяг нь олон эрсдэл дагуулдгийг мартаж болохгүй. Нуруугаа хамгаалах эрүүл мэндийн боловсрол дутмагаас үүсэх эрсдэл их байдаг учраас эмчээс зөвлөгөө авч, өвдөлтөө гүнзгийрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Мөн дараагийн нэг өвчлөл болох толгойн өвдөлт нь маш олон шалтгаанаас үүсдэг ч 70 хувь нь тархины судасны болон соронзон үелзүүрт томографийн  шинжилгээ, бичлэгээр өөрлөлт нь гардагггүй тал бий. Эмэгтэйчүүдийн 80 гаруй хувьд толгой өвдөх шинж тэмдэг ямар нэг байдлаар илэрдгийг тогтоосон. Ачааллын толгой өвдөлттэй эмэгтэйчүүд эмчид хандаагүйн улмаас өөрийгөө “Тархины судасны нарийсалттай” хэмээн оношилж, төрөл бүрийн эмчилгээ хийлгэсэн ч эдгэдэггүй. Хэрвээ нарийн мэргэжлийн эмчид хандсан бол зөв оношилгоо хийлгэж, юунаас шалтгаалан булчин чангарсан, булчинг хэрхэн суллах вэ гэдэгт зөвлөгөө авах боломжтой. Зарим хүн өвчин намдаах эм хэрэглэж, түүндээ дасал болчихсон байдаг. Гэтэл тархины хавдар гэдэг зүйл толгой өвдөлтөөр илэрдгийг хүмүүс мэдэхгүйгээсээ болж цаг хугацаа алдах нь бий. Хавдрын толгой өвдөлт байгаа эсэхийг оношлохын тулд нарийн мэргэжлийн эмч нар төрөл бүрийн асуулт асууж, ямар шинжилгээ хийхээ тодорхойлдог байх жишээтэй.

-  Өдөр тутмын амьдралаас үүдэлтэй иргэдийн дунд нийтлэг гарч байгаа, нарийн мэргэжлийн эмч нарын санааг зовоосон ямар өвчлөлүүд байна вэ? Бидний биеэсээ салгадаггүй гар утасны хор нөлөө юу байдаг бол?

-Тоон үзүүлэлтээс харахад харвалт, нуруу болон толгойн өвдөлт тэргүүлэх байр суурьтай байна. Сүүлийн үед хавдрын тархалт ихэссэн. Энэ нь бидний тогтмол хэрэглэх болсон гар утас, телевизийн соронзон долгионы сөрөг нөлөөллөөс үүдэлтэй гэж үздэг. Мөн рентген туяаны хор уршгийг энд онцлон хэлмээр байна. Нэг хүн жилийн туршид 24 тун рентген туяа авах ёстой гэж бодоход цээжний зураг авалтаар нэг удаа харуулахад л 12 тун авах жишээтэй. Гэтэл иргэдийн дунд нийтлэг байгаа нэг дутагдалтай тал нь өвдөг өвдлөө, цээж өвдлөө гэх зэргээр рентгенд харуулах нь эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, эмч “Рентгенд харуулах шаардлагагүй” гэж хэлсэн ч энэ үгэнд нь иргэдийн сэтгэл ханадаггүй. Ер нь толгойны рентген зураг ямар ч шаардлагагүй байхад авахуулсаар л байдаг. Гэтэл дэлхий дахинд хорт хавдар үүсгэдэг хамгийн хүчтэй цацрагийг рентген туяа гэж үздэг бөгөөд дараа нь соронзон орон, соронзон долгион орж байгаа юм. Нэгдсэн эмнэлгийн үүдэнд рентген зураг авахуулах хүмүүс дугаарлаж зогсохдоо “Рентген цацраг аюултай” гэж хаалган дээр бичсэнийг ер тоолгүй, хаалга онгойлгоод зогсоод байдаг. Гар утсаа чихэндээ байнга ойр байлгах нь эд эс, нөхөн төлжилт, ургалтыг нь зогсоох аюултай. Техник, технологийн хөгжилтэй холбоотой гарч байгаа олон төрлийн өвчлөлөөс сүүлийн үед өнчин тархины хавдар зонхилох болсон нь ч ийм учиртай.

-  Хүүхдийн тархины даралт элбэг болсон шиг санагддаг. Шөнө унтахгүй байна гээд тань руу залгах үе бишгүй л гардаг байх. Эмч нар тархины даралтыг юу гэж тайлбарладаг вэ?

-Тархины даралт нь хүчилтөрөгчийн дутагдлаас үүдсэн тархины эмгэгшил юм. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг. Гэтэл ээжүүд ачаалал ихтэй ажиллаж, тайван бус байснаас хэвлий дэх ургаа цусан хангамжаар дутааж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулах нь элбэг байна. Төрөлт хэвийн явагдсан ч 1-2 сарын дараа хүүхдээ тэврээд ирэх нь их. Энэ нь архаг хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхдүүдэд түгээмэл тохиолддог шинж тэмдэг юм. Жирэмсэн эхчүүд “Тонус өгөөд байна” гэж их ярьдаг. Энэ нь мөн л стрессээс үүдэлтэй гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ үзүүлж байгаа хүүхдийн дйилэнх нь хөнгөн хэлбэрээр буюу зөвхөн уйлдаг, тархины сэргээх чанар ихэссэнээс унтаж чадахгүй болсон байдаг. Энэ бүхний үүсэл нь эхийн эрүүл мэндтэй, тайван бус жирэмслэлттэй холбоотойг ээжүүд сайн ойлгох хэрэгтэй. Жирэмсэн, амаржсаны хоног хүртэл шинжлэх ухааны үндэслэлтэй.

-   Танай эмнэлгийн хамт олон ямар төрлийн үйлчилгээг санал болгож байна вэ?

-Уналт таталттай хүмүүст тархины цахилгаан бичлэг хийх, нойрны буюу сэргэг үеийн бичлэг хийж, дэлхийн хэмжээний стандартын уналтын эсрэг эмээр үйлчилж, тархины судасны бичлэгээр нарийслыг оношилж, үйлчлүүлэгчиддээ 15 ортой хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг санал болгож байна. Мөн уламжлалт зүү, бариа засал, физик эмчилгээ, массажны аппаратаар үйлчилгээ үзүүлнэ.

-   Тархины эмчилгээнд эмийн жор чухал байдаг тухай ярилаа. Дур мэдэж эм уухгүй байх талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?

-Зөв онош, зөв эмчилгээний сонголт тухайн хүнийг эрүүл болгоно. Заавал үнэтэй эм тариа нөлөөлнө гэсэн өрөөсгөл ойлголттой байж болохгүй. Энгийн эмэнд дарагддаг өвчлөл гэж бий. Оношоо олохгүйгээр дэмий зүйлд мөнгө үрж, өөрт хэрэгцээгүй эм авах нь хамгийн буруу алхам гэдгийг ойлгоосой. Ээжүүд ярилцаж суухдаа нэгнийхээ зөвлөгөөг дагаж, Д витамины дутагдлаас үүдэн рахиттай болж байгаа хүүхдээ тархины даралттай гэж буруу оношлох үе ч байдаг. Энэ бүхний эцэст дүгнэж хэлэхэд зөв оношоор, стандартын дагуу эмчилгээ хийлгэж эрүүл болох боломж хүн бүрт байгааг мартаж болохгүй.

-  Тодорхой сэдвийн хүрээнд ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Эрдэнэтчүүддээ эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе. Та бүхнийхээ эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зогсож, чанартай, хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэхийг бид ямагт эрхэмлэх болно.

Ирж буй шинэ оны гал халуун мэндийг уламжилъя. Айл бүрт инээд хөөр цалгиж байх болтугай.

 

Ярилцсан:Erdenetlife.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.