ИТХ-ын төлөөлөгч Б.МЯГМАРСҮРЭН: Ардчилсан нам дотоод асуудлаа даван туулж, ойлголцлоо дээд түвшинд гаргах хэрэгтэй байна

Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход нэг жилийн хугацаа үлдэж байна. 2020 оноос хойш ИТХ-д сонгогдон, сүүлийн 3 жилийн хугацаанд Зэст багийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа Б.Мягмарсүрэн төлөөлөгчийг энэ удаагийн буландаа зочноор урьж, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажил болон улс төрийн намын гишүүнийнх хувьд сонирхсон асуултандаа хариулт авч түүнтэй цөөн хором  ярилцлаа.

-Мөрийн хөтөлбөртөө тусгаснаас гадна Зэст багт хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу? Таныг сонгогдох үед тухайн багийн эрэлт хэрэгцээ юу байв, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бол?

-Манай Зэст баг Орхон аймгийн анхны орон сууцны суурьшил бүс төдийгүй Эрдэнэт хотынхоо үүх түүхтэй салшгүй холбогддог. Энэ багаас Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон, гурван жилийн хугацаанд иргэдээ төлөөлөх үүрэгт ажлаа гүйцэтгэлээ. Иргэдийн болон багийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Миний бие хурлын байгууллагын төлөөлөгчийн хувьд дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх тал дээр жил бүрийн аймгийн ИТХ-ын үндсэн чиглэл, Эрдэнэт хотыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр дунд тодорхой саналуудаа тусган, тухайн жилд батлагдаж байгаа төсвийн хүрээнд тодорхой асуудлуудаа үе шаттайгаар шийдвэрлүүлээд явж байна.

Хамгийн сүүлд хийгдсэн ажлын тухайд, 2023 онд Зэст багийн нутагт дэвсгэрт 5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байна. Харин аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч бидий зүгээс Иргэдийн нийтийн хурал болон иргэдээс ирсэн саналыг эрэмбэлж авч үзээд, 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг иргэдийнхээ саналын үндсэн дээр хийсэн. Цаана нь үлдээд байгаа 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэг нь БОЭТ, Барилгачдын талбай зэрэг манай багийн нутагт дэвсгэр дээр байгаа боловч аймаг, орон нутгийн зүгээс онцгой анхаарах ёстой салбарууд руу орсон хөрөнгийг хэлж байгаа юм. Нийлэхээрээ 2023 онд л гэхэд 5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт баг дээр хийгдээд байна. Аймаг, орон нутгийн төсөв хэмжээ хязгаартай тул бид төсөв хөрөнгөө багуудад жигд хүртээх ёстой. Аль болох иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, аль болох олон иргэдэд төсвийн хүртээмжтэй хүрдэг байгаасай гэдэг үүднээс асуудлыг тавьдаг.

Бид энэ онд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 21 дүгээр цэцэрлэгт томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа нь жигд явах, эцэг эхчүүд, сурч хүмүүжиж байгаа хүүхэд багачууд нь ачтай тухтай байх тал дээр хөрөнгө оруулалтуудыг хийх жишээтэй. Мөн багийн иргэдийн эрүүл аж төрөх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, чөлөөт цагийг нь зүй зохистой өнгөрөөх тал дээр Спорт заал шинээр барих юмуу, гэрэлтүүлэг, чөлөөт цагийн талбайг нэмэгдүүлэх гээд шат дараатай олон ажил бий. Хийгдээд явж байна. 

-Зэст багт сүүлийн жилүүдэд орон сууцны барилгууд баригдсан. Гэтэл тухайн багт барилга байгууламж дагасан газрын маргаан тасардаггүй шүү дээ. Төлөөлөгчийн хувьд энэ асуудалд хэрхэн хандав?

-Нутаг дэвсгэрийн хувьд Зэст баг нь бага нутаг дэвсгэртэйд тооцогддог. 2020 онд Орхон аймгийн ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвших үеэр орон сууцны хорооллууд дунд амралт, чөлөөт цагийн талбай руу орон сууц, элдэв барилга байгууламж шахаж барьдаг асуудлыг эсэргүүцэж, энэ асуудал дээр ИТХ-аар тодорхой шийдэл гаргуулна гэж намынхаа мөрийн хөтөлбөртөө тусгаад явсан. Гэвч бид орон нутагт олонхоо бүрдүүлж чадаагүй тул бодлогоо хэрэгжүүлэх боломж олдоогүй юм. Гэсэн хэдий ч энэ асуудлыг тавиад, хөөцөлдөөд явдаг.

Энэ хүрээнд хотын Ерөнхий төлөвлөгөөнд төдийлөн ороогүй, шинэчлэгдсэн төлөвлөгөөгөөр жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад ч явдаг юмуу, иймэрхүү байдлаар олгогдсон газрууд орон сууцны хорооллууд цоолортоод олгогдсон байдаг. Эдгээр газар дээр барилга байшин барих асуудал зогсохгүй явсаар байгаа юм. Нөгөө талдаа, 2004-2008 оны бүрэн эрхийн хугацаанд хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар “Дээдэс” хорооллын зүүн талаар хотын үерийн усыг зайлуулах байгалийн сувагжилт бий. Байгалийн сувагжилтын яг хажуугийн талбайг дайруулан, дороо үйлчилгээ бүхий орон сууцны хотхон байгуулна гэдэг асуудлыг тухайн үеийн ИТХ шийдсэн юм билээ. Энэ хүрээнд “Дээдэс” компани газар чөлөөлөлтийн ажил явуулж, дээр нь сууц барьж, багийн оршин суугч иргэд болоод тухайн газар гараж эзэмшдэг иргэдтэй тулсан хэдий ч тодорхой түвшинд шийдвэрлэж, барилгын ажил нь явагдаж байна. Энэ нь хэдэн гараж чөлөөлөх тухай асуудал гэхээс гадна өнгөрсөн зуны Улаанбаатр хотод тохиосон үерийн аюулыг орхигдуулж болохгүй юм. Улмаар “Үерийн усны далангийн дэргэд орон сууцны хороолол барьж байгаа нь хэр зөв бэ” гэдэг асуултыг тавихад хүрч байна. Магадгүй өнөөдөр тайван байгаа ч нөгөөдөр үер болохыг үгүйсгэх аргагүй. Үүнийг дагаад олон иргэдийн өмч хөрөнгө, амь нас эрсдэлд орох вий гэсэн болгоомжлол байна.

-Та сөрөг хүчнээс сонгогдсон төлөөлөгч шүү дээ. Нийтлэг талаас нь харвал сөрөг хүчний төлөөлөгчдөд эрх баригч нам болоод аймгаас бага төсөв хуваарилдаг тухай яриа байдаг. Таны хувьд Зэст багт хийгдэх ажил дээр эрх баригчдын зүгээс шахалт ирдэг үү, сүүлийн 3 жилд энэ байдал хэр байв?

-Намаар хуваагдан талцах, улс төрийн өнгө аяс гаргах, улстөржих байдал нь сонгуулийн үеэр гарах ёстой юм болов уу. Харин сонгуулиар үр дүн нь гараад, нэгэнт аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болж, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гэдэг хамт олон бий болж байгаа нөхцөлд аймаг, орон нутгийн төдийгүй иргэдийн  нийтлэг эрх ашгийг хурлын байгууллага шийддэг байх ёстой гэж хардаг. Тиймээс иргэдийн зүгээс тавьсан асуудлыг эрэмбэ дараалалд нь оруулаад явах ёстой юм. Төрийн ажил гэдэг хуулиар зохицуулагддаг. Энэ ч утгаараа асуудлыг шат шатанд нь танилцуулаад явж байгаа тохиолдолд дээрх бэрхшээл учрах нь харьцангуй бага юмуу гэж хардаг.

Аймгийн иргэдийн хурлын дотоод бүтцийн байгууллагууд гэж бий. Тухайлбал, дэд бүтэц, зам талбай, инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудал гарлаа гэхэд тэр чиглэлийн хороо болон мэргэжлийн байгууллагуудыг нь багийнхаа нутаг дэвсгэрт ажиллуулдаг.  Улмаар тухайн мэргэжлийн хүмүүсээр санал, дүгнэлтүүдийг нь гаргуулдаг гэсэн үг л дээ. Ингээд олон талын дүгнэлт, бичиг баримтыг үндэслэн хурлын байгууллага, Засаг даргад саналаа тавиад явдаг учраас ажил урагштай байдаг. Ер нь бол харьцангуй үндэслэлтэй саналууд гардаг.

-Та Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшиж байсан. Сүүлийн хоёр ч удаагийн сонгуулиар Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж чадахгүй байгааг сонгогчид харж байна. Орхончуудын хувьд Ардчилсан намыг сөрөг хүчний ажлаа сайн хийх, хоорондоо эвтэй байх тал дээр сануулдаг. Гэтэл ИТХ-ын хуралдаан дээрээс харж байхад Ардчилсан намын эв нэгдэл, дотоод асуудал нэлээдгүй байх шиг байна. Таны сүүлд цахим хуудсандаа нийтэлсэн “Төлөөлөлгүй болсон шүү” гэдэг пост манай уншигчдын анхаарлыг татсан байх гэж бодож байна. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Ардчилсан намын хувьд улсын болоод орон нутгийн хэмжээнд сөрөг хүчин байна. Бид 2016 оноос хойш орон нутгийн хуралд олохийг бүрдүүлж чадсангүй, хоёр сонгууль дамнан ялагдал хүлээсэн. Энэ ялагдлын хариуцлагыг тухайн үед намыг удирдаж байсан намын удирдлага, удирдах бүрэлдэхүүн хүлээх ётсой. Энэ асуудлыг бид намын дотоод хурлаараа шийдвэрлэхийг оролдсон. Тодорхой маргаантай асуудлууд ч бий. Энэ асуудлыг ойрын хугацаанд нэг талд нь цэгцэлж, нэг чигт харж, нэг зохион байгуулалттай, нэг удирдлагатай, “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” ажиллах ёстой. Иргэд, сонгогчид Ардчилсан намыг сөрөг хүчний үүргээ биелүүлээсэй, нийгэмд болохгүй байгаа асуудлууд дээр үзэл бодлоо илэрхийлээсэй, хувь төлөөлөгч болон улстөрч асуудал яриад явах бус, намынхаа нэгдсэн бодлого, чиглэл, зорилгын дагуу ажиллаасай гэж хүсэж байгаа. Үүнийг намын гишүүд ярьдаг, хэлэлцдэг.

Нам дээр аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд гишүүд ярилцдаг, мэтгэлцдэг. Ингэхдээ бие бидээ буулт хийх ч үе байна, тал талаасаа тэсрэх ч асуудал байна. Хүмүүс янз бүрийн байдлаар эмоцио илэрхийлнэ л дээ. Таны асуусанчлан, хувийн цахим хуудсандаа оруулсан сэтгэгдэлийн тухайд товч тайлбар хэлье. Тухайн үед шат шатны сонгуультай холбоотой асуудлаар олон жил улс төрд хамт явсан нөхдүүдтэйгээ санал бодлоо солилцон, ширүүхэн мэтгэлцээн өрнүүлсэн. Санал нэгдэх асуудал ч байлаа, нэгдэхгүй асуудал ч байлаа. Тийм учраас тодорхой байдлаар саналаа илэрхийлж үзэх, гаргаад тавих бодол төрж, түүнийгээ өөрийн нүүр номын хуудсандаа илэрхийлж, хүмүүсийн хадлагыг хараад устгасан тал бий. Үндсэндээ бидний асуудлаа шийдвэрлэхийн тулд ярилцдаг олон арга хэлбэрийн дундаас гарсан үйлдэл гэх үү дээ. Хэн нэг хүн рүү чиглэсэн зүйл байхгүй. Олон жил улс төрд явсан, Улаанбаатар хотод том улс төр хийдэг хүмүүсийн хувьд орон нутагт улс төр хийж байгаа бид жижиг харагддаг нь нууц биш л дээ.

-Та 2024 он ИТХ-д нэр дэвших үү, сөрөг хүчний байр суурь өнөөдөр ямар байна вэ?

-2024 оны сонгуулийн тухай ярихад эрт байна. Бүтэн жилийн ажил бидэнд байна шүү дээ. Их хурлын сонгууль хүртэл долоон сарын хугацаа үлдсэн. Энэ хооронд Ардчилсан нам дотоод асуудлаа даван туулж, ойлголцлоо дээд түвшинд гаргах хэрэгтэй гэж харж байна. Мөн үлдсэн хугацаандаа алдсан цаг хугацааныхаа үүргээ биелүүлмээр байна. Үүний дараа аймаг, орон нутагтаа танигдсан, иргэдийнхээ төлөө бие сэтгэлээ зориулан ажиллах чадалтай, мэдлэгтэй, үе үеийн төлөөллийг хангасан бүрэлдэхүүнийг сонгуульдаа нэр дэвшүүлээд явах нь зүйтэй гэж харж байна. Тухайн хүн Ардчилсан намаас нэр дэвшигч бол “Иргэдийн төлөө юу хийж чадах вэ”, намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодлого, зорилгыг хэрэгжүүлэхэд “Энэ хүн хамтраад ажиллаж чадах уу үгүй юу” гэдэг дээр тодорхой дадлага туршлага байх ёстой. Аймаг, орон нутгийн ажил амьдралыг тодорхой хугацаанд туулсан, иргэдийг төлөөлж явж чадна гэдгээ тодорхой ажлаар харуулсан, шинэ цагийн төлөөлөл болсон, мэдлэг боловсролтой, орчин цагийн хүн байгаасай.

-2024 оны төсөв хэлэлцэх хугацаа ч ойртлоо. Олон нийтийн хардлага уг төсвийг “Сонгуулийн төсөв” гэж хараад байна?

-Ер нь сонгуулийн жилд батлагдаж байгаа төсөв ийм хардлага байнга дагуулдаг. Мэдээж эрх барьж байгаа намын тухайд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хангах, дүнгээ тавиулах сүүлийн жил болдог. Нэг талаас буруутгах аргагүй л дээ. Гэхдээ аймаг, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг нэн тэргүүнд шийдвэрлээд явах ёстой. Мөн алс хэтдээ үр дүн нь гарах хэдий ч өнөөдөр эхлэлийг нь тавих ёстой ажлууд хүлээгдэж байгаа тул эдгээр ажлууд руу чиглэсэн байгаасай. Ардчилсан намын бүлэг тодорхой хэмжээний саналаа гаргах, байр сууриа илэрхийлэх байх гэж бодож байна. Энэ бүлгийн нэгдсэн шийдвэрээр явна.

-Та Ардчилсан намаасаа гараагүй биз дээ?

-Би 1997 онд Ардчилсан намын гишүүн болж байлаа. Тэр цагаас хойш намын жирийн гишүүнээс эхлээд удирдах бүрэлдэхүүнд хүртэл дэвшин ажилласан. Намаас тодорхой хэмжээнд албан тушаал хашиж байсан тул өнөөдөр Орхон аймгийн Ардчилсан намын хорооны гишүүнээр ажиллаж байна. Зэст багийг төлөөлөн сонгогдсон хоёр төлөөлөгчийн нэг. Тиймээс Ардчилсан намын дотоод үйл ажиллагаа болон Иргэдийн хурал дээр Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаанд оролцоод явж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%