А.Мөнхбат: Хэрэв хууль зөрчиж байгуулсан бол өнгөрсөн 15 жилийн хугацаанд гэрээг хүчингүй болгож цуцлах, байгуулсан хүмүүст хуулийн хариуцлага тооцох бүрэн боломж байлаа шүү дээ

Сүүлийн үед “Ачит Ихт” компанийг тойрсон элдэв дуулиан нэлээд байгаа бөгөөд энэ талаар хүмүүс ойр зуураа байж болохгүй зүйл хийж байгааг ярьж байгаа ч гарч ирээд хэлэх нь хомс. Харин “Ачит Ихт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн А.Мөнхбат үгээ хэлэхийг хүссэн юм.

“Ачит Ихт” ХХК-ийн талаар Монгол Улсын Засгийн газар зарим шийдвэр гаргасан. Та энэ компанийн ТУЗ-ийн гишүүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Би “Ачит Ихт” ХХК-ийн ТУЗ-д сүүлийн 6 жилийн туршид ажиллаж байна. Тэгэхдээ тус компанийг төлөөлөх хүн биш.  Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийг би хувьдаа маш их цочирдож хүлээж авсан.

Гэнэтхэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн талаар Ерөнхий сайд нь сүржин мэдэгдлүүд хийгээд маргааш өдөр нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд эдийн засагт амжилттай ажиллаж, олон зуун өрхийн амьжиргааг авч яваа, төрийн болон орон нутгийн төсөвт татвар хураамжаа хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор бараг үлгэр жишээ төлж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж буй нь харамсалтай.

Ийм шийдвэр гаргахдаа гэнэт ингэж зогсоовол үйлдвэрийн үйл ажиллагааг доголдуулахаас гадна байгаль орчинд үзүүлж болох аюултай, сөрөг үр дагавар, хохирлыг ч тооцолгүй шийдвэр гаргасан байна гэж харагдсан.

Ингэж гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагчдыг хөөж тууж байгаа хачин гэхэд багадахаар шийдвэр гаргаж байсны оронд ашигт малтмал, эрдэс баялгийн маш таатай гадаад нөхцөл орчин бүрэлдээд байгаа өнөөгийн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тал дээр анхаарсан бол эдийн засгийн хөгжилд хэрэгтэй байж дээ л гэж харж байгаа.

Та Оюу Толгой төсөл дээр ажиллаж байсан туршлагатай хүн шүү дээ. Энэ талаараа тодруулаач.

Дэлхийн зах зээл дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө ихээхэн өрсөлдөөн явж байна. Манайх шиг хөгжиж байгаа орон байтугай өндөр хөгжилтэй Америк, Европын орнууд хүртэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахуйц тааламжтай орчин бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Монгол Улсад ялангуяа Оюу Толгойн гэрээг байгуулах хүртэл төр, засгийн түвшинд гадаадын хөрөнгө оруулах талаар анхаарч ярьдаг байснаа одоо бол гадаадын хөрөнгө оруулагчийг татах талаар ярьсан хүнийг урвагч гэж цоллох хүртэл хандлага өөрчлөгдсөн нь туйлын буруу бөгөөд эмгэнэлтэй.

Оюу Толгойн гэрээ бол тухайн үед хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд л байгуулагдсан. Алдаа дутагдал гарсан л байх. Тэгэхдээ тэр бол гэрээг байгуулсан хүмүүсийн алдаа, буруу гэхээсээ Монгол Улсын хууль тогтоомж боловсронгуй бус байсны л үр дагавар гэж би хувьдаа боддог. Хэрэв хууль зөрчиж байгуулсан бол өнгөрсөн 15 жилийн хугацаанд гэрээг хүчингүй болгож цуцлах, байгуулсан хүмүүст хуулийн хариуцлага тооцох бүрэн боломж байлаа шүү дээ. Тиймээс одоо зэсийн үнэ 10000 доллараас анх давж Оюу Толгой төслийн зах зээлийн үнэ цэнэ урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн байхад Гэрээний хэрэгжилтэд байгаа бэрхшээлүүдээ шийдвэрлэх, жилдээ 200 гаруй мянган тонн зэс олборлодог төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг дээшлүүлэхэд л онцгой анхаармаар байгаа юм. Ийм байхад Эрдэнэс Оюу Толгой төслийн захирал нь төрийн эрх мэдлийн төлөө улстөржиж сонгуульд нэр дэвших гээд чөлөөлөгдсөн явж байх жишээтэй.

Гэтэл манай Засгийн газар жилдээ дөнгөж 7-8 мянган тонн зэс үйлдвэрлэдэг, үлгэр жишээ болохуйц “Ачит  Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар л гэж харж байна. Зэсийн үнэ анх 2007 онд 8800 доллар хүрэхэд манай зарим популист улстөрчид хөөрцөглөж дэлхийд хосгүй 68 хувийн онцгой татвар хүртэл санаачилж байсан юм.   Түүний улмаас төсөл гацаж зэсийн үнийн онцгой мөчлөгийг алдаж байсан түүхтэй. Одоо зэс өндөр үнэтэй байгаа дээр хурдан яриа хэлэлцээгээ хийгээд авбал хөрөнгө оруулагчдад ч , баялгийн эзэн Монголын ард түмэнд ч ашигтай.

“Ачит Ихт”-ийн хувьд өнөөдөр үүсээд байгаа байдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж та бодож байна вэ?

Хэлэлцээ хийх л хэрэгтэй гэж бодож байна. Засгийн газар дээрэлхээд дангаараа хүч хэрэглээд байх нь баян хүнийг харахаараа атаархаж нүд нь хорсдог бүлэг хүмүүст таалагдаж болох ч Монгол Улсын гадаад нэр хүндэд алсуураа нэн хор хөнөөлтэй юм. “Ачит Ихт”-ийн хувьцаа эзэмшигчид 34 хувиа өгье л гэдэг юм билээ. Олон ч удаа санал болгосон. Эрдэнэт үйлдвэр л ашиггүй, эрсдэлтэй гээд удаа дараа аваагүй гэдэг. Зөвхөн “Ачит Ихт” ч биш “Зэс Эрдэнэ”-ийн хувьд ч эзэмшиж байсан 34 хувиа хүртэл буцааж цуцалсан гэсэн.

Ерөнхийдөө бол эрсдэлтэй л дээ. Зэсийн үнэ өндөр байхад л ашигтай болохоос зэсийн үнэ унасан байхад бол нэгэнт л хувьцаа эзэмшигч болчихвол зардлаас нь хуваалцаж л таараа. Зэсийн үнэ 2015 онд унасан, доогуур байхад Эрдэнэт УҮГ “Ачит Ихт”-ийн 34 хувийг авахаас татгалзсан байх. Ер нь Монгол Улсын эдийн засаг хэтэрхий ашигт малтмалын салбараас хамааралтай, эдийн засгийн өсөлт нь ашигт малтмалын үнийн олон улсын зах зээлийн мөчлөгөөс шалтгаалдаг болчихсон.

Харин “Ачит Ихт”-ийн  компанийн засаглал сайн, ажилтнуудын мэргэшил өндөр, технологийг нутагшуулсан чадавхи дээгүүр, гадаадын өндөр мэргэшилтэй инженер, менежерүүдийг урьж ажиллуулсны үр дүнд өндөр үр ашигтай ажиллаж байсан нь дахин 34 хувийг эзэмших дуршил, сонирхлыг нэмсэн байх. Хоёр талын тохиролцоонд хүрэхгүй байсан гол учир шалтгаан нь хувь эзэмшлээсээ татгалзсан байх үеийнхээ ногдол ашгийг нөхөн төлүүлэх гэрээ эрх зүйн ямар ч үндэслэлгүй, мунхаг шаардлагаас л болсон. Хууль дээдэлдэг, эрх зүйт төр бол хувь эзэмшилгүй байж ногдол ашгийг дээрэмдэж авах гэсэн ойлголт байхгүй биз дээ. Таны хөлсөө урсгаж олсон мөнгөөрөө босгосон бизнесийг төрийн нэгэн сайд ирснээ Монгол Улсын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулсны хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олсон 34 хувийн ашгаа хураалга гэвэл хууль ёсонд нийцэх үү. \

Тэгээд хураалгахгүй гэхэд цахилгааныг нь тасал, усыг нь хаа, бараагаа татах машиныг нь олон нийтийн замаар бүү явуул гэж баян айлын ааштай авгай шиг араншин гаргах нь нь соёл иргэншсэн, эрх зүйт нийгэмд байж болох үзэгдэл үү. Ийм гоомой шийдвэр гаргасан Засгийн газар Монгол Улсын түүхэнд хар мөр болж үлдэнэ шүү. Харвардад сурсан Ерөнхий сайдыг ямар ч “due process “ байхгүйгээр ийм хуудуутай шийдвэр гаргаж байхад нь толгой дохиод сууж байсан Хууль зүйн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарыг би гайхаж байна.

Ер нь ийм овоолго ашигладаг үйлдвэр олон улсад олон байдаг уу?

Сүүлийн үеийн тоог би сайн мэдэхгүй байна. Гэхдээ интернетээс харахад 75 үйлдвэр байдаг гэсэн. Энэ 75 үйлдвэрийн дотор төрийн эзэмшлийн үйлдвэр гарын хуруунд багтахуйц цөөн.  Тэгэхдээ уул уурхайн компаниуд өөрсдөө овоолгоо бараг л ашиглаж үйлдвэрлэл явуулдаггүй. Дэлхийд нийтдээ 650-700 орчим том жижиг зэсийн уурхай үйл ажиллагаа явуулдгаас дөнгөж 75 уурхайн овоолгыг хувь хөрөнгө оруулагчид ашигладаг гэвэл ямар дүр зураг гарах нь ойлгомжтой байх. Эрдэнэтийн хувьд ч гэсэн мэргэжлийн уурхайчид нь ийм үйл ажиллагаанд оролцохоос цэрвэдэг, татгалздаг юм билээ. Улсын биш овоолго, орд гэж угаасаа байхгүй. Гэрээ хэлэлцээрээр эдийн засгийн эргэлтэд оруулах нь дэлхийн ч, Монголын ч жишиг байх ёстой. “Ачит Ихт”-ийн 34 хувийг шилжүүлэх талаар 2021 онд хийсэн яриа хэлэлцээний үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын өгсөн мэдээллээр бол өнгөрсөн 50 гаруй жилд хуримтлагдсан овоолгод нь 130 мянган тонн зэс байгаа гэсэн. Гэтэл тэр овоолгыг түшиглээд ажиллах зорилгоор байгуулсан 3 үйлдвэрийн нийт хүчин чадал нь жилд 25 мянган тонн зэс үйлдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл овоолгоо ашиглаад 5-6 жилийн туршид л үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн үг. Тийм байхад Эрдэнэт үйлдвэр өөрөө төсвийн хөрөнгийг эрсдэлд оруулж дахин үйлдвэр барих тухай яриад байдгийг би ойлгодоггүй.

Миний мэдэхээр сүүлийн 5-6 жилийн туршид ярьж байгаа боловч тодорхой ажил хийгдэхгүй байхыг бодоход бас эрүүл сэтгэдэг, эдийн засгийн тооцоо хийдэг мэргэжилтнүүд Улсын Баатар үйлдвэрт ажилладаг л юм байна. Эрдэнэт үйлдвэр өөрөө нэг жилд үйлдвэрлэх хэмжээний зэс л 50 жилд хуримтлуулсан овоолгод байна гэсэн үг. Тэгэхээр энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж дахин төсвийн 50-60 сая долларыг эрсдэлд оруулж байсны оронд Эрдэнэт үйлдвэр нөөцөө нэмэгдүүлэхийн тулд геологи хайгуулын ажилд л хүчин чармайлт гаргасан нь үр дүнтэй байх болов уу.

Харин нэгэнт хувийн хэвшилд зохих ёсоор зөвшөөрлөө өгөөд хөл дээрээ боссон үйлдвэрүүдийн 34 хувийг эзэмшээд авах ёстой татвар, ногдол ашгийг аваад явсан нь бүгдэд ашигтай. Маргаан байвал шүүхээрээ шийдүүлээд явбал хууль дээдэлдэг орны шинж. Шийдвэр гаргасныхаа төлөө шүүхэд дуудагдаад байгаа төрийн албаныханд ч хожим хал балгүй байх.

Тухайн компанид Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хувьцаа эзэмшдэг гээд байх юм. Та мэдэх үү?

Түрүүн хэлсэнчлэн би ТУЗ-ийн гишүүнээр 6 жил гаруй ажиллаж байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч асны оролцоо байтугай, үнэр ч байгааг би ажиглаагүй. Би Цагаан даргыг 40 гаруй жилийн туршид оюутан байх хугацаанаасаа хойш таньдаг, нөхөрлөж байна. Улс төр, үзэл бодлын хувьд  санал нийлэхгүй зүйл зөндөө байдаг. Би улс төрөөс ангид хүн, хуримтлуулсан туршлага, мэдлэгийг минь харгалзан үзэж ТУЗ-дөө ажиллахыг урьсан байх.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%