С.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрийн захиргааны ажилчдын бус мэргэжлийн, ачаалал өндөр ажилчдын цалинг 30-50% нэмэгдүүлэх шаардлагыг дэмжинэ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид өнөө өглөө ажил хаясан асуудлаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ. 

МҮЭХ-ноос Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажил хаялтын хурц тэмцэлд байгаа энэ үед Г.Ёндон захирлаар ахлуулсан хамтын гэрээний хэлэлцээрийн шинэ бүрэлдэхүүнийг томилж, хэлэлцээр хийхийг уриалав. Мөн шийдвэр гаргах дээд албан тушаалтнууд нь өөрсдөө оролцож асуудлыг шийдэх хэрэгтэй гэлээ. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Төсвийн тодотголоор төрийн байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн цалин хөлс сүүлийн 10-аад жилийн түвшинд авч үзэхэд инфляцыг нөхөх хэмжээний төдий л явж ирсэн байна. Одоо үйлдвэрийн ажилчид инфляцын түвшин дээр нэмээд бодит цалингийн нэмэгдэл шаардлагатайг хэлж байсан.

Үүний дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулах санал шаардлага тавьж ирсэн ч өчигдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадсангүй. Иймд өнөө өглөөнөөс авто тээврийн цехийн болон ил уурхайн хэсэгчлэн ажил хаялтыг хийсэн байна. Гэхдээ ажил хаялт нэг номерын зорилго биш.

Үйлдвэрийн захиргааны зүгээс өнөөдөр мэдээлэл хийхдээ 15 хувиар гурван жил дараалан цалин нэмье гэж байгаа боловч үйлдвэрчний эвлэлээс зөвхөн 50 хувь дээр хатуу зогсож байна гэсэн мэдээлсэн. Гэхдээ захиргааны зүгээс 15 хувь хүртэл нэмэх боломжтой гэж хэлсэн юм. 

Дэлхийн хэмжээний уурхайчдын цалин хөлстэй харьцуулж яриагүй. Ажлын ачааллаас нь хамааруулаад цалин хөлс орлогыг 30-50 орчим хувиар нэмэгдүүлээч гэж байгаа. Зарим захиргааны ажилчдын цалинг тэр 15 хувь хүртэл нэмж болно. Харин үйлдвэрийг гар дээрээ авч яваа чухал мэргэжлийн, ачаалал өндөр хэсгийн ажилчдын цалинг нэм.  

МҮЭХ-ны зүгээс үйлдвэрийн Захиргаанаас гаргасан мэдэгдлийг сая харсан. Дундаж цалинг дөрвөн сая төгрөг гэж хэлж байна. Үйлдвэрийн захирал удирдлагууд нь 40, 50 сая төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл бий.

Үйлдвэрийн чухал мэргэжлийн ажилчид, ачаалал өндөртэй ажилчдын орлогыг нэмэгдүүлэх шаардлагыг МҮЭХ дэмжиж байна. Үйлдвэрийн ажилчдын цалин 500 орчим ам.доллар, дундаж цалин нь 1,100 орчим ам.доллароос эхэлж байна. 

Эрдэнэтийг жижиг уурхай шиг төсөөлж болохгүй. Олон улсын уурхайн цалин хөлсийг тооцвол дор хаяж 5,000 ам.доллароос дээш байгаа" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%