C°/C°
Зэсийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгч 6 дахь орноор Монгол Улс нэрлэгддэг. Тэгвэл тэр их нөөц баялгийн охь нь Эрдэнэт хот гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Уул уурхайн ууган үйлдвэр Эрдэнэтийг дагаж бий болсон катодын зэс үйлдвэрлэгч компаниудын анхдагч нь “Эрдмин” ХХК юм. Тус компанийн түүх тэртээ 1994 оноос эхэлж, өнөөг хүртэл Монгол Улсын хөгжил цэцэглэлттэй салшгүй холбогдсоор иржээ. “Эрдмин” ХХК-ийн хамт олон ирэх амралтын өдрүүдэд Эрдэнэт хотноо зохиогдох “Зэс” фестивальд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа гэнэ. Компанийн захирал С. Мөнхбаяртай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө компанийнхаа бахархал, амжилтыг бидэнтэй хуваалцахгүй юу?
-Манай компани 1994 онд Монгол Улсын Худалдаа, үйлдвэрийн сайдын тушаалаар хамтарсан үйлдвэр байгуулах шийдвэр гарч анх байгуулагдаж, 1997 оны 02-р сарын 13-нд анхны катодын зэс үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байсан түүхтэй. Энэ нь Монгол Улсдаа төдийгүй Ази тивдээ L-SX-EW буюу гидрометаллургийн аргаар цэвэр зэс үйлдвэрлэж эхэлсэн анхны тохиодол байсан. Улмаар 2005 онд өртгөө нөхөж, улс, орон нутгийн төсөвт татвар төлөхийн зэрэгцээ хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилж эхэлсэн байдаг. Манай үйлдвэрийн хувьд өнгөрсөн жилүүдэд 143 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт, үүнээс 14 орчим тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж. Эх орондоо уул уурхайн салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж, үндэсний баялаг бүтээж байгаа маань манай хамт олны бахархал юм даа.
-“Эрдмин” компани эзэмшийн ямар хэлбэртэй вэ, хувьцаа эзэмшигчдийн талаар мэдээлэл өгч болох уу?
- Манай компани 4 хувьцаа эзэмшигчтэй үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ манай компанийн 25 хувийг, АНУ-ын “RCM Inc” компани 58,5 хувь, мөн “МИКО холдинг” ХХК болон нэг иргэн тус тус хувь эзэмшиж байна. Ингээд 4 хувьцаа эзэмшигч, 110 гаруй ажилтан ажиллагсадтайгаар 26 дахь жилдээ албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна.
-Бүтээгдэхүүний нэр төрлийн тухайд?
-Манай үйлдвэр 2005 оноос үйлдвэрлэсэн катодын зэсийнхээ тодорхой хувиар нэмүү өртөг шингэсэн 60 гаруй нэр төрлийн цахилгаан монтажны кабель утас үйлдвэрлэж байна. Мөн цахилгааны самбар угсрах болон газардуулга зэрэгт гол түүхий эд болох зэс тууз /шинн/, ахуйн хэрэглээний уртасгагч залгуур үйлдвэрлэдэг болсныг иргэд сайн мэдэх байх. Энэ онд уртасгагч залгуурны нэр төрлийг нэмэгдүүлж, “Зэс” фестиваль дээр худалдаанд гаргахаар бэлтгэлээ хангаж байна.
-Уул уурхайн үйлдвэрлэлд нөөц нэн тэргүүнд тавигддаг шүү дээ. Энэ тал дээр тулгамдаж буй бэрхшээл юу байна вэ? 2024 оны зорилго, зорилтынхоо талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Баярлалаа, сайхан асуулт байна. “Эрдмин” компани нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадагшаа чиглэсэн зах зээлээ судалж, хайж байна. Бид өнгөрсөн 5-р сард Казахстан улс руу 1000 орчим уртасгагч залгуур экспортод гаргасан. Эхний нийлүүлэлт амжилттай болж, нэг сарын дотор борлогдсон тул дахин 5000 ширхэг залгуур авах захиалга ирээд байна. Энэ бол уул уурхайн салбараас эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргаж байгаа бодит жишээ гэж харж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аль болох олборлолтоос боловсруулалт, боловсруулалтаас нэмүү өртөг гэдэг зорилт тавьж байна. Энэ зорилтын хүрээнд бид эх орондоо нэмүү өртөг шингээж, үйлдвэрлэж байгаа цэвэр зэсээ өртөг шингээхийн төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд зэс хоолой, нано нунтаг, хайбрид автомашины үндсэн деталь зэрэг хэд хэдэн судалгааны ажил эхлүүлээд байна. Ирэх жил хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулж, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэн, хэд хэдэн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна.
-Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайгаас гарсан балансын бус хүдрийг боловсруулдаг танай компанийн хувьд хязгаарлагдмал нөөцтэй гэж ойлгодог. Үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр нөөцийн асуудал яригдах байх. Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Уул уурхайн салбарт төрийн бодлого, дэмжлэг харьцангуй хомс. Энэ салбарт хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд үйлдвэрлэлээ явуулахаас ч өөр аргагүй. Манай компани хамгийн сүүлд 2010 онд хүдрийн нөөцөөр хангагдсанаас хойш дахин хангалт хийгдээгүй өнөөдрийг хүрсэн. Ашиглаж байгаа овоолгын хувьд нийтдээ 17,3 сая тонн хүдрийг Эрдэнэт үйлдвэрээс худлдаж авсан байдаг, түүнийгээ 25-26 жилийн хугацаанд ашиглаж байна гэсэн үг. Тиймээс цаашид яаралтай хүдрийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай, энэ байдал удаан үргэлжилвэл магадгүй ажиллах боломжгүйд хүрэх эрсдэл үүсч байгаа. Бид Эрдэнэт үйлдвэр болон холбогдох бусад байгууллагад хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан. Өнөөдрийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй, хүлээлтийн байдалтай л байна даа.
-Байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд гарцыг хэрхэн харж байна вэ? Аймаг, орон нутгийн дэмжлэг байдаг уу?
-Бид удаа дараа хандаж байгаа л даа, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүдийг үйлдвэртэйгээ танилцуулж тулгамдаж байгаа асуудлуудаа тавьсан. Мөн аймгаас сонгогдсон Их хурлын гишүүддээ хандсан. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс манайд хүдрийн нөөцөөр хангахад татгалзах зүйлгүй, гэвч эцсийн шийдвэрийг дангаараа гаргах боломжгүй, ямар хэлбэрээр, яаж олгох вэ гэдгийг холбогдох дээд шатны байгууллага гаргах байх гэж ойлгож байгаа. “Эрдэнэс Монгол” нэгдэлийн “Зэс металлын групп”-т нэгдсэн, дотооддоо зэсийн үйл ажиллагаа явуулдаг 37 компанийн нэг нь манайх. Өнөөдрийн байдлаар бид хягаарлагдмал хүдрийн нөөцтэйгээр үйлдвэрийн хүчин чадлын 60 хүрэхгүй хувийг л ашиглаж байна. Энэ хэмжээгээр улсын төсөвт оруулах хувь нэмэр багасана л гэсэн үг. Ямартаа ч Эрдэнэт үйлдвэрт ногдол ашгаа тогтмол хуварилж, өөрсдийн боломжийн хэрээр ашигтай ажиллаж явахад хүдрийн нөөцтэй болно гэсэн итгэл найдвар байна.
-Танай компани ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс гадна нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжийн тоонд зүй ёсоор багтдаг шүү дээ. Ялангуяа боловсролын салбарт ихээхэн бодитой ажлууд хийдэг нь анхаарал татдаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Орхон аймагтай гэрээ байгуулан хамтран ажилладаг. Хөрөнгө оруулалтын тухайд жилд 100-150 сая төгрөгийн ажлууд хэрэгжүүлдэг. Үүнээс гадна тэрбум орчим төгрөгийн худалдан авалтыг орон нутгийн бизнес эрхлэгчдээс худалдан авч, дэмжлэг үзүүлэн, хамтран ажилладаг. Томоохон хөрөнгө оруулалтын ажлуудаас дурьдвал, цар тахлын үед БОЭТ-д 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат авч өгсөн. Жаргалант сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмж өглөө, Мөн ирэх 7 хоногт БОЭТ-дөө дахин шинэ тоног төхөөрөмж гардуулахад бэлэн болоод байгаа. Боловсролын салбарт шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Уран эгшиг” сургуульд хөгжмийн зэмсэг авахад нь дэмжлэг үзүүлсэн. Манай улсын боловсрол, эрүүл мэндийн салбар санхүүжилт муутай байдаг тул уул уурхайгаас олж байгаа ашгаасаа эрүүл мэнд, спорт, урлагийн салбарыг түлхүү дэмжье гэсэн бодлогыг манай компани барьж ажилласан. Энэ байр сууриа аймаг, орон нутагтаа илэрхийлсний дагуу эдгээр ажлууд маань хөрөнгө оруулалт хэлбэрээр бодит ажил болж байгаа юм. Нөгөө талаас бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд том алхам болсон. Мөн тэр.бум мод үндэсний хөдөлгөөний дэмжин мод тарих ажил хийж байна. Энэ жилийн хувьд шинэ Эрдэнэт хаалганы дэршэд 1000ш мод тарьж, арчилж ургуулж байна.
-Эрдмин компаниас гарсан мэргэжилтнүүд энэ салбартаа их чадварлаг байдаг?
-Бид ажилчдаа боловсруулах, мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн анхаардаг. Манайхаас хойш Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Ачит ихт”, “Гал сэнтий”, “Зэс эрдэнийн хувь” компаниуд болох 2-3 төсөл амжилттай хэрэгжээд байгааг та бүхэн мэдэх байх. Эдгээр компаниуд бидний дүү компани гэж ойлгож болно. Тухайн компаниудад удирдах албан тушаал, ерөнхий инженер, оператор зэрэг ажилтнууд нь манайд ажиллаж байсан хүмүүс бий. Манай компанийн нийт ажилтны 80 орчим хувь нь инженер техникийн ажилтнаас бүрддэг байгаа.
-Зэс фестивалийн тал дээр юу хэлэх вэ? Үзэл бодлоо хуваалцвал?
-Хувь хүнийхээ зүгээс болон байгууллагынхаа өмнөөс авч үзвэл, “Маш зөв зүйтэй ажил” гэж харж байна. Эрдэнэт хэдийгээр зэс үйлдвэрлэдэг ч “Хэрхэн яаж хийдэг” тухай иргэд ойлголт муутай байдаг юм шиг санагддаг. Энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутагтаа иргэдийг татах, цаашлаад хөрөнгө оруулалтын асуудал, мөн эдийн засгийн хувьд аймаг орон нутагтаа дэмжлэг үзүүлэх зэрэг маш зөв зүйтэй арга хэмжээ гэж ойлгож байна. Манай компани ч энэ ажлын хүрээнд зочид, төлөөлөгчдөд үйл ажиллагаагаа сурталчлан, танилцуулах сайхан зашаан юм, бид зэсээр хийж байгаа гар урлалын зарим бүтээгдэхүүнийг сонирхуулах, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах бодолтой байна.
Энэ завшааныг ашиглан манай байгууллагын үйл ажиллагаа дэмжин ажилладаг Орон нутгийн удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, бусад төрийн захиргааны болон харилцагч бүх байгууллагууддаа талархал илэрхийлмээр байна. Та бүхний ажилд амжилт хүсье
. -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танай хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.
СЭТГЭГДЛҮҮД /0/