2021 оны спортын календарь: Онцлох 12 тэмцээн

Коронавируст цар тахал 2020 оныг самарсны улмаас спортын олон тэмцээн 2021 онд болохоор хойшлогдсон. Хүн төрөлхтний түүхэнд тодоор үлдэх жилийн дараах энэ он спортын түүхэнд тодоор бичигдэж магадгүй байна.

2021 онд биднийг хөл бөмбөгийн ЕАШТ, Олимп, Паралимп, Рагбийн Зургаан үндэстэн зэрэг сонирхолтой, гайхалтай үйл явдлууд хүлээж байгаа юм.

 

Хоёрдугаар сарын 06-наас гуравдугаар сарын 20. Rugby Union 2021 Six Nations

 

 

Уламжлал ёсоор Англи, Уэльс, Франц, Ирланд, Шотланд, Итали гэсэн зургаан улсын хооронд болдог Рагбийн 22 дахь удаагийн “Six Nations” тэмцээн ирэх сард эхэлнэ. Өнгөрсөн жилийн аварга Английн шигшээ баг тэмцээнийг Лондон хотноо Шотландын шигшээ багийг хүлээн авч нээх бол сүүлийн тоглолт гуравдугаар сарын 20-нд Франц, Уэльсийн хооронд болох юм.

 

Хоёрдугаар сарын 08-21. Австралийн их дуулга

 

 

Цар тахал гарснаас хойш зохиогдож буй талбайн теннисний гурав дахь их дуулга ирэх сард Мельбурн хотноо эхэлнэ. 109 дэх удаагийн Австралийн их дуулгаар өнгөрсөн онд найм дахь Австралийн их дуулгад түрүүлсэн Новак Жокович аваргаа хамгаалан тоглох юм.

Харин түүний гол өрсөлдөгч Рожер Федерер өвдөгний бэртлийн улмаас анх удаа Австралийн их дуулгыг өнжихөөр болсон. Мөн өнгөрсөн оны АНУ-ын их дуулгаас анхны түрүүгээ авч, Австралийн их дуулгын финалд Жоковичид хожигдсон Австрийн Доминик Тим даагаа нэхэх болно.

 

Хоёрдугаар сарын 7. Super Bowl

 

 

NFL буюу Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн аваргыг шалгаруулах тоглолт хоёрдугаар сар бүрийн эхний ням гарагт болдог уламжлалтай. Энэ жилийн тэмцээн Флорида мужийн Тампа хотын Реймонд Жеймс цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

 

Гуравдугаар сарын 21-ээс арванхоёрдугаар сарын 5. Formula 1

 

 

Суудлын автомашины хамгийн дээд зэрэглэлийн тэмцээн болох Formula 1-ийн эхний гараа гуравдугаар сарын 21-нд болно. Энэ удаагийн Австралийн гараанд алдарт Михаэл Шумахерын хүү Мик Шумахер Formula 2-оос дэвшин гарч эхний уралдаандаа оролцох юм.

Formula 1-ийн долоон удаагийн аварга Михаэл Шумахерын дээд амжилтыг гүйцэж энэ жил найм дахь түрүүгээ авахаар Льюис Хамилтон зориглож байна. Их Британийн оны хамгийн нэр хүндтэй тамирчнаар тодорсон түүний эхний гараа ямар байх нь 2021 оны өнгийг тодорхойлно.

Нийт 23 гараанд арван багийн 20 тамирчин уралдахаас Макс Верстаппен, Чарль Леклер нарын шилдэг залуус амжилтаа ахиулахаар хүлээж байна.

 

Дөрөвдүгээр сарын 8-11. Мэргэжлийн гольф

 

 

Мэргэжлийн гольфын дөрвөн том тэмцээн/major/-ий нэг “The Masters” дөрөвдүгээр сарын 8-нд АНУ-ын Агаста хотод эхэлнэ. 2020 оны The Master мейжорт түрүүлсэн Дастин Жонсон аваргаа хамгаалж тоглох бол түүний гол өрсөлдөгч нь дөрвөн удаагийн мейжорын аварга Рори МакЛлори болон Ли Уэствүүд, Жон Рам нар байх юм. 

Харин US Open мейжор зургаадугаар сарын 17-20, PGA Championship мейжор тавдугаар сарын 20-23, One Championship мейжор долоодугаар сарын 15-18-ны хооронд болно.

 

Тавдугаар сарын 9. Аваргуудын лигийн финал

 

 

Европын хөл бөмбөгийн холбооны Аваргуудын лигийн финал тавдугаар сарын 9-нд Туркийн Истанбул хотын Ататуркийн нэрэмжит олимпын цэнгэлдэх хүрээлэнд болно. 2019-2020 оны улирлын аварга Германы Байерн Мюнхен клуб аваргын цомоо хамгаалахын төлөө тоглох бөгөөд шөвгийн 16-д Италийн Лацио клубтэй таарсан.

Харин өнгөрсөн улирлын финалд хожигдсон Францын ПСЖ клуб Испанийн Барселона клубтэй тоглох бол Английн итгэл найдвар болсон Ливерпүүл, Манчестер Сити багууд хоёул Германы багтай таарсан байна.

 

Таваас зургаадугаар сар. NBA final

 

 

Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх тоглолт тавдугаар сарын сүүл эсвэл зургаадугаар сарын эхэнд болно. Цар тахалтай холбоотойгоор үзэгчгүй эхэлсэн энэ улирал цаашид ч үзэгчгүй болох магадлалтай байгаа ба плэй-оффын тоглолтууд гуравдугаар сард эхлэх төлөвтэй байна.

 

Зургаадугаар сарын 11-ээс долоодугаар сарын 11. EURO 2020

 

 

Хөл бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн, цар тахлын улмаас хойшлуулаад байсан, дөрвөн жилд нэг удаа болдог Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн /ЕАШТ/ зургаадугаар сарын 11-нд эхэлнэ. Нийт 51 тоглолтыг 12 хотод зохиохоор төлөвлөж байгаа ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж магадгүй байна.

Энэ удаагийн тэмцээний өмнөх жилүүдээс ялгарах гол онцлог нь 12 өөр улсыг дамнан зохиогдох явдал байсан юм. 2016 оны Европын аварга Португалийн шигшээ баг цомоо хамгаалах бол VAR /Video assistant referee/ анх удаа ЕАШТ-д ажиллана.

 

Зургаадугаар сарын 26-аас долоодугаар сарын 18. Tour de France

 

 

Франц болон түүний эргэн тойрон дахь улсуудыг дамнан 21 өдрийн турш зохиогддог Tour de France мэргэжлийн дугуйн спортын тэмцээн зургаадугаар сарын 26-нд эхэлнэ. 1903 оноос хойш зохиогдож буй тус тэмцээний 2020 оны уралдаанд Словенийн Тадей Погачар түрүүлсэн юм.

 

Зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 11. Wimbledon

 

 

Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Wimbledon зургаадугаар сарын 28-нд уламжлал ёсоор Английн Лондон хотноо эхэлнэ. Тус тэмцээнийг өнгөрсөн жил цар тахлын улмаас хойшлуулсан бөгөөд энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш болоогүй явдал юм.

Зүлэгтэй талбай дээр болдог их дуулгад хамгийн олон удаа буюу 8 түрүүлсэн Швейцарын Рожер Федерер өвдөгний бэртлээ эдгээж амжвал тэмцээнд оролцох боломжтой. Гэвч тэрээр сүүлийн хоёр удаагийн тэмцээний түрүүгээ Новак Жоковичид алдаад байгаа юм.

Харин шороон талбайтай Францын их дуулга зургаа, асфальтан талбайтай Америкийн их дуулга наймдугаар сард болох юм.

 

Долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8. Олимп

 

 

29 дэх удаагийн зуны олимп Токио 2020 цар тахлын улмаас хойшлогдож 2021 оны долоодугаар сард болохоор болсон. Энэ удаагийн наадамд нийт 206 орны 11 мянга орчим тамирчин оролцох төлөвлөгөөтэй байгаа ба 33 спортын төрлөөр өрсөлдөх юм.

Түүхэндээ анх удаа бүхэлд нь хойшлуулсан зуны олимп 15 хоног үргэлжлэх ба үзэгчгүй болох эрсдэлтэй байна. Олимп зохиогдох Японы Токио хот гэлтгүй дэлхий даяарх цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч байгаа нь олимпын наадмыг дахин хойшлуулах эсвэл цуцлах нөхцөл ч үүсгэж мэдэх юм.

 

Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5. Паралимп

 

 

16 дахь удаагийн зуны паралимп Японы Токио хотод наймдугаар сарын 24-нд эхлэх бөгөөд 22 спортын төрөлд 4400 орчим тамирчин өрсөлдөнө. Энэ нь паралимпын наадмыг Токио хотод зохиож буй хоёр дахь тохиолдол бөгөөд өмнө нь 1964 оны Токиогийн зуны олимпын үеэр болж байв.

Энэ удаагийн наадмаар дарвуулт завь, хөл бөмбөгийн тэмцээний оронд таеквондо, бадминтоны спортын тэмцээн анх удаа зохиогдоно.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.