С.ЦЭРЭНСАМБУУ: Эрдэнэт рүү хулгайн замаар орж ирсэн болон гарч явах зар тавьсан тээврийн хэрэгслүүдийг журамлана

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд тэр дундаа Улаанбаатар хотод халдвар өндөр байгаа энэ цаг үед  Орхон аймгийн хэмжээнд нэмэгдүүлсэн явууллын пост ажиллуулж, хүч нэмэгдүүлээд байна.

Энэ удаад аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуугаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Эрдэнэт рүү нууцаар буюу хулгайн замаар орж ирж байгаа иргэд өндөр эрсдэлтэй бүлэгт тооцогдох байх. Сүүлийн өдрүүдэд аймгийн хэмжээнд эрчимжүүлсэн байдлаар ажиллахдаа хулгайн замыг бүрэн хяналтандаа авч чадсан уу?

-Иргэдийн гаргаж байгаа үйлдэл л дээ. Түүнээс биш төрийн захиргааны байгууллагуудаас төрийн үйлчилгээ явуулахын тулд янз янзын замаар явж байгаа хэрэг биш юм. Иргэдийн хувиа хичээсэн энэ үйлдлээс болж том эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас Орхон аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас хамтарсан эргүүл шалгалтуудыг хийж байна.

Үндсэндээ 8 маршрутаас олон газар бий. Бид зохих зөвшөөрөлгүйгээр хот руу орж ирж байгаа тээврийн хэрэгслийг журамлаж, холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авна. Үүрэг гүйцэтгэж байгаа төрийн тусгай чиг үүрэгтэй албан хаагчдын хувьд амаргүй нөхцөлд ажиллаж байгааг та бүхэн ойлгох хэрэгтэй. Эрдэнэтээс гарч явахаар унаа хайж байна гэсэн зарууд байна. Тэдгээр хүмүүсийг шалгаж, дуудах уулзах, утсаар ярих ажлыг зохион байгуулна. Явах тухай зар тавьсан тээврийн хэрэгслүүдийг журамлана. Эцэст нь хэлэхэд, ард иргэдийн дунд өвчнийг тархаахгүй байхын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ л гэж ойлгох хэрэгтэй.

-Хулгайн замаар нэвтэрсэн иргэдэд арга хэмжээ авч байгаа талаар. Эдгээр хүмүүс аль аймаг хотоос  нэвтэрсэн юм бэ?

-Маршрутыг тодорхой хэлэх боломжгүй. Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай гэсэн голомттой газруудаас ирэх чиглэл, урсгалын гол замууд дээр хяналт тавьж байна.

Ер нь постын мэдээллийг ч нууцлах ёстой бид гэнэтийн хяналт шалгалтуудыг явуулын постуудаар хийж байгаа.

-Цагдаагийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах тал дээр ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-Цаг агаар ямар байгааг та бүхэн мэднэ. Энэ хүнд нөхцөлд алба хаагчид маань үүрэг гүйцэтгэж байна.

Албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа нарынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс ариутгал халдваргүйтгэлийг хийж, амны хаалтаар ханган, халуун хоолны асуудлыг шийдвэрлэж байгаа боловч хүн бүрий санасан хэмжээнд хүрэхгүй л байна. Цаана нь эдийн засгийн асуудал яригдаж байгаа.

-Манай алба хаагчид Сэлэнгэ аймагт үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Энэ мэт өөр аймагт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид бий юу?

-Одоогоор өөр аймагт үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа байхгүй. Сэлэнгэ аймагт ажилласан цагдаа нарыг тусгаарлалтад байлгаж, PCR шинжилгээг 2-3 удаагийн давтамжтай өгсөн.

Халдавр хамгааллыг журмын дагуу барьж, шинжилгээний хариу сөрөг гарсан тул бүгд үүргээ гүйцэтгэхээр албан ажилдаа орсон байгаа.

-Цагдаа нарт  өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ачаалалтай ажиллаж эхэлснээс хойш  нэмэлт урамшуулал олгосон уу?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Монгол Улсын Засгийн газарт хандсанаар үүрэг гүйцэтгэсэн нийт албан хаагчдад 800 мянган төгрөгийн урамшуулал олгосон.

-Хөл хорионы үед Улаанбаатар хотод хүчирхийлэлтэй холбоотой дуудлага өндөр хувийг эзэлж байна. Манай аймагт энэ төрлийн дуудлага хөл хорионы үер хэр их ирсэн вэ?

-Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг, зөрчлийн дуудлага эрс багассан. Аймгийн Онцгой байдлын комиссоос захирамж гаргаад, архи согтууруулах ундааны зүйлийг худалдан борлуулахгүй байх үед гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бага байсан. Зөвшөөрлийг нээснээс хойш ахуйн хүрээний архидалт гарч байна. Энэ нь ердийн үе буюу өмнө оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа боловч ахуйн хүрээний архидалт байсаар байна.

Зарим иргэд архи худалдан борлуулахыг яагаад дэмжээд байна, ард нь хань ижил, үр хүүхэд, аав ээж, найз нөхдөдөө түгшүүр авчирсан хар бараан идээ гэдгийг ойлгохгүй юм.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын амгалан тайван байдал алдагдуулах гэх мэт архинаас үүдэлтэй гэмт хэрэг нэлээдгүй хувийг эзэлдэг л дээ. Цагдаагийн байгууллагын зүгээс архидан согтуурахтай тэмцэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Архигүй Эрдэнэтчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн санаачлага гаргаад байгаа. Цар тахлын хөл хорионоос шалтгаалан үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулсан. Манай аймгийн хувьд хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бага байсан.

-Архи худалдан борлуулж байгаа “шагчид”-тайгаа хэрхэн тэмцэж байна вэ?

-Хувиараа архи дамлан худалдаж байгаа иргэдэд Цагдаагийн байгууллагын зүгээс Зөрчлийн тухай хуулийн дагуу авах ёстой арга хэмжээгээ авсан. Хорионы үед хоёр иргэнд 10 болон 20 хоногоор баривчлах арга хэмжээ авсан. Иргэд зөв хандлагатай байж архи, согтууруулах ундааг тодорхой хэмжээнд хэрэглэнэ. Ухамсарын л асуудал.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.