Д.НАРМАНДАХ: Энэ оны 01 дүгээр сарын 01-нээс нийгмийн даатгалын системд хэд хэдэн өөрчлөлт орсон иргэд мэдээлэл сайн авч байх нь чухал

 Орхон аймгийн нийгмийн даатгалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч  Д.Нармандахтай цөөн хором ярилцаж зарим асуултанд хариулт авлаа 

-Нийгмийн даатгалын тухай хуульд 2020 оноос хойш хэд хэдэн өөрчлөлт орсон. Иргэдийн түгээмэл мэддэггүй асуултад хариулт авмаар байна. Тухайлбал, хүүхэд асрах цалинтай чөлөө авахад тухайн гэр бүлийн хоёр гишүүний нэг нь буюу эхнэр, эсвэл нөхөр нь чөлөө авах боломжтой талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-“Өрхийн эмэгтэй даатгуулагчийг жирэмслэхэд нь төрхийн өмнөх хоёр сарын хугацаанд, амаржсаны дараах хоёр сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бодож олгодог. Олгох хугацаандаа тухайн даатгуулагчийн 12 сарын турш нийгмийн даатгалын тэтгэмжийн санд шимтгэл төлснөөс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байна” гэсэн хуулийн зохицуулалт бий. Тухайн төрсөн хүүхдийн аав хүүхдээ асрах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Мөн тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон “Хамтын гэрээ”-нд юу гэж зааснаас хамаардаг. Амьдрал дээр даатгуулагч эх төрөхийн хүндрэлээр эндэх тохиолдолд эцэг нь хүүхдээ асрах тохиолдол гардаг. Жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг тухайн даатгуулагчийн нийгмийн даатгалын буюу тэтгэмжийн санд төлсөн шимтгэлээс тооцож олгодог тул эрэгтэй хүнд тэтгэмж төлсөн бодит жишээ хараахан гараагүй байна.

-Жирэмсэн, амаржсаны тэтгэмж авахтай холбоотой нэмэлт нэг асуулт байна. Тухайн байгууллага ажилтны тухайн сарын юмуу тухайн жилийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд тэтгэмжээ авч чадахгүй асуудал үүсдэг. Энэ тал дээр ямар зохицуулалт байдаг вэ, нөхөн олголт хийдэг үү?

-Даатгуулагч нь “Тэтгэмжийн даатгалын сан”-д 12 сар, сүүлийн 6 сард нь тасралтгүй шимтгэл төлсөн байх хуулийн болзолыг хангасан нөхцөлд тэтгэмжээ бодуулдаг. Аж ахуйн нэгж, байгууллага нь “Нийгмийн даатгалын сан”-д шимтгэлийг төлөөгүйгээс иргэдэд үүсдэг хохирлыг барагдуулах хуулийн зохицуулалт бий. Үүнд, тухайн ажил олгогчийн буруугаас даатгуулагч иргэнд үүсч байгаа хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна гэж заасан байдаг. Эхний ээлжинд ажил олгогчоос тэтгэмжээ гаргуулах ажиллагаа явагдана. Хэрэв боломжгүй, ажил олгогч нь тухайн даатгуулагчид олгохгүй бол манай талаас шимтгэлийг бүрэн төлөгдсөний дараа даатгуулагчид тэтгэмжийг нь бодож олгох зохицуулалттай.

-Тэтгэмж олголтын хугацаа хэтэрсэн ч хамаагүй гэсэн үг үү?

-Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах тал дээр шат дараалсан хуулийн зохицуулалт, арга хэмжээг авч ажилладаг. Байгууллагын харилцах дансыг хаах, Шүүхийн байгууллагад шилжүүлэх зэрэг арга хэмжээ авагдсаны дараа шимтгэл нь төлөгдвөл тухайн даатгуулагчид хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд тэтгэмжийг нөхөн олгох боломжтой.

-Жирэмсэн, амаржсаны тэтгэмж авахад лавлагаа бүрдүүлдэг. Е-монголиа аппликэйшнээс авч байгаа лавлагааг албан ёсны гэж үзэх үү?

-2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын системд шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудын 1, 2-р сарын тайланг бүрэн авч эхлээгүй байна. Иймд цалингийн мэдээлэл е-монголиа системд хараахан орж амжаагүй байгааг энэ дашрамд дуулгая. Систем шинэчлэгдэн, мэдээлэл хэвийн болсон тохиолдолд QR код бүхий е-монголиа системээс авч байгаа лавлагаа нь нийгмийн датгалын байгууллагаас гарч байгаа лавлагаа мэдээллийг бүрэн орлож, виз болон цалингийн, ипотекийн зээл авах материалд бүрэн тооцогдоно.

-Энэ оны 01 дүгээр сарын 01-нээс хуулинд ямар нэмэлт зохицуулалт хийгдсэн талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-“Үндэсний ажил мэргэжлийн жагсаалт”-д үндэслэн, нийт аж ахуйн нэгж, байгууллагад даатгуулагчийн ажил мэргэжлийн жагсаалт, кодууд өөрчлөгдөн орж байгаа. Үүнийг нэн тэргүүнд үнэн зөв оруулах нь маш чухал.  Нийгмийн даатгалын багц хууль анх 1995 онд батлагдсанаас хойш 30 жилийн хугацаанд анх удаа, шинэчилсэн найруулгаараа хэрэгжиж эхэлснээрээ онцлогтой. Хуулийн гол агуулга, зохицуулалтууд даатгуулагчид ээлтэй, давуу тал нь бид өмнө нь хуваарилалтын тогтолцоонд байснаа тэтгэврийн даатгалын нэрийн дансны хуримтлалын тогтолцоо руу аажмаар шилжих эрхзүйн орчин бүрдэж өгснөөрөө иргэд, даатгуулагчид нэлээд давуу, онцлог хууль болсон гэж үзэж байна.

-Ажил мэргэжилтэй холбоотой код гарч байх шиг байна. Ажил мэргэжлийн нэршил дээр та ямар мэдээлэл өгөх вэ?

-“Үндэсний ажил мэргэжлийн жагсаалт” гээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайдын тушаалаар баталсан жагсаалт бий. Энэ нь Олон Улсын ажил мэргэжлийн жагсаалтаас Үндэсний ажил мэргэжлийн жагсаалтыг орчуулан гаргаж ирсэн юм билээ. Тухайн даатгуулагч иргэний ажил мэргэжлийн жагсаалтыг нийгмийн даатгалын тайландаа үнэн зөв оруулж өгөх нь зүйтэй. Ингэснээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан даатгуулагч тэтгэврээ тогтоолгоход маш чухал. Ялангуяа уул уурхайн салбар, хүнд нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлж байгаа салбарынхан үнэн зөвөөр оруулж өгснөөр дараа дараагийн үр дагаврууд нь гардаг.

-Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан газруудад кодтой холбоотой өөрчлөлтүүд орох уу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан өгдөг бүх аж ахуйн нэгж, байгууллага үүнд хамаарна. Үүнд бүх ажил мэргэжлийн ажилтан, албан хаагч, даатгуулагчдийн хөдөлмөрийн нөхцөлийн ажил мэргэжлийн код бүх хүн дээр өөрчлөгдөж  орж байгаа гэж ойлгож болно.

-Ажлаас халагдсаны дараах тэтгэмжийг иргэд тодорхойлолттой холбон ойлголдог. Тухайн байгууллага нь халсан, халаагүй гэсэн маргаанаас болоод ч юмуу асуудал гарч ирдэг. Энэ нөхцөлд даатгуулагчдад ямар мэдээлэл өгөх вэ?

-“Ажилгүйдлийн тэтгэмжийн даатгалын сан”-д нийтдээ 24 сар шимтгэл төлсөн байх, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн даатгуулагчийн хувьд эрх нь үүснэ. Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хөдөлмөр идэвхтэй хайж байгаа иргэнээр бүртгүүлсэн тухай тодорхойлолтыг манайх авдаг. Бусдаар бол ажилгүйдлийн тэтгэмжийн материалд шимтгэл төлсөн лавлагаа, тушаалыг анхан шатны материалд бүрдүүлж авдаг. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, ажилгүйдлийн материалыг цахимаар бүрдүүлэн өгөх боломж бүрдсэн байгаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.