Н.Азхүү: Эрдэнэт хотын түүхэнд орон сууцанд их хэмжээний гал гарч байсан удаа байхгүй ээ...

Хот төлөвлөлт гээд ярихаар ямар ч дарга, мэргэжилтэн дараах хэдэн хүчин зүйлийг ярьдгийг анзаарна. Газар, барилга, зам, дэд бүтэц, гэр хороолол, сургууль цэцэрлэг, эмнэлэг, хүн ам, мөнгө гээд “объектив”зүйлс, цаашлаад төлөвлөгөө, тогтолцоо, удирдлага, хууль, менежмент, ажлын байр гээд субъектив хүчин зүйлсээр хотыг тодорхойлон төлөвлөж иржээ. Энэ дунд ХҮН хэмээх хамгийн гол зүйлийг мартсан. Аливаа асуудлын шийдлийг гаргахдаа гол төвд хүнийг тавьж чаддаггүй нь бидний, магадгүй монгол төрийн хамгийн том алдаа.Эрдэнэт хот жилээс жилд өндөр барилгуудаар хүрээгээ тэлж байгаа ч барилга дагасан асуудлууд гарсаар байна. Бид энэ удаад “Гранд гарден” хотхоны барилгад гэнэтийн гал гарсантай холбоотой барилгуудад тавигддаг шаардлагын талаар байцаагч Азхүүтэй ярилцлаа.

-Юуны өмнө та бидэнд Эрдэнэт хотын барилгажилтын талаар тойм мэдээлэл өгөхгүй юу? Хяналт шалгалтын ажил явагдахад газар хөдлөлтөд тэсвэртэй байх асуудал нэн тэргүүнд яригддаг шүү дээ?

-Эрдэнэт хотын барилгын бүтээн байгуулалтын ажил 1981 он хүртэл явагдсан. Харин 1981 оноос хойш Монгол Улсын Барилга архитектур, техник хяналтын улсын хороо, МАН-ын Төв хороон дээр асуудлыг ярилцаад, тухайн үед улс орныг удирдаж байсан хүмүүсийн болоод Барилга, барилгын материалын яамны захиалагчийн хүсэлтээр Эрдэнэт хотын барилгыг нэг шатлалаар бууруулж, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй байхаар шийдвэрлэн, барьж эхэлсэн байдаг. Ингэж 4, 5, 6-р хорооллын барилгууд 5 давхар загвартай баригдсан. Үндсэндээ зөвлөлтийн мэргэжилтнүүд манай хотын барилгыг 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэйгээр, бат бөхийн өндөр үзүүлэлттэйгээр барьж эхэлсэн. 1990 оноос хойш буюу зах зээлийн шилжилтийн үед тоймтой барилга баригдаагүй, барилгажилт үндсэндээ зогсож, 2007 оноос 7-р хорооллын бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Эрдэнэт хотод барилгажилтын ажил эрчимжсэн гэж үздэг. Өнөөдрийн байдлаар 7, 7А, 1А, 2А, 11, Уурхайчин 1, 2, 3 гээд олон хотхон, хорооллууд баригдаж байгааг та, бид мэднэ. Өнгөрсөн онд бид 35-40 барилгад хяналт шалгалт хийж, 12-14 сая төгрөгийн торгууль тавьж, 23 албан шаардлага, 3 акт хүргүүлж, хэрэгжилтийг нь хангуулан ажилласан. 

-2024 онд баригдаж байгаа барилгуудад хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн болов уу, нийгмийг цочроосон үйл явдлуудаас хамаараад нэн тэргүүнд барилгын чанар стандарт яригдаж байна?

-Энэ оны тухайд 10-аад хоногийн өмнөөс хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн тул акт болон албан шаардлага одоогоор тавигдаагүй байна. Өнгөрсөн оны шалгалтаар барилгын үндсэн даацын хийц дээр бид онцгой анхаарч ажилласан. Тухайлбал, “Хэрлэн зураглал” ХХК-ийн үндсэн даацын хийц нь бүрэн цутгамал, төмөр карказан хэдий ч сийрэгжилт ихтэй, бетоны марк болон бат бөх чанар хангалтгүй байсан учраас хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, албан шаардлага, акт хүргүүлж ажилласан. Ингээд өнгөрсөн оны 09, 10 дугаар сард хөндлөнгийн шинжээчдийн баг дахин ирж үзээд, 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн дүгнэлт гаргасан тул энэ хавраас “Хэрлэн зураглал” ХХК-ийн барилга баригдаад явах, манай зүгээс барилгыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

Даацыг хүчитгэх юмуу ямар нэг шаардлага тавьсан барилга одоогоор байхгүй ч барилгын ажлын явцад үндсэн даацын карказ болох бетон, арматурын шинжилгээг тухайн аж ахуйн нэгж тогтмол өгч байх шаардлагатай. Цаг алдсанаас болж, лабораторийн шинжилгээний хариугаа аваагүй хэрнээ дараагийн давхараа эхлүүлсэн зэрэг зөрчил илэрдэг юм.

-Байцаагч нар шалгалтыг ямар түшинд явуулдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Барилгын байцаагч тухайн барилга дээр ажиллахдаа бүх зүйлийг нь нэг бүрчлэн үзэж шалгах эрхзүйн орчныг төрөөс хаасан. Аль ч төрлийн хяналт шалгалт хийж байгаа улсын байцаагчид ийм төрлийн хяналтууд тавина гэсэн батлагдсан хуудас байдаг тул тухайн хуудасны хүрээнд л шалгалт явуулдаг. Тухайлбал, 17 дугаар ссургуулийн шал цөмөрсөн асуудал гарсан. Барилга барьж байх үед шороо нь нягтралаа хангасан уу, хайрга, дайрга нь юу хийв гэх зэргээр улсын байцаагч үзэх эрх нь батлагдсан хуудсаараа хаалттай байх жишээтэй.

-Барилга хот байгуулалтын сайдыг ирэх үеэр аймгийн Барилгын зөвлөлийнхөн хуралдсан. Хяналт тавьж байгаа ажилтны эрх хязгаарлагдсан нь?

-Яамнаас хяналтын хуудсыг боловсруулж гаргахдаа биднийг “Саналаа өг, тусгана” гэдгийг хэлсэн. Гэхдээ энд нэг зүйл нэмж хэлэхэд, аливаа зүйл хоёр талтай л даа. Хяналт шалгалтын хуудасгүй гээд үзэж шалгахгүй өнгөрнө гэсэн үг биш юм. Бид өнөөдрийн байдлаар нэг барилгын талбайд очиж ажиллахдаа 168 асуулт буюу 5 хуудас бичгийн цаас бөглөдөг. Гэтэл энэ асуулт бүхий шаардлага нэмэгдээд ирэхээр 5 хоног байтугай ажиллах хэрэгтэй болно. Улсын байцаагч жилдээ 1-2 удаа очиж барилгын талбайд ажиллахдаа шаардлагаа тавиад явдаг юм. “Барилгын тухай хууль”-ийн 36-40 дүгээр зүйлд зааснаар барилгын ажлын явцад барилгын хяналтыг захиалагч зохиогч хоёр тогтмол хийж акт хөтлөхөөр заасан нь бий. Барилгын ил, далд ажлыг хуулийн хүрээнд эрх бүхий субъектууд актаар үзэж танилцахыг хуулиар зааж өгсөн байдаг.

-Барилгад хяналт тавьж байгаа байцаагчийн ажлын хамрах хүрээ хэр том байдаг вэ? Энэ тал дээр та тодорхой мэдээлэл өгвөл? 

-Эрдэнэт үйлдвэрийн хамааралтай 934 объект, Эрдэнэт хотын хамааралтай баригдаж байгаа 35 объект, 10-аад барилга, ашиглагдаж байгаа 300 гаруй барилга байгууламж гээд энэ бүх барилгын ашиглалт, угсралт, засварыг ганц миний бие үзэж танилцдаг учраас барилга бүр дээр очоод, бүх зүйлийг нь үздэг болъё гэж гуйгаад ч амжихгүй. Тиймээс “Барилгын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангахад Улаанбаатар хотод 50 байцаагч ажиллаж байхад орон нутагт ганц байцаагч байна. Нэг байцаагчийн орон тоо орон нутагт сул, мөн нэг орон тоо нэмж батлуулах талаар яригдаж байна. Сул орон тоон дээр хараахан байцаагч аваагүй байгаа. 

-Таны тухайд салбартаа хэр удаан ажиллаж байна вэ? Улсын комисс тухайн барилгыг хүлээн аваагүй байхад барилгын компани нь иргэдээ оруулчихсан байдаг. Ийм үед барилгын компанид ямар хяналт тавьж ажилладаг вэ? Иргэд байраа захиалчихаад орж чадахгүй байгаад ямар нэг хяналт байна уу?

-2А хороолол дээр улсын комисс ажилласан. Зарим гишүүд гарын үсэг зураагүй байсан тул улсын комисс бүрэн ажилласан гэж үзэх үндэслэл бүрдэхгүй байгаа юм. Хоёрдугаарт, улсын комисс ажиллаагүй байхад айл оруулсан, үйлдвэрлэл үйлчилгээ явуулсан тохиолдолд “Зөрчлийн тухай хууль”-ийн 12.1-д зааснаар тухайн хариуцсан захиалагч, хуулийн этгээдэд торгуулийн арга хэмжээ авдаг хуультай. “Гранд гарден” хотхоны шатсан барилгын тухайд барилгын гадна дулаалгыг зураг төсөлд заахдаа, цагаан хөөсөн полистрол хавтан байхаар өгсөн. Улмаар эхний блокуудыг барихдаа намайг анхны шалгалтаар очиход, үйлчилгээний хэсгийн зоорийн давхруудыг шүршдэг полирутан материалаар хийсэн. Энэ үед газар дээр нь тухайн материалын гал дэмжих, эсэхийг шалгаж үзэхэд, шалгалтаар тухайн материал нь гал дэмждэггүй буюу ассан ч өөрөө унтардаг болохыг тогтоосон. Уг материал нь дулаан тусгаарлах болон галд тэсвэрлэх чанар өндөр, ус чийг дотогш нэвтрүүлдэггүй давуу талтай байсан тул энэ материалаа барилгын хананд хэрэглээч гэдэг саналыг барилгын компанид уламжилсан. Ер нь аливаа барилгын зураг төсөв хийгдэхээс эхлээд ашиглалтад ортол галын холбогдолтой бүхий л асуудлыг Онцгой байдлын газар хариуцаж, хяналтаа тавьдаг. Миний хувьд барилгын материал нь гал дэмждэг эсэхэд байнгын хяналт тавьж ирсэн. Энэ дагуугаа материалыг буцаасан тохиолдол ч олон бий.

-Эрдэнэт хотын хэмжээнд урьд өмнө нь барилга шатаж байсан тохиолдол байдаг уу?

-Баталгаатай хэлэхэд, сүүлийн 18 жилийн хугацаанд ямар нэг барилгад галтай холбоотой асуудал үүсээгүй.

-Ганцаараа ажиллах нь “Ашиг сонирхлын зөрчилтэй байх вий” гэсэн хар төрүүлж байна?

-Би ганцаараа ажиллаж, ганцаараа төлөвлөдөг юм биш л дээ. Хяналт шалгалтын хуудасны хүрээнд барилга дээр нь очиж танилцана, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт, эсвэл итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт, барилгын оролцогч талуудын дүгнэлтийг гаргадаг.

-Улсын комисс хүлээн аваагүй байрууд манай аймагт нэлээд бий. Яг үнэндээ хариуцлагын тогтолцоо явагддаггүй. Ер нь хариуцлагын ямар тогтолцоо байна вэ?

-Нэгд, хот байгуулалтын байцаагч орон тоон дээр 3 удаа ажилтан авахад цөөн хэдэн сар ажиллаад ажлаа өгөөд буцсан. Магадгүй, цалин мөнгө, ажлын ачаалалтай нь холбоотой байсан байх. “Төрийн албаны чиг зүүргээ ханган биелүүлээгүй тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн Төрийн албан тухай хуульд тодорхой заалт бий. Гэхдээ барилга гэдэг урт удаан настай, олон жилийн эдэлгээтэй зүйл л дээ. Үндсэн карказтай барилгуудын насжилтыг сүүлд 125 жилээр тогтоосон гээд бодохоор энэ яваа насандаа барилгатай холбоотой ашиг сонирхол үүсгэвэл өөртөө л асуудал учруулсан хэрэг болно доо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%