C°/C°
Арьс,мах иддэг нян буюу "стрептококкийн хорт шокийн хам шинж" гэх үхлийн аюултай дэгдэлт Япон даяар хурдацтай тархаж байна. Уг нян хэр хурдан үхэлд хүргэж болохыг эрүүл мэндийн ажилтнууд анхааруулж байна. Японд энэ оны байдлаар "стрептококкийн хорт шокийн хам шинж"-ийн 1000 орчим тохиолдол бүртгэгдсэн. Өвчилсөн тохиолдолд 48 цагийн дотор шинж тэмдгүүд нь илэрч, үхэлд хүргэж болзошгүйг эмч нар анхааруулж байна.
Японд зургадугаар сарын 2-ны байдлаар 977 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны нийт 941 тохиолдлоос давсан тоо гэж тус улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ. Орон нутгийн "Асахи Шинбүн" сонины мэдээлснээр, халдвар Токио хотод хамгийн их тархсан бөгөөд энэ оны эхний хагаст 145 тохиолдол бүртгэгдсэн байна. Ихэнх тохиолдлууд 30-аас дээш насныханд бүртгэгдсэн бөгөөд нас баралтын түвшин 30 орчим хувьтай байна.
Энэ өвчин нь A бүлгийн стрептококк буюу хүүхдийн хоолойн стрептококк үүсгэдэг бактерийн эсрэг хариу үйлдэл юм. Бактерийн зарим омог нь халуурах, цусны даралт буурах, үе мөч өвдөх, хавдах зэрэг шинж тэмдгүүдэд хүргэдэг. Хэрэв эмчлэхгүй бол эдгээр шинж тэмдгүүд нь хэсгийн үхжил, эрхтэний дутагдал, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг үр дагавартайгаас гадна хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэдэг.
Стрептококкийн хорт шокийн хам шинжийн эмчилгээнд өндөр тунт антибиотик эмчилгээ, дэмжих эмчилгээ ордог бөгөөд цаг алдалгүй анхаарал хандуулах нь маш чухал юм. Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, халдварын эсрэг хамгийн сайн хамгаалалт бол эрүүл ахуй юм. Тухайлбал, гараа сайтар угаах, халдварыг цаг алдалгүй эмчлэх, арьсны аливаа шархыг сайтар хянах хэрэгтэй ажээ.
Эх сурвалж: Global News
СЭТГЭГДЛҮҮД /0/