C°/C°
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал анхаарлын гадна хоцордог учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү жил ирэх тусам нэмэгдэж байна. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 65 бол эмэгтэй хүнийх 75 байдаг. Иймд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд сүүлийн 5 жилийн хугацаанд онцгойлон анхаарал хандуулж -БОЭТ-ийн эрэгтэйчүүдийн кабинет байгуулагдсан. Урьд нь эрэгтэйчүүдийн эмчтэй байсан боловч кабинетын системд шилжээгүй байсан юм.Бид энэ удаа БОЭТ-ийн урологийн их эмч. Э.Ариунболдтой нэг сэдвээр ярилцан, цөөн асуултад тодруулга бэлтгэлээ.
-Иргэдийн тэр дундаа эрчүүдийн үзлэгийн талаар мэдээ мэдээлэл, ойлголт хэр байна вэ?
-Орхон аймагт Эрэгтэйчүүдийн кабинет тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд орчин үеийн залуучуудын мэдлэг мэдээлэл ч харьцангуй нэмэгдсэн санагддаг. Тэд, “Манай аймагт эрэгтэйчүүдийн кабинет ажилладаг”, “Эрэгтэйчүүдийн эмч байдаг” гэсэн ерөнхий ойлголт мэдээллийг авч, эмчид үзүүлж, хэвших хандлагатай болсныг онцлох нь зүй байх. Эрчүүд маань зорьж ирээд үзүүлдэг болсон нь эмч хүний хувьд сайхан байна.
-Таны харж байгаагаар эрүүдийн нөхөн үржихүйд ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Дийлэнх тохиолдолд эрчүүдийн бэлэг эрхтэн, түрүү булчирхай, төмсөг, дайврын эмгэгүүдийн 70-80 хувьд нь тохиолдож байгаа шалтгааныг бэлгийн замын халдвараас үүдэлтэй гэж үзэж болохоор байна. Бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх ойлголтыг хүүхдэд багаас нь өгөх, бэлгийн боловсрол олгох сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлууд зохион байгуулах шаардлагатай гэж харж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан, өсвөр үеийнхэнд мэдээ мэдээлэл, мэдлэг олгох нь нэн чухал байна.
-Үзлэгээр гарч байгаа түгээмэл оношийн тухайд та юу хэлэх вэ?
-Бэлгийн замын халдварт өвчин гэхээр эрчүүд ДОХ, тэмбүү, заг хүйтэнгээр төсөөлдөг бол тэдгээрээс гадна 13-14 төрлийн халдвар бий. Мөн эдгээр нь шинж тэмдгийн хувьд ил бус, далд явцтай байдаг тул түрүү булчирхайг томруулах, төмсгийг үрэвсүүлэх, хавдуулах шинж тэмдэг илэрдэг. Залуучууд заг хүйтэн юмуу тэмбүүгээ эмчлээд эдгээчихлээ гэхэд түүнийг дагасан бусад вирус, бактераар халдварладаг олон төрлийн халдвар эмчлэгдэх боломжгүй үлддэг. Улмаар өвчин нь архагшиж, төмсгийг үрэвсүүлж, түрүү булчирхайг шохойжуулах, томруулах зэргээр зовиур илэрч эхэлдэг. Ер нь “Надад шинж тэмдэг илрээгүй, би өөрийгөө халдвар аваагүй” гэж бодох нь л буруу байдаг. Шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж, зөвлөгөө авах нь чухал.
-Эмэгтэйчүүд тодорхой насны үечлэлтэйгээр эсийн шинжилгээ өгч байна. Эрэгтэйчүүдийн тухайд жилдээ 2-3 удаа өгөх шаардлагатай шинжилгээ гэвэл юу байж болох вэ? Та ямар шинжилгээг зөвлөх вэ?
-Эрчүүдийн тухайд жилдээ 1-2 удаа түрүү булчирхайгаа эход харуулж байх шаардлагатай гэж зөвлөнө.
-Эрэгтэйчүүдийн эмч ямар төрлийн үзлэг хийдэг талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Бөөр, шээсний замын мэс заслыг эрэгтэйчүүдийн эмч хариуцдаг. Эрчүүд бэлгийн идэвхтэй амьдралтай үе буюу 20-30 насанд бэлгийн замын халдвараас үүдэлтэй өвчлөл их байдаг. Энэ тохиолдолд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх нь элбэг байгаа юм. 30-40 насныханд түрүү булчирхай, төмсөг, дайврын архаг үрэвслийн шинж тэмдэг түгээмэл гарч байгаа бол 50-аас дээш насанд түрүү булчирхай томрох нь элбэг байна. Харин бага насны хүүхдэд тээрхийн арьс эргэхгүй байх, төмсөгний уйланхай зэрэг өвчлөл түгээмэл гарах болсон. Наснаас хамаараад өвчлөлийн тохиолдлууд дээр дурьдсанчлан өөр байх тул манай кабинетын зүгээс нас насанд нь тохирсон оношилгоо эмчилгээг хийж байна.
-Орон нутагт ямар төрлийн хагалгааг хийж байна бэ?
-Одоогоор бөөр шээсний зам, урологийн 10 гаруй төрлийн дурангийн болон нээлттэй мэс заслыг бид хийж байна. Тухайлбал, түрүү булчирхай, давсагны чулуу, шээлгүүрийн нарийсал засах, шээлгүүрийн чулуу авах, станд гуурс тавих, нөхөн сэргээх мэс засал, төмсөгний венийн судасны үрэвсэл, хүүхдийн тээрхийн арьс авах зэрэг мэс засал багтдаг. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн амбулаториор жилдээ 1300-1500 хүн үйлчлүүлж, 300-400 нь дурангийн болон нээлттэй хагалгаанд орж байна.
-Кабинет байгуулагдсанаар ямар үр дүн гарсан бэ?
-2019 онд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр манай кабинет байгуулагдсан. Үндсэндээ аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс тухайн үед бодлогоор энэ кабинетыг байгуулсан юм. Тэр цагаас эмчээ сургаж, бэлтгэхийн зэрэгцээ дурангийн багаж тоног төхөөрөмжийн санхүүжилт хийгдэж, 2021 оноос дурангийн мэс заслыг бид орон нутагтаа хийж эхэлсэн.
Манай аймгийн энэ туршлага “Анх удаа, орон нутагт эрчүүдэд зориулсан кабинет нээсэн, үзлэг хийж тогтмолжсон, аймгийн санхүүжилтээр хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан, дурангийн мэс засал хийдэг болсон, хагалгаа нь цаашдаа нутагшсан, эмнэлэг өөрийн хөрөнгөөр бөөрний дурангийн багаж авч суурилуулсан" гэдгээрээ улсад жишиг ажил болсон. Улаанбаатар хотод төвлөрдөг байсан ачааллыг сааруулж, улсын 1, 2, 3-р эмнэлэг дээр “Эрдэнэтээс” гэж зорьж очдог хүнгүй, орон нутагтаа бүх асуудлаа шийдвэрлээд явж байна. Яамны зүгээс энэ ажлын үр өгөөжийг олж хараад, таван аймагт тоног төхөөрөмжийг нь шийдвэрлэн, кабинет байгуулсан.
-Кабинетыг цаашид ямар талаар нь өргөжүүлэх шаардлагатай байна вэ?
-Манайх 2024 онд амбулаторидоо оношлогооны дурантай болохоор төлөвлөн, тоног төхөөрөмжөө захиалаад байна. Ийм төрлийн дурантай болсноор эрэгтэй эмэгтэй ямар ч хүнд давсагны дуран хийх, түрүү булчирхайг дурангаар оношлох, давсганд үрэвсэл, чулуу байгаа эсэхийг оношлох боломжтой. Цаашлаад эмнэлгийн алсын хараанд тусгагдсаны дагуу 2025-2026 онд Эрдэнэт хотдоо “Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийнэ” гэсэн зорилт тавьсан. Үүний төлөө бид ажиллаж байна.
-Үргүйдлийн талаар та ямар мэдээлэл өгөх вэ?
-Орон нутагтаа үргүйдлийг оношлох, эмчлэх бүрэн боломжтой болсон. Энэ чиглэлээр хяналтандаа ороод явах бүрэн боломжтой хувийн эмнэлгүүд ч байна. “Эрдэнэт медикал”, “Баян-Өндөр мед” эмнэлэг нь дээрх чиглэлийн оношилгоо, эмчилгээг Эрдэнэт хотод хийж байгаа нь үргүйдлийг шийдвэрлэхэд томоохон түлхэц өгч байна.
-Таны зүгээс эрчүүдэд хандан ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эрэгтэйчүүд минь, өөртөө хайртай байгаарай. Бид ажилтай, ар гэрээ авч явдаг гээд маш том хариуцлага үүрч байгаа нь үнэн. Ажлаа хаяад явчихаж болдоггүй, эрүүл мэнддээ асуудал үүссэн бол ажлаа нэг өдөр хойш нь тавиад үзүүлж, харуулж, зөвлөгөө авдаг байгаарай. Хугацаа алдвал биед үүссэн өвчин архагших, хүндрэх, амь насанд аюул учрах эрсдэлтэйг мартаж болохгүй. Та эрүүл байж л ар гэрээ авч явна шүү.
СЭТГЭГДЛҮҮД /0/