" Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө" газрын дарга  Б.Бат-эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Цар тахалтай холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнийг дур мэдэн нэмж худалдаалах зөрчил их байна. Энэ асуудалд танай байгууллага хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос гарсан тогтоол шийдвэрийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар ШӨХТГ-аас үнийн хөөрөгдөл болон зохиомол хомстол үүсгэхгүй байхыг хянан ажиллаж байна. Хүнсний тухай хуулийн дагуу стратегийн хүнстэй холбоотой асуудалд манайх хяналт тавьж ажилладаг. Стратегийн хүнсэнд мах, гурил, будаа гэх мэт өргөн хэрэглээний бараа орно.

Үнийн хөөрөгдөл гэдэг нь тухайн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байсаар байтал худалдаа эрхлэгчид үгсэн хуйвалдах замаар үнээ дундаа тохироод тодорхой хэмжээнд үнэ өсгөж байгаа явдлыг хэлдэг. Өнгөрсөн хугацаанд зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж ирлээ. Нийлүүлэлт хэвийн байтал зарим аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчид өдөр тутмын нийлүүлэлтээс тодорхой хэмжээг нь цааш нь далд авч хийх, худалдаалахгүй хадгалах замаар зах зээл дээр хомстол үүсгэдэг. Эргээд хадгалсан бараагаа үнэ нэмж зохиомол үнэ бий болгодог. Энэ дээр манай байгууллага тогтмол хяналт, шалгалт явуулж ажиллаж байна.

-Нэмэгдсэн өртгийн албан татвар НӨАТ-ын сугалааны тохирол хууль бус байна. Сугалааг зохион байгуулагчид сугалаагаар өөрсдөө олон удаа эсвэл их хэмжээний мөнгө хожиж байна гэсэн хардалт нийгэмд бий болсон. Энэ асуудлыг танай байгууллага шалгасан. Ямар хариу гарсан бэ?

-Сугалааны бөмбөлөг дээр зөрчил, дутагдал гараагүй. Бид мэдээлэл технологийн асуудлыг нь шалгаж байна. Мэдээлэл технологийн ажилтан нь 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожсон гэдэг хардлага нийгэмд бий болсон. Энэ хардлагыг тайлж, хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа.

Ажлын байр, мэдээлэлд ойроороо дамжуулж хонжвор хожсон эсэхийг тогтооно. Өмнө нь ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа ажилтнуудыг болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн нэрсийг гаргаж ирж байгаад шалгаж байна. Нөгөө талдаа их хэмжээний мөнгө хожсон, олон удаагийн давтамжтай мөнгө хожсон хүмүүсийн асуудлыг шалгах ажиллагаа явагдаж байна. Маш олон хүнтэй холбоотой асуудал учраас цаг хугацаа орж байгаа.

-НӨАТ-ын азтан тодруулах сугалааг болиулах санал хүргүүлж байгаа юм байна?

-Саяны НӨАТ-ын сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийлээ. Энэ долоо хоногт хяналт шалгалтын дүн эцэслэнэ. Түүний дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх ба НӨАТ-ын сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх сугалаа нь НӨАТ-ын хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бөгөөд тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Гэвч тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон.

СОШИАЛД ЯВЧ БАЙГАА АЗТАН ШАЛГАРУУЛАХ СУГАЛАА, ТОГЛООМООС БОЛЖ МАШ ОЛОН ИРГЭН ХОХИРЧ БАЙНА. ТИЙМЭЭС НӨАТ-ЫН СУГАЛААГ БОЛИУЛАХ САНАЛАА ХҮРГҮҮЛСЭН.
АМГТГ-аас АИ92 шатахууны үнийг цаашид нэмэхгүй тогтвортой барина гэж мэдэгдсэн ч импортлогчид тийм боломжгүй гэдэг мэдэгдэл гаргасан. АИ92 шатахууны үнийг нэмбэл шөхтгаас хэрхэх вэ?

-Өнгөрсөн оны наймдугаар сард би томилогдоод гол анхаарал хандуулсан асуудал нь газрын тостой холбоотой ажил байсан. Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр унаад байхад манай улсад үнэ нь яагаад буурахгүй, тогтвортой байдаг юм бэ. Дагаад үнэ нь унах ёстой. Өмнө нь шатахууны үнэ нэмэгдэхэд дагаж өссөн бараа бүтээгдэхүүний үнэ адилхан буурах ёстой. Тэр утгаараа Ашигт малтмал, газрын тосны газар, Хүнс импортлогчдын холбоо болон бусад салбар холбоонуудтай уулзалт хийсэн. Засгийн газар, импортлогчидтой үнэ тогтвортой байх үүднээс АИ92 шатахууны хувьд тогтсон үнээр гэрээ байгуулсан.

“Шатахууны үнэ буулгах асуудлыг импортлогч нартай ярихаар Засгийн газартай хийсэн гэрээ, хэлэлцээр ярьчхаад дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэхээр бид одоо үнээ нэмнэ гэдэг асуудлыг битгий яриарай. Энэ бол шударга бус зүйл шүү” гэдгийг тухайн үед бид хэлж байсан. АМГТГаас мэдээлснээр бол АИ92 шатахуунаас бусад түлшний үнэ зах зээлийн жамаараа явна гэж ойлгож байгаа. Импортлогчид газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдвэл АИ92 шатахууны үнэ ч нэмэгдэнэ гэж мэдэгдсэн. Одоохондоо хараахан үнэ нэмэгдээгүй байна. Үнэхээр үнэ нэмэгдвэл бид хяналт явуулна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн мэдээллийг бид өдөр тутам авч байгаа. Монгол Улсын хэмжээнд шатахууны үнэ болон нөөцийн хэмжээг долоо хоног тутамд авдаг.

-Шинэ жилийн баярын үеэр хуурамч оргилуун дарс үйлдвэрлэсэн гэх “Цэс хайрхан” компанид ямар хариуцлага тооцсон бэ?

-Тухайн оргилуун дарс үйлдвэрлэгч компанийн хувьд хаяг, шошгоны асуудал үүссэн. Хоёр янзын асуудал байгаа юм. Нэгдүгээр “Luxurious" шампанскийг үйлдвэрлэхдээ “Советское" оргилуун дарсны шил ашигласан байсан. Үүнийг хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт “Luxurious”, “Советское" оргилуун дарс нь хоёулаа хэрэглэгчийг төөрөгдүүлэх хаяг, шошготой бүтээгдэхүүн. Тухайлбал, “Советское” шампанскийг монголчууд өнөөдрийг хүртэл ОХУ-д үйлдвэрлэсэн оргилуун дарс гэж ойлгож ирсэн. Гэтэл “Советское" шампанск нь Монголд үйлдвэрлэдэг юм байна. Мөн хаяг нь орос хэл дээр буюу хэрэглэгчийг төөрөгдүүлэхээр байсан.

Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 12.6-д “Импортын бараа бүтээгдэхүүний хаяг нь монгол эсвэл англи, орос хэл дээр байж болно” гэсэн заалт бий. Тиймээс импортын бүтээгдэхүүн гэж харагдуулахаар үйлдвэрлэсэн зөрчил юм. Энэ асуудал дээр зөрчлийн хэрэг үүсгээд татварын байгууллага, Оюуны өмчийн газар, Гаалийн ерөнхий газар, мэргэжлийн байгууллагаас дүгнэлтүүдийг аваад дуусаж байна. Тухайн компанийг 20 сая төгрөгөөр торгох саналыг прокурорын байгууллагад танилцуулсан.

-Хатуу хөл хорионы үед махны үнийг ижил түвшинд барихад танай байгууллага хяналт тавьж ажилласан. Хэр үр дүнтэй байв?

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед нэг ижил үнэтэй барихад бодлого барьж ажилласан. Яагаад гэхээр иргэд зах, томоохон худалдааны төв рүү очоод мах худалдан авах боломжгүй хориотой байсан учраас тийм бодлого баримталсан. Дэлгүүрүүдийг үгсэн хуйвалдаж үнээ нэмэхгүй байх, хомстол үүсгэхгүй байхыг анхааруулж хяналт тавьж ажиллалаа. Харин одоо хөл хорио тодорхой хэмжээнд тавигдсан учраас иргэд аль дуртай хүнсний төв, супермаркетаас махаа худалдан авах боломжтой болсон. Бид ямар нэгэн хязгаарлалт хийхгүй байгаа. Ер нь махны үнэ дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэрэглэгчид махны үнийг нэг түвшинд байх ёстой гэж хараад байдаг.

Зах, худалдааны төвийн махны үнэ, супермаркет, дэлгүүрт ч ижилхэн 12500 байх ёстой гэж хэрэглэгчид үздэг. Тийм байх боломжгүй. Тухайн худалдан борлуулж байгаа газруудаас гарч буй зардал нь өөр өөр байдаг шүү дээ. Хоёрдугаарт зах, худалдааны төвөөс супермаркет, хапермаркетууд махаа бөөний үнээр худалдан авч борлуулдаг. Өөрсдөө шууд нийлүүлэлтээ авдаггүй. Тэгэхээр ижил түвшинд барих боломжгүй.

-“Хүчит шонхор” захын махны худалдаачид хяналт шалгалтынханд нэг үнэ, худалдан авагч нарт бас өөр үнэ үзүүлдэг гэсэн асуудал бий. Үүнийг танайх цэгцэлж байх шиг байна?

-Одоо тийм асуудалгүй болж байна. Лангуу болгон дээр үнийн мэдээллийн самбар байрлуулдаг болсон. Мөн QR кодоо байрлуулах шаардлага тавьж байгаа. Гуравдугаарт мал эмнэлгийн лабораторийнхоо кодыг байрлуулах үүрэг өгч байна. Мал эмнэлгийн ажиллаж буй хэсэг дээр очоод тухайн махны кодыг хийгээд угсаа гарвалаас нь авахуулаад эрүүл ахуйн бичгийг нь үзэж болно.

-ШӨХТГ-аас ойрын хугацаанд томоохон ямар ажлууд санаачлан хэрэгжүүлэх вэ?

-ШӨХТГ 2021 онд бодлогын судалгааны 16 том ажил эхлүүлэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэ ажлуудаа хийж дуусгах шаардлагатай. Би ажилдаа ороод өнгөрсөн таван сарын хугацаанд нийгэмд байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, хэрэглэгч болон аж ахуй нэгжүүдэд чиглэсэн үйл ажиллагаануудыг ядаж нэг шатаар дээшлүүлээд ажиллаж буй болов уу гэж бодож байна. Мөн шийдвэрлэвэл зохих 76 асуудлыг гаргаж ирэхээр санал асуулга явуулаад эхэлсэн.

УИХ-ын 76 гишүүнд нэг нэг асуудлыг тавина. Иргэдэд тулгамдсан ямар асуудал байна гэдгийг санал асуулгаар гаргаж ирж байгаад уг асуудлыг сууриар нь шийдэхийн тулд дүрэм журам, эрх зүйн хувьд ямар өөрчлөлт хийх ёстой юм гэдгийг тодорхой болгоно. Ямар байдлаар шийдвэрлэх юм гэдгийг гаргаж ирж байгаад УИХ-ын 76 гишүүнд өргөн барья гэж төлөвлөж байна. Мэдээж хамтран ажиллах эсэх нь гишүүдийн асуудал. Энэ асуудлаар 76 гишүүн бүрт хандана.

-Та хэчнээн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд байдаг вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа. Өөр компанийн ТУЗ-д байхгүй.

-Таныг тендер зарладаг, түүнд нь хяналт тавьдаг байгууллагын ТУЗийн даргаар ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил биш үү гэсэн шүүмжлэл байна?

-Шүүмжилж буй хүмүүс хэт нэг талыг барьж, хуулийг буруугаар тайлбарласан байна лээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1, 55.2 заалтад манайх хамааралтай.

Тус хуулийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт (ШӨХТГ), захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан.

Харин 55.2 заалтад 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж хуульчилсан.

Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэдэг нь Сангийн яам. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ нь тендер зарладаг субъект биш.

Хамтын шийдвэрээр буюу ТУЗ-ийн 11 гишүүн шийддэг. Түүний дөрөв нь хараат бус гишүүд, долоо нь төрийн төлөөлөл. Энэ 11 гишүүний хамтын шийдвэрээр гарсан тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой тогтоол шийдвэр дээр ТУЗ-ийн дарга гарын үсэг зурдаг. Нөгөө талдаа ШӨХТГ нь тухайн тендерийг дэмждэг процесс байхгүй.

ТЕНДЕРИЙН ШАЛГАРУУЛАЛТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗВЭЛ ХЭСЭГЧЛЭН БОЛОН НИЙТЭД НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭРХТЭЙ. ИЙМД ЯМАР УЧРААС АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ БОЛООД БАЙГААГ ГАЙХАЖ БАЙНА.
УГ НЬ ТУХАЙН ТЕНДЕРИЙГ ШӨХТГ ДЭМЖДЭГ БАЙСАН БОЛ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСЭЖ БОЛНО.

Гэтэл эсрэгээрээ тендерийг зогсоодог байгууллага, Хоёрдугаарт ШӨХТГ нь хамтын удирдлагын зарчмаар шийдвэр гаргадаг байгууллага. Орон тооны гурав, орон тооны бус зургаан гишүүнтэй. Орон тооны гурван гишүүн нь Засгийн газраас томилогддог албан тушаалтан. Нийтийн болон хувийн эрх ашгаас урьдчилан сэргийлэх тухай хуулиараа “Эрдэнэс Тавантолгой компанитай холбоотой асуудал орж ирвэл би хуулиараа түдгэлзэх бүрэн эрх нь надад бий. Төрийн захиргааны байгууллагад авилгын асуудал хариуцсан албан хаагчид байдаг. Тухайн албан хаагчид “Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой асуудалд оролцохгүй, түдгэлзэнэ” гээд би өргөдлөө өгөөд ажиллаж байгаа.

-Та У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Ерөнхий сайд сайн дураараа ажлаа өгсөн асуудлыг юу гэж харж байна?

-Эрх барьж буй намын Засгийн газрын бодлого болон 2050 хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байна. Миний хувьд төрийн захиргааны төв байгууллагын албан хаагч учраас намын гишүүнчлэлээс түдгэлзсэн. Хувь хүнийхээ хувьд зөв үйлдэл гэж харж байна. Яагаад гэхээр Засгийн газар эрхээ бүрэн хэрэгжүүлэх хэмжээнд байж чадахгүйгээр тодорхой хэмжээнд нөлөөлөлд орж ирж байгаа бол нөлөөллөөс сэргийлэхийн тулд Засгийн газраа огцруулж байна гэж ойлгож байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ