Нэг сэдвээр: Шинэ хурлын танхимын талаар "ТӨЛӨӨЛӨГЧИД" ингэж ярьж байна

Орхон аймаг 2023 онд шинэ хурлын танхимтай болсон. “Амар” сайдын нэрэмжит уг хурлын танхим ашиглалтанд ороод удаагүй байгаа бөгөөд иргэдийн зүгээс тал бүрийн байр суурийг илэрхийлж буй. Өнгөрсөн оны 04 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн “Хэмнэлтийн тухай хууль”-д “баригдалгүй” барьж дуусгасан эл бүтээн байгуулалтын талаар аймгийн уг танхимын төсвийг баталсан  Иргэдийн хурлын төлөөлөгчид ямар байр  байр суурьтай байгааг энэ удаад сонирхолоо.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.ЭНХЗОРИГ: Хэт өндөр өртөгтэй бүтээн байгуулалт болсон

-Нэг сэдвээр асуулт асууж байна. Та хурлын төлөөлөгчийн хувьд шинэ танхимын тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Тодорхой иргэд мэдээлэл өгсөн тул миний бие уг танхимтай холбоотой судалгаа хийж эхэлсэн. Иргэдийн мэдээлэл баттай болсон үед хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх бодолтой байна. Байх ёстой хэмжээнээсээ хэт өндөр өртөгтэй бүтээн байгуулалт болсон гэсэн шүүмжлэл их бий.

-Хийц тал дээр нь юу хэлэх бол?

-Би хувьдаа чанар болоод дулаалга тал дээр “хангалтгүй” гэж үзэж байгаа. Он гарсаар 2-3 удаа хуралдлаа. Танхим хүйтэн байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.ЭРДЭНЭБАТ: Хурлын танхим маань улсдаа жишиг болох ёстой

-Шинэ хурлын танхимд та хэр сэтгэл хангалуун байна вэ, өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу?

-Энэ ажлыг анх 3 тэрбум төгрөгөөр эхлүүлж байсныг санаж байна. Сүүлд “Ширээ, сандал дутуу” гэдэг дээр нэмж төсөв баталсан. Ер нь загварын хувьд “мини парламент” гэдэг шиг загвар хийцтэй болсон байна. Тухайн үед бид ийм болно гэж төсөөлөөгүй ч боломжийн санагдаж байгаа. Мөн ёслол хүндэтгэлийн өргөөг тухайн үед буулгана гэж байсан ч буулгалгүйгээр барьсан нь оновчтой шийдвэр гарчээ гэж харж байна.  

-Зарим төлөөлөгч “Хүйтэн байна” гэж байх шиг байна?

-Бага зэрэг даарамтгай хүмүүсийн үг байх. Надад бол боломжийн санагдаж байгаа. Ер нь энэ танхим сандал, суудалдаа гол нь биш юм. Энэ өргөө, хурлын танхим маань улсдаа жишиг болох ёстой. Бид энэ танхимд мөнх суухгүй шүү дээ. Дараагийн бүрэн эрхийн хугацаа болно, аймаг орон нутгаас туршлага судалж хүмүүс ирнэ гээд дараа дараагийн ажил гарч ирэх нь ойлгомжтой. Наанадаж, орон нутгийн сэтгүүлчид суух зайгүй байсан бол одоо илүү чөлөөтэй болсон байна. Мөн бидний ярьж байгаа бүхэн технологийн давуу талыг ашиглан бичигдэж байгаа нь сайшаалтай хэрэг. Харин хуучин танхимаа энд давхар ашиглах боломжтой.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.ГАНБОЛД: Бид сануулж, зөвлөх тал дээр чиг барьж байгаа

-Иргэд “Өндөр өртгөөр хурлын танхим барилаа” гэж шүүмжлээд байгаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлбэл?

-Хурлын шинэ заалны тухайд МАН-ын олонхийн бүлэг шийдэж төсөв мөнгөө баталсан. Төлөөлөгчийн хувьд шинэ заал аятайхан санагдаж байна. Хэмнэлтийн тухай хууль яривал мэдээж манай цөөнхийн бүлэг тухайн үед ярьж, сануулж байсан. Бид үргэлж сөрөхийн төлөө бус, аль болох алдааг нь засаж, төсөл хөтөлбөр, тендер нэрээр ямар нэг хэрэгт холбогдох вий гэдэг үүднээс сануулж, зөвлөх тал дээр чиг барьж байгааг энэ дашрамд хэлэх нь зөв байх. “Шунал ихэдвэл шулам болно” гэдэг дээ, энэ байр сууриа бид хадгалсаар өнөөдрийг хүрсэн. Ер нь сөрөг хүчнээ сонсохгүй явбал мөхөл рүүгээ явж, ард иргэдийн дургүйг хүргэх талтай.

-Хурлын заал танхим цаг уурын хувьд ямар санагдав?

-Техникийн хувьд ганц нэг асуудал байна. Яг хүйтний үед хуралдаагүй тул сайн мэдэрч амжсангүй.

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.АЛТАНШАГАЙ: Энэ танхим “Нээлттэй танхим” байх ёстой

-Таны хувьд чанар, хийц тал дээр юу хэлэх вэ?

-Би өөрөө барилгын мэргэжилтэй хүн биш учраас ямар материалаар, яаж хийсэн тал дээр ярьж чадахгүй. Харин өнөөдрийн харж байгаа өнцгөөс бол “Орон нутгийн хурлын өөрөө удирдах ёсны байгууллагын бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлчихлээ”. Нөгөө талаасаа, өмнө нь хурлын танхим жижиг, хэлэлцэж байгаа асуудалд оролцогчид, газар хэлтсийнхэн багтаамж тааруу тул хуралд оролцоход хүндрэлтэй байсан бол энэ асуудал бүрэн шийдэгдсэн.

-Танхимын давуу талыг нэрлэвэл?

-Эргээд харахад бид, барилгын материалын үнийн өсөлтөд өртөөгүй нь сайн хэрэг. Ойрын 10, 20 жилдээ хурлын танхимд санаа зовох зүйл гарахгүй болов уу. Нөгөө талаасаа, хурлын төлөөлөгчийн хувьд дүгнэж харахад, энэ танхим “Нээлттэй танхим” байх ёстой. Энд иргэний нийгмийн байгууллагууд, иргэд үзэл бодлоо илэрхийлэх, уулзалт семинар хийх эрх нээлттэй байх ёстой. Эдийн засгийн хувьд өгөөжөө өгөхөөс гадна төр иргэдээ сонсдог байх нь чухал гэж боддог. Эхлээд “Бидэнд ийм хэрэгцээ байгаа” гэдгээ ойлгочихвол тухайн үеийн төсөвт өртөг сонин биш байх.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.