C°/C°
Орхон аймгийн 2024 оны төсөв хэлэлцэх хугацаа ойртсон эдгээр өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Даваадоржтой төсөв тойрсон сэдвээр ярилцлаа.
-2023-2024 оны төсөв дээр ямар салбарт өөрчлөлт харагдаж байна вэ? Зам шинэчлэх тал дээр 50 орчим тэрбум төгрөг ярьж байх шиг байна. Ер нь иргэдийн түгээмэл ярьж байгаа асуудал юу байна вэ? Цэцэрлэг сургууль, агаарын бохирдол гээд асуух сэдэв олон байна?
-Орхон аймагт хөрөнгө оруулалтын чиглэлийн зарим ажил 100 хувь шийдэгдэж байгаа ч зам талбайн асуудал орхигдсон тал бий. 2023 оны хөрөнгө оруулалтын ажлуудын явц, чанар болон дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс хамаарч өнгөрсөн хугацаанд замын эвдрэл их гарлаа. Мөн бороо уснаас болж хөрсний бүтцэд ч өөрчлөлт орж байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр бид замын асуудлыг хөндөж тавьсан. Энэ саналын хүрээнд 50 тэрбум төгрөг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Нөгөө талаас, иргэд ч ийм хүсэлт, хүлээлттэй байсан. Замын эвдрэл гэмтлийг шийдвэрлэхээс гадна уг эвдрэлд нөлөөлж байгаа углуурга нь юу байна вэ гэдгийг давхар гаргаж ирэх хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр энэ бүгдийг бодож, ирэх жилийн төлөвлөлтөө бид тооцоолно. Наанадаж, Орхон аймаг руу орж ирдэг гурван замын пост дээр пүү тавьж, автомашины жинг хэмжих шаардлагатай гэж харж байна.
Хот төлөвлөлттэй холбоотой шинэ сууришлийн бүс үүсэхэд сургууль, цэцэрлэгийн асуудал давхар яригдаж байна. Цаашлаад автозогсоол, нийтийн тээврийн тулгамдсан асуудлууд манай аймагт бий. Эдгээр тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэх шаардлага гарч байна гэсэн үг л дээ. Хөрөнгө оруулалттай холбоотой ажлаас гадна иргэд зам талбай сүйтгэх, хашаагаа дур мэдэн тэлэх, амьдран суух зориулалтын газар дээрээ буруу үйл ажиллагаа явуулах зэрэг нь хот төлөвлөлтөд хүндрэл учруулж байгааг энэ дашрамд хэлэх нь зөв байх. Манай аймаг хот төлөвлөлтдөө анхаарахаас аргагүй болж байгаа тул “Орхон аймгийн хэтийн төлөвлөлт 2040”-г хийх шаардлагатай байгаа.
-Хүн бүр ая тухтай амьдрах орчныг хүсэж байна. Манай аймагт сүүлийн жилүүдэд тулгамдаад байгаа нэг асуудал нь агаарын бохирдол болсон. Энэ тал дээр ямар ажлууд төлөвлөж байна вэ?
-Улаанбаатар хот агаарын бохирдлын асуудлаа шийдвэрлэхээр чамгүй мөнгө зарцуулсан ч үр дүн нь төдий л харагдахгүй байна. Манай аймаг агаарын бохирдлыг бууруулах хүрээнд шахмал түлшний үйлдвэр барьж байгуулахаар төлөвлөсөн ч барих шийдэлд хараахан хүрээгүй. Монгол Улсын хэмжээнд дан ганц түлшээр утааны асуудлыг шийдэх боломжгүйг бид харж байгаа тул энэ онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын багийн сургууль, цэцэрлэг рүү өгдөг галлагаатай хэсгийг өөрчилж, газын халаалтын систем рүү шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ туршлага Улаанбаатар хотод нэвтэрсэн. Нөгөө талаас бид, Дэлхийн банк болон Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтарсан судалгааны ажил явуулж, хоёр жил ажиллалаа. Улмаар газрын гүний дулаан, нарны эрчим хүчний хосолсон систем суурилуулах шийдэлд хүрсэн. Одоогоор Дэлхийн банкны Хүүхдийн сангаас тендер зарлаж, тодорхой хөрөнгийг орон нутгаас гаргах шийдэлд хүрч, ТЭЗҮ хийгдээд дуусч байна. Эдгээр хоёр томоохон ажил шийдэгдвэл агаарын бохирдол тодорхой хэмжээнд давхар шийдэгдэх юм. Үүнээс гадна Эрдэнэ багийн 20-р сургуулийн хэсэгт судалгааны ажлууд хийгдэж байгаа. Дэлхийн банкны судалгаагаар тус бүсэд нарны эх үүсвэр буюу бие даасан эх үүсвэр бий болгоход 5 орчим сая ам.доллар яригдаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд нарийвчилсан судалгаа шаардлагатай. Мөн Эрдэнэ багт суурьшлын бүс үүсгэж, орон сууц барих учраас уг ажлыг түр хойшлуулаад байгаа.
Өнгөрсөн онд Дэлхийн банкны Хүүхдийн сантай хамтран 50 айлд гэрийн дулаалга төсөл хэрэгжүүлсэн. Ингэхдээ гэрийн янданг буулгаж, цахилгаан халаалтын системд шилжүүлсэн. Гэрийн дулаан алдагдлыг бууруулах зорилгоор уг төслийг хэрэгжүүлж, нэг гэрт 3 орчим сая төгрөг зарцуулсан. Энэ онд аймгийн хэмжээнд сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Мөн Дэлхийн банкны төслийн багийнхан энэ долоо хоногт манай аймагт ажиллана. 2023 онд багтаан 50 айлын уг халаалтын системд холбох ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үндсэндээ хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг дан ганц түлшээр шийдвэрлэх боломжгүй тул нэгдүгээрт, инженерийн шугам сүлжээ татах, хоёрдугаарт, айл өрхийн халаалтын системыг шийдвэрлэх зорилго тавьсан.
-Айл өрхүүдийн халаалтын системийг шат дараатай шийдвэрлэхэд цахилгаан эрчим хүчний найдвартай байдал нэн тэргүүнд яригдах байх. Энэ тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа бол?
-Энэ онд цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд гэр хорооллын хойгуур буюу ЭБЦТС-аас 11-р хороолол, Хорооллын эцэс чиглэлд 22.3 км шугам сүлжээний зураг төсөв хийгдээд дуусч байна. Энэ ажлыг хийж хэрэгжүүлснээр гэр хорооллын аль нэг цэгт тог тасалдахад, 2 дахь эх үүсвэрээс хангагдах нөхцөл бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар Дэнж багт тавьсан эх үүсвэр бий. Үүнийгээ ачаалал ихтэй үед сэлгэн ажиллуулах хэлбэрээр зохицуулалт хийж байна. Гэр хорооллын бүх айл дулааны асуудлаа халаалтаар шийдвэрлэсэн тохиолдолд эрчим хүчний ачаалал эрс нэмэгдэх магадлалтай тул гэр хорооллын хойд хэсгээр цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэх ажлууд хийгдэж байгаа юм.
-Манай аймгийн иргэд төсвийн хуваарилалт дээр Дархан-Уул аймагтай өөрийн аймгийг жишээд байдаг. Хөрөнгө оруулалтын зааг ялгаа ямар байдаг тал дээр мэдээлэл өгөхгүй юу?
-Ер нь Улсын төсвийн хуваарилалт нь орон нутгаас явж байгаа санал болон яамдын дэмжих бодлогын хүрээнд тавигддаг. Орхон аймгийн хэмжээнд нэг хандлага бий. Хөдөө аж ахуйн яам ч юмуу, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаман дээр санал тавиад очихоор “Танайх орон нутагтаа мөнгөтэй учраас тэндээ шийдээч” гэсэн хариу өгч, санал хүлээж авахгүй байх нь бий. Улсын төсвөөс зарим аймагт ноогдож байгаа мөнгөн дүн бага харагдаж байгаа нь тухайн аймаг өөрөө төсөв төвлөрүүлдэгтэй холбоотой юм. Манай аймаг л гэхэд төсөвт 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж, түүнээсээ 100 орчим тэрбум төгрөгийг буцаан зарцуулах хэлбэртэй явж байна. Өнгөрсөн оны тухайд орон нутгийн төсвөөр 63 орчим тэрбум төгрөг хуваарилагдсан. Гэтэл бусад аймагт ийм мөнгө байдаггүй тул яамдад тавьсан асуудлыг “Орон нутагтаа шийдвэрлэ” гэсэн хариу ирдэг нь ийм учиртай. Мөн хөрөнгө оруулалтын хуваарилалт буюу орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө нь хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс хамаардаг. Манай аймаг газар нутгийн хэмжээ тал дээр аль нэг аймагтай барьцах боломжгүй л дээ. Тиймээс бид улсын төсвөөр аль болох томоохон ажлуудаа шийдвэрлүүлэхийг зорьж байна.






СЭТГЭГДЛҮҮД /0/