Г.Ёндон: Эрдэнэт үйлдвэр цалингаа 30 хүртэл хувь нэмнэ, цаашдаа үйлдвэр цомхон бүтцээр ажиллана

Эрдэнэт үйлдвэр 2023 онд хэрхэн ажилласан талаарх мэдээллийг Ерөнхий захирал Г.Ёндон өнгөрсөн 29-ний өдөр сэтгүүлчдэд танилцуулсан юм. Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны үйл ажиллагаанаас зарим голлох үзүүлэлтийг дурдъя.

  • Эрдэнэт үйлдвэр 2023 онд 39.7 сая тонн хүдэр олборлож, 37.3 сая тонныг баяжуулжээ. 2024 онд 40 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонн хүдэр баяжуулахаар төлөвлөсөн байна.

  • Эрдэнэт үйлдвэр 45 жилийн ойн дээрээ буюу 2023 онд борлуулалтын орлого анх удаа 4 их наяд төгрөг давж, түүхэн амжилт тогтоожээ.

  • Урьдчилсан тооцоогоор 2023 онд 819 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

  • Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт 2 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

  • Монголбанкинд 1.1 тэрбум ам.долларыг төвлөрүүлж, улсын валютын нөөцийг зузаатгажээ. Энэ нь улсын валютын нөөцийн дөрөвний нэгийг эзэлж байна.

  • Хүдрийн агуулга 2016 онд 0.510 байсан бол 2023 онд 0.410 болжээ. Жил ирэх тусам Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн агуулга буурч байгаа бөгөөд 2024 онд 0.380 болох төлөвтэй байна.

  • Монгол Улсын ажиллах хүчний 0.6 хувийг, ДНБ-ий 6.3 хувийг, экспортын 9.4 хувийг, улсын төсвийн 10.5 хувийг Эрдэнэт үйлдвэр бүтээж байна.

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндонгоос зарим асуудлыг тодрууллаа. 

-Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлээс цалин нэмэхийг шаардаж, ажил хаясан. Ирэх онд цалин нэмэх үү, ямар тохиролцоонд хүрсэн вэ?

-Эрдэнэт үйлдвэр хамтран үйлдвэр байх цагаасаа жил бүр цалин нэмдэг байсан. Зарим жил бүр 70 хувь нэмж байсан он ч бий. Хамтарсан үйлдвэр байхдаа Монголын хуулиар бус олон улсын гэрээгээр явдаг байсан.

Мэдээж үйлдвэр ашигтай ажиллаж байж цалин, урамшуулал нэмэх асуудал яригддаг. Миний хувьд ажлаа аваад цалингийн асуудлыг судалсан, цалин нэмэх боломжууд гарсан. Ажилчдын цалин Эрдэнэт үйлдвэрийн нийт зардлын 14-15 хувийг эзэлдэг бөгөөд энэ нь тийм өндөр үзүүлэлт биш. Харин зэсийн баяжмалын үнэ буурч, үйлдвэр алдагдалтай ажиллаад эхэлбэл цалин нэмэх битгий хэл үйл ажиллагаа зогсоно. Тиймээс балансыг барьж явах нь хамгийн чухал.

Эрдэнэт үйлдвэр сүүлийн зургаан жилийн хугацаанд жил бүр 10 хувиар цалинг нэмж ирсэн. Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Эрдэнэт үйлдвэрт ажиллахад 2024, 2025 онд нийт ажилчдын цалинг 15, 15 хувиар нэмэх боломжтойг хэлэлцэж, дэмжсэн. Намар энэ хувиар цалинг нэмэхийг толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ын удирдлагуудтай зөвшилцсөн.

Харин ажилчдын зүгээс 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс цалинг 50 хувиар нэм гэж шаардсан. Хоёрт, уурхайчдын хүүхдийг Эрдэнэт үйлдвэр үргэлжлүүлэн ажиллуулах замаар ажлын байрыг нь өвлүүлдэг болох шаардлага тавьсан.

Би үйлдвэрийн удирдлагын хувьд цалинг 50 хувь нэмэх боломжгүйг шууд хэлсэн. Энэ нь үйлдвэрийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тул боломжгүй юм. Үйлдвэрчний эвлэлтэй дахин ширээний ард сууж энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид цалинг 30 хувь хүртэл хэмжээгээр нэмэх чиглэл гаргасан. Ингэхдээ 2024 онд үйлдвэрийн үр ашигт оролцож буй байдлаар нь 30 хүртэл хувиар нэмнэ, харин 2025 онд цалин нэмэхгүй гэдэг дээр санал нэгдсэн.

-Хоёр дахь шаардлага буюу уурхайчны хүүхдийг уурхайд ажиллуулахыг хэрхэн шийдэх вэ?

-Энэ бол боломжгүй зүйл. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрт ийм зүйл байсан юм байна лээ. Харин 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс байхгүй болгосон. Учир нь, Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл байдал тогтмол хүндэрч байгаа энэ нөхцөлд чадварлаг, цомхон бүтцээр ажиллахгүй бол болохгүй байна. Иймд зөвхөн сонгон шалгаруулалтаар хүмүүсээ авъя гэж шийдсэн. Ажлын байранд шинэчлэл хийж, үр ашигтай ажиллах шаардлага үүсч байгаа. Нэгд, ажлын байранд тохирохгүй мэргэжлээр ажиллаж байгаа асуудлыг тодорхой болгоно. Хоёрт, Боловсролын яаман дээр дээд боловсрол, дипломын бүртгэлийн асуудлыг шалгаж нягталж байна. Гуравт, 2024 онд чиг үүргийн шинэжилгээг бүх ажлын байранд хийнэ. Өмнө нь хийлгэхэд нийт ажилчдын гуравны нэгийг нь цомхотгох хэрэгтэй гэсэн дүн гарч байсан. Тиймээс бид дахин энэ шинжилгээг хийж, илүү цомхон мэргэжлийн хүмүүсийг сонгож авдаг чиглэл рүү орно. Уурхайчин хүмүүс хүүхдүүдээ сайн боловсролтой болгохын төлөө явах ёстой болохоос биш ажлын байр өвлөгдөж болохгүй. Ажлын байр бол хааны титэм, хааны суудал биш.  Тиймээс өвлөгддөгүй ёстой гэсэн байр суурьтай байна.

 

Эх сурвалж: Itoim.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%