С.ЭРХЭМБАЯР: Эрдэнэт хотыг эзэнгүй юм шиг төлөвлөлт хийж байгаад харамсаж байна

Иргэдийн хурлын төлөөлөгч С.Эрхэмбаяр энэ удаагийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд Согоот багаас сонгогдон ажиллаж байна. Багт тулгамдсан асуудал гэхээс илүүтэй хөрөнгө оруулалтын ажлууд болоод хотын ерөнхий төлөвлөлтийн талаар жинтэйхэн дуугарч, санал бодлоо солилцсон Зөвлөлийн хурал дээр түүнтэй уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

-Хот төлөвлөлтгүй, зураг төсвийн ажлууд дээрээ алдаа гаргаад, мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоо муу байгаа тал дээр нэлээд ярилаа. Орхон аймаг Ерөнхий төлөвлөгөөгөө Барилга, хот байгуулалтын яамаар батлуулах ёстой ч нэг жилээр хойшилчихлоо. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Орхон аймгийн хэмжээнд 2020 он хүртэлх төлөвлөлтүүд хийгдсэн. Энэ төлөвлөлтийг байхгүй гэж хэлж болохгүй, харин үргэлжлүүлээд авч явах ёстой. Төрийн байгууллагуудын тухайд уялдаа холбоо муу байгаа нь үнэн, хяналт тавьж чадахгүй байгаа. Зураг төсөв гарагж байгаа байгууллага нь ямар ч эрх бүхий субъект биш, Ерөнхий архитектор нь мэргэжлийн бус хүн байх жишээтэй. Энэ хүмүүс уялдаа холбоогүй байхаар Нэг жишээ авч үзье. Тухайлбал, Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүн ямар зүйлийг хүлээдэг вэ гэвэл тэр зургийг ямар дарааллаар хийх вэ гэдэг норм дүрмийн бичиг, баримтыг баримталж ажиллаж байх ёстой. Гэтэл өнөөдрийн хийж байгаа зураг дээр байршил нь тодорхойгүй, координатын систем байхгүй. Барилга захиалагчийн албаныхан “Төвөгшилт багатай зураг” гэж нэрлээд ийм зураг гаргаад байгаа. Гэтэл энэ нь өөрөө төвөгшилт бага байж болох ч байршлын хувьд хаана байгаа нь тодорхойгүй, өндөржилтийн хувьд түвшин нь хангалттай хэмжээнд биш байх жишээтэй.  Иймэрхүү байдлаас үүдэн Барилга захиалагчийн алба тендер зарлуулдаг, ажил гүйцэтгэж байгаа компани нь зургийн дагуу юм хийхээр газар дээрээ бууж ирдэггүй. “За нэг ингэсхийгээд хийчих” гэдэг байдлаар ажил яваад байхаар ямар ч хяналтгүй байгаа юм.

-Газар олголтын тал дээр юу хэлэх вэ?

-Газар олголтын хувьд бүгд зориулалтын дагуу хийгдсэн ч бас ямар ч хяналт алга. Дээрээс нь зориулалтыг нь маш их өөрчилж байна. Худалдаа үйлчилгээний зориулалттай газар дээр барилга, амины орон сууцны газар дээр эмнэлэг барьж, гэр хорооллын хашааг автозасварын газар болгочихоод байна. Энэ бол хот төлөвлөлтийн том алдаа, ямар ч уялдаа холбоо алга. Эрдэнэтээр нэг ийм асуудал байна. Тухайлбал, 10 гаруй давхар орон сууцны барилга баригдаж байхад хянаж байгаа хүн байхгүй байна шүү дээ. Эрдэнэт хотыг эзэнгүй юм шиг байдлаар төлөвлөлт хийж яваад харамсаж байна.

-Хөрөнгө оруулалтын ажил хариуцсан мэргэжлийн чиг үүрэгтэй байгууллагын удирдлагууд таны асуултад хариулт тайлбар өгсөн. Та эдгээр хариултаас юуг олж харав?

-Би толгой муутай юу гэж заримдаа гайхах юм. Би асуултаа буруу тайлбарлаад байна уу, ямартаа ч миний асуултад тодорхой оновчтой хариулт өгөөгүй. Бөөсний үлгэр шиг тойруулаад байна. Зураг төсөв асуухаар хөрөнгө мөнгө яриад байх юм. Би “Зураг төсөв нь батлагдаад ажил эхэлдэг биз дээ” гэж асуухад, төсөв мөнгө, тэр паркийн асуудал, элэгдэл зэврэл ч гэнэ үү ийм хачин ойлгомжгүй зүйл яриад байхаар миний хувьд багагүй бухимдал төрсөн. Ажлаа мэддэг хүмүүстэй харьцахад бухимдах зүйл юу байх вэ дээ.

-Цаашдаа яах ёстой юм бэ? Та бүхний хэлэлцээд баталсан хөрөнгө оруулалтын ажлыг хөрсөн дээр нь буулгаж, хариуцаж хийх ёстой хүмүүс нь өнөөдөр ийм зүйл яриад байна шүү дээ?

-Ийм хүмүүсийг солих хэрэгтэй. Эсвэл Засаг дарга солигдох ёстой. Засаг дарга агентлаг, хэлтсийн дарга, Ерөнхий архитектороо мэргэжлийн бус гээд солих шаардлагатай. Хэрэв сольж чадахгүй бол огцрох хэрэгтэй. Би сарын өмнө л Барилга захиалагчийн албыг тусгай зөвшөөрөлгүйг мэдлээ. “Тусгай зөвшөөрөлтэй” гээд жижиг сажиг ажлуудаа өөрсдөө хийгээд байсан. Олон жил Эрдэнэт хотод чанаргүй хийгдэж байгаа ажлуудын уг суурь нь Барилга захиалагчийн алба болоод мэргэжлийн бус Ерөнхий архитектор байна. Өөр хүн биш.

-Таны хувьд зураг дээр нэлээд санал хэлэх шиг болсон?

-Эрдэнэт хотын хэмжээнд 1:500 масштабтай байрзүйн зураг байдаггүй. Байгаа байрзүйн зураг нь өндөржилтийн хувьд зөрүүтэй, алдаатай. Барилга барихад асуудал үүсдэг тул хуралл дээр удаа дараа ярьсан ч дэмжлэг авч чаддаггүй. Үүний хэрэгтэй эсэхийг хамгийн сайн мэддэг бөгөөд ашиглах шаардлагатай газар нь Орхон аймгийн Газрын алба, Барилга захиалагчийн алба байгаа юм. Ус нь хаашаа урсаж, барилга нь хаанаа баригдвал үзэмжтэй байх гээд олон асуудал энэ дэвсгэр зураг дээр яригддаг. Тиймээс одоогийн зургийг шинэчлэх шаардлага байгаа ч хийхгүй байна. Энэ тал дээр би өөрөө тодорхой хэмжээний мэдээлэлтэй байдаг учир хэлээд, яриад, шаардаад байгаа юм.

-Манай аймгийн 2024 оны төсөв хэлэлцэх хугацаа дөхсөн байна. Энэ жилийн төсвийг “Сонгуулийн төсөв” гэхэд хилсдэхгүй байх. Сонгуулийн жил айсуй тул сонгуулийн амлалтаа биелүүлэх ажлуудаа төлөвлөдөг ч гэж хэлж болох юм. Сөрөг хүчнийхэн зарим үед төсөв дээр оролцохгүй гээд бүлгээрээ татгалзах ч тохиолдол гардаг шүү дээ. Төсөв дээр та ямар бодолтой байна?

-Хөрөнгө оруулалтын ажлуудын тухайд шаардлагатай зүйлдээ мэдээж хөрөнгө оруулалтыг хийх байх. Хамгийн гол нь зураг төсөв, төсөвт өртөг нь зөв байх ёстой. Тэгж байж хяналтын инженерүүд, гүйцэтгэж багаа компани нь уялдаа холбоотой явах ёстой. Суурь буруу байгаагаас л асуудал үүсээд байна гэж би харсан. Миний бие төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш “Согоот багийн тохижилтын зураг төсөв” гэдэг зүйлийг хийлгээд явж байна. Аливаа зүйл цогц, блок хэлбэрээр байх ёстой. Сургууль хаанаа байх, хажууд нь ямар тоглоом байх, автомашины зогсоол нь хаана байвал аюулгүй вэ зэргийг мэргэжлийн хүнээр зураг гаргуулж, зургийг нь батлуулсан, одоо төсвөө батлуулах гээд явж байна. Зураг маань экспертизээр орсон. Согоот баг дээр батлагдсан ажлыг зураг төсөв гарсны дараа хийлгүүлнэ гэсэн зарчмын байр сууриа хадгалж, өнөөдөр зарим ажил хийгээдгйү байна. Хийлгэчихэж болох байсан ч ямар ч зохион байгуулалтгүй хайран мөнгө болох гээд байгаа юм. Согоот багийн тухайд 1990 оноос хойш тохижилт хийгдээгүй, ногоон байгууламж, явган зам, гэрэлтүүлэг муутай, зогсоол нь дутмаг. Тохижилтыг зургаа гаргаад нэг мөр шийдчихвэл системтэй, эмх цэгцтэй болох юм.

-2024 оны төсвийг аль чиглэлд түлхүү чиглүүлэх саналтай байна вэ?

-2024 оны хөрөнгө оруулалтыг шаардлагатай зүйлдээ, томоохон бүтээн байгуулалтад чиглүүлээсэй л гэж бодож байна. Томоохон гээд хувийн хэвшлийн орон сууцыг аймгийн хөрөнгөөр барих ёсгүй л дээ. Үүнд, Эрдэнэт хотод тулгамдсан амралт соёлын газрыг шийдвэрлэх юмуу, аль эсвэл явган замыг бүхэлд нь нэг жигд болгох, эсвэл автозамаа ямар байх тал дээр, зогсоолууд, орцнууд, хуучин орон сууцны гадна пасад ч гэх юмуу нийтээр нь, цогцоор нь асуудлыг барьж аваасай гэж бодож байна. Нэг байрыг юмуу нэг замыг барьж хийгээд ямар ч үр дүн гарахгүй байна. Гэр хорооллын утааны асуудал байна. Бүгд утаагаар амьсгалж, хүүхдүүд нь ханиад хүрээд эмнэлэг рүү яваад эхэллээ. Энэ асуудлыг цаашид хэрхэх ёстой вэ гэдэг дээр шийдэл хэрэгтэй байна. Төвлөрсөн станц байх уу, түлшээр шийдвэрлэх үү гэх зэргээр гаргалгаа олох хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.