C°/C°
Монгол Улс 1992 оноос хойш найман удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ. Ес дахь удаагийн сонгууль ирэх 2024 онд болно.Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд парламентын гишүүдийн тоог 152 болгох санал дэвшүүлсэн. 152 гэдэг нь цор ганц хувилбар биш юм. Энэ асуудал зөвхөн хэлэлцүүлгийн шатанд яваа тул батлагдахгүй ч байх боломжтой. Засгийн газраас төслийг боловсруулахдаа гишүүдийг тоог өсгөснөөр иргэдийн төлөөлөх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн бөгөөд эдгээр өдрүүдэд гишүүд тойрогтоо ажиллаж иргэдээс уг хуулийн төсөлтэй холбогдуулан санал асуулга авч буй.
Он цагийн дарааллыг харахад Орхон аймгийн сонгогчид МАН-д давуу ялалт өгч байсан байна. Гэхдээ бие даан нэр дэвшигчид ч мөн Орхоны тойрогт илүү өрсөлдөж ирсэн түүхтэй.Энэ удаад бид УИХ-ын найман удаагийн сонгуулийн өрсөлдөөн Орхон аймагт хэрхэн өрнөснийг товчлон хүргэж байна.
1992 он: МАН /МАХН/
1992 оны анхны ардчилсан сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Орхон аймгийн тойрогт МАН/МАХН/-аас нэр дэвшсэн Ж.Дэлгэрцэцэг, Ш.Чунаг нар олонхийн санал авч, анхны парламентын гишүүн болж байв.
1996 он: АН
Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Орхон аймгийн сонгогчид энэ удаа АН-д итгэл үзүүлэв. УИХ-ын 55 дугаар тойрогт Л.Лувсан-Очир, 56 дугаар тойрогт Д.Энхтайван ялалт байгуулав. Тэдэнтэй Ж.Дэлгэрцэцэг, Д.Тогооч нар өрсөлдсөн юм. 1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.
2000 он: МАН
УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Орхон аймгийн сонгогчид МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь сонгов. 55 дугаар тойрогт Ё.Баярсайхан, 56 дугаар тойрогт Ц.Ням-Осор нар ялалт байгуулав. Тэдэнтэй бусад намаас Д.Одхүү, Л.Энхтайван, Д.Сүхбаатар, Н.Энхтайванн нарын 17 хүн нэр дэвшсэн юм. Мөн Ц.Хүрэлбаатар, Х.Лувсаншарав нар бие дааж нэр дэвшсэн байдаг.
2004 он: МАН
Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Орхон аймгийн сонгогчид энэ удаа дахин МАН-д итгэл үзүүлсэн. 55 дугаар тойрогт гол өрсөлдөөн Ё.Баярсайхан, Ч.Ганбаатар нарын дунд болж, МАН-ын гишүүн Ё.Баярсайхан олонхийн санал авав. Мөн 56 дугаар тойрогт МАН-ын гишүүн Г.Адъяа ялалт байгуулав. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчийн 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан АН нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.
2008 он: МАН, АН
Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид холимог сонголт хийсэн. МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Дамба-Очир, АН-ын гишүүн Д.Одхүү нар олонхийн санал авав. Тэдэнтэй Л.Бямбажаргал, Д.Оюунцэцэг, Г.Шархүү нар өрсөлдсөн юм.
2012 он: МАН
УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв. Орхон аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Дамба-Очир, О.Содбилэг нар олонхийн санал авч байв.
2016 он: МАН
МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулсан. Харин Орхон аймгийн сонгогчид нэг тойрогтоо МАХН-д олонхийн санал өгсөн юм. Орхон аймгийн 46 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн О.Содбилэг ялалт байгуулсан. Түүнтэй АН-аас Д.Алтанхуяг, МАХН-аас Д.Оюунбат нар өрсөлдсөн байна. 47 дугаар тойрогт МАХН-аас өрсөлдөн О.Баасанхүү гишүүнээр сонгогдсон байдаг. Харин 48 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Д.Дамба-Очир сонгогдсон юм. Түүнтэй МАХН-аас Л.Ариунаа, АН-аас Б.Мягмарсүрэн нар өрсөлдөж байв.
2020 он: 2008, 2012 онтой адил томсгосон тойргоор явагдсан. Орхон аймагт “Та бидний эвсэл”-ээс “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөр, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, доктор Б.Хэрлэн нар нэр дэвшиж С.Ганбаатар ялалт байгуулсан юм. МАН-аас Д.Батлут анх удаа Засаг дарга нь нэр дэвшсэн гэдгээрээ олны анхааралд өртөж түүнд Эрдэнэтчүүд хамгийн олон саналыг өгөв. Харин бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг ялалт байгуулж Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээсэн юм.
2024 он: Айсуй сонгуулийн чимээ нам гүмхэн байгаа ч Эрдэнэтийн тойргоо услаж буй олон горилогчид сонгуулийн хуулийг хүлээн чих тавин суугаа.
Эрдэнэт хот нь гурван мандаттай гэвч 152 гишүүнтэй болох хууль алх цохиж чадвал тойрогт өөрчлөлт орно. Монголд суурин хөгжсөн хоёр том аймгийн нэг гэгддэг манай хотын хувьд иргэдийнх амьдралын баталгаажих түвшин бусад аймгийнхнаас харьцангуй өндөр, улсын төсвийг гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр байрладаг гэдэг утгаараа бэлэн мөнгөний эргэлт сайтай гэгддэг. Мөн бусад аймаг шиг олон сумгүй учраас сонгогчдод харьцангуй чирэгдэл багатай учраас улс төрчид ихээхэн сонирхдог тойрог. Тиймээс Эрдэнэтэд өрсөлдөгчид их бий. Тэр дундаа МАН-аас Эрдэнэтэд өрсөлдөх хүмүүс илүүтэй олон байгаа учраас дотроо хөлөө жийлцэж хөнжлөө булаацалдаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.Олонхи болсон эрх баригч МАН-аас одоогийн УИХ ын гишүүн Д.Батлут, БОАЖЯ сайд Б.Бат- эрдэнэ, Б.Ганхуяг нарын нэрс яригдаж байгаа Орхоны тойрогт эмэгтэй квот илгээх магадлал өндөр байгаа юм.. АН-аас Эрдэнэтийн тойрогт нэр дэвших эрхэмүүдийн нэрс одоогоор тодроогүй ч намаа эмхэлж эе эвийг олохоор түнтэгнэж буй намын даргадаа сэмхэн очоод сэржим өргөөд ирсэн улс төрчдийн нэрс удахгүй тодрох нь дамжиггүй ээ ...
Enter
Write to
СЭТГЭГДЛҮҮД /0/