C°/C°
ХЭҮК-оос 2024 оны наймдугаар сард 21 аймгийн хүний эрхийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, дараах зөрчлүүд буйг гаргаж ирсэн юм
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Цагаан тоосжилтын бүсэд Жаргалант сум, Говил, Баянцагаан багийн нийт 2452 өрхийн 9484 иргэд оршин сууж амьдарч байна. Мөн 2024 оны 02 дугаар сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18-р хуралдаанаар Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийн хугацааг сунгаж дахин хэлэлцэн баталсан байна. Нийт 5 зорилтын хүрээнд 18 үйл ажиллагааг тусгасан тус хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2031 он хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн эхний үе шат 2024-2027 он хүртэл хугацаанд, хоёр дахь үе шат 2028-2031 он хүртэл хугацаанд үргэлжлэхээр төлөвлөсөн байна. Нийт 5 зорилтын хүрээнд 18 үйл ажиллагааг тусгасан тус хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2031 он хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн эхний үе шат 2024-2027 он хүртэл хугацаанд, хоёр дахь үе шат 2028-2031 он хүртэл хугацаанд үргэлжлэхээр төлөвлөсөн байна. Цагаан тоосжилтын хувьд жил ирэх тусам хүдэр олборлолт нэмэгдэхийн хэрээр хаягдсан элсний хэмжээ 2018 онд 807,1 сая тонн байсан бол 2023 онд 969,2 сая тонн болж нэмэгдэн хуурай талбайн хэмжээ томрохын зэрэгцээ хаягдлын аж ахуй нь 2018 онд элстэй талбайн хэмжээ 1302.8 га, далангийн өндөр далайн түвшингээс дээш 1295 метр байсан бол 2022 онд элстэй талбайн хэмжээ 1482.4 га, далангийн өндөр далайн түвшингээс дээш 1305 метр өндөр өргөгдсөн байгаа нь агаарт дэгдэх тоосны хамрах хүрээг нэмэгдүүлж байна. Иймд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, Цагаан тоосны хаягдлын аж ахуйг төв суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлж холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй байна.
2. “Хүүхдийн тусламж”-ийн 108 утсанд 2021 онд 192, 2022 онд 2013 тус тус дуудлага бүртгэгдэж өссөн байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил нэмэгдэж буй байдлыг илэрхийлж байна. 2021 онд хүүхдийн 108 утсанд ирсэн дуудлагын 80 хувь гэр бүлийн хүчирхийлэл буюу гэр бүлийн орчинд хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл бүртгэгдсэн бол 2022 онд ирсэн дуудлагын 53 нь бие махбод, 4 нь бэлгийн, 81 нь сэтгэл санааны, 52 нь үл хайхрах хүчирхийлэл тус тус байгаа статистик тоо мэдээ гаргасан байна. Мөн 2023 оны хагас жилийн байдлаар 32 хүнд үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс 28 хүүхэд, насанд хүрсэн 4 иргэнд 10 төрлийн үйлчилгээг үзүүлсэн ба эдгээр хүмүүс давхардсан тоогоор 180 хоног байрлаж эрүүл мэндийн тусламж, аюулгүй байдлын хамгаалалт, сэтгэл зүй, хууль эрх зүйн болон асрамжлах үйлчилгээ зэрэг давхардсан тоогоор 93 удаагийн үйлчилгээг авсан байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2023 оны хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд гэр бүлээ цуцлуулсан гэр бүл салалтын гол шалтгаан дээр судалгаа хийхэд зан харилцаа таарамжгүй 44.3 хувь, гэр бүлийн талаар тогтворгүй, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг 24.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэдэг шалтгаанаас болж гэр бүл цуцлуулсан 22.9 хувь нь байна. Гэр бүлээ цуцлуулсан гэр бүлээс 1 хүүхэдтэй 38.8 хувь, 2 хүүхэдтэй 45 хувь, 3 хүүхэдтэй 11.3 хувийг эзэлж байна. Иймд гэрлэгчдэд сэтгэл зүйн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, уулзалт хийх, гэр бүлийн хөгжил-боловсрол, тогтвортой байдлыг дэмжиж сургалт, зөвлөгөөг явуулах замаар гэр бүл цуцлалтын тоог бууруулах зорилгоор Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газартай хамтран "Гэр төсөл"-ийг хэрэгжүүлсэн хэдий ч 2021, 2022 онд хийсэн үйл ажиллагаа, статистик тоо мэдээг харьцуулж дүгнэхэд хүүхдийн эрхийн зөрчил өмнөх оноос нэмэгдсэн байна.
Иймд аймгийн хэмжээнд нийт 30 багийн “Хамтарсан баг”, Ерөнхий боловсролын 27 сургуулийн “Хүүхэд хамгаалал”-ын багуудын үйл ажиллагаа болон хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны үйл ажиллагааг эрчимжүүлж, хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад онцгойлон анхаарал хандуулах нь зүйтэй байна.
3. Тус аймагт гэр бүлийн хүчирхийллийн гаралт буурахгүй байгааг цагдаагийн газрын статистик мэдээнээс харвал бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 онд 238 гэмт хэрэг, 592 зөрчил, 2022 онд 324 гэмт хэрэг, 687 зөрчил, 2023 онд 287 гэмт хэрэг, 43 зөрчил үйлдэгдсэн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгааг харуулж байна.
Хамтарсан багууд нь 2023 онд гэр бүлийн хүчирхийллийн 347 зөрчил, дуудлага мэдээллийг хүлээн авч, 209 кейсийг хааж, 138 кейс дээр ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь архидалттай холбоотойгоор нэмэгдэж байгаа бөгөөд 2023 оны 12-р сарын байдлаар архины албадан эмчилгээнд 21 иргэнийг хамруулсан байна. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газраас гаргасан гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын мэдээнээс харахад нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 2021 онд 117 буюу 23.2 хувь нь, 2022 онд 731 буюу 30.2 хувь, 2023 онд 761 буюу 26.8 хувь нь тус тус согтуугаар үйлдэгдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчлийн нэг шалтгаан болдог ба ялангуяа хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг. Иймд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийг барих ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарч, зорилтот гэр бүлийн иргэдийг ажил орлоготой болгох, амьжиргааг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байна.
4. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор 2020-2023 оны хугацаанд хэрэгжүүлэхээр батлагдсан ба уг хөтөлбөрийн хүрээнд “Жендэрийн дэд хөтөлбөр”-т 2021 онд орон нутгийн төсвөөс 41,0 сая, 2022 онд 30,0 сая, 2023 онд 27 сая, тус тус төгрөгийн санхүүжилт олгосон, дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3 жилийн хугацаанд нийт 98 сая төгрөгийн санхүүжилт олгосон ба хөтөлбөрийн хүрээнд 2021, 2022 онуудад Жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн талаар тодорхой ажлуудыг санаачилж хийсэн байна. “Жендэрийн дэд хөтөлбөр”-ийн хүрээнд тусгасан ажил болох Хүүхдийн хөгжил, хамгааллын төв “Түр хамгаалах байр”-ыг 2020 онд стандартад нийцүүлэн шинээр барих төсөл боловсруулан газрын асуудлыг шийдвэрлэж, улсын төсвийн 1,261,592.003 төгрөгийн санхүүжилтээр барилгажилтын ажлыг эхлүүлсэн боловч одоогийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй барилгын ажил зогсож тус “Түр хамгаалах байр” одоог болтол ашиглалтад ороогүй байгаа нь эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хангагдаагүй байна. Иймд “Түр хамгаалах байр”-ны барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулж хүчирхийлэлд өртсөн зорилтод бүлэгт хуульд заасан үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөлөөр хангах шаардлагатай байна.
5. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг тогтоох тухай” тогтоолын дагуу аймгийн хэмжээнд 2023 онд газар өмчлөх эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан 5 иргэний 0.07 га газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож, иргэний гаргасан хүсэлтийн дагуу 58 иргэний хамтран өмчлөх эрхийг хүчингүй болгож, 199 иргэнд 15.42га газрыг өмчлүүлсэн байна. Аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 01/1307 дугаар “Орхон аймаг дахь Хүний эрхийн Төлөв байдлын тайлан”-д тусгасан тулгамдсан асуудалд Орхон аймаг нь нийт 84.4 мянган га/кв.м нутаг дэвсгэрт Монгол Улсын хамгийн бага газар нутагтай аймаг. Нийт 29.3 мянган өрх, 106.2 мянган хүн амтай, газар зүйн байрлалын хувьд Монгол Улсын төв хойд хэсэгт Сэлэнгэ, Булган аймагтай хил залгаа оршдог онцлогтой. Цаашид хүн ам өсөн нэмэгдэх тоон судалгаатай гэтэл газар нутаг багатайгаас хамаарч иргэд газар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй, иргэдийн гаргасан газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэх асуудал удаашралтай байгаагаас иргэдийн өмчлөх эрхийн хэрэгжилт тулгамдсан асуудал болж байна.
Иймд Эрдэнэт хот нь хотын статустай хөгжихөд шаардлагатай газар нутгийн тэлэх асуудлыг шийдвэрлүүлэх талаар Улсын Их Хурал, Засаг газарт санал гаргаж, орон нутгийн нутаг дэвсгэрийн хилийн зурвасыг дахин тогтоолгох, Булган болон Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрээс тодорхой хэмжээний газрыг Орхон аймгийн нутаг дэвсгэрт шилжүүлж шийдвэрлүүлэх тал дээр анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй.
6. 2023 оны байдлаар Орхон аймгийн хүн амын 4.3 хувь буюу 4648 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний бүртгэлтэй байна. "Тэгш боломж" төслийн хүрээнд 1, 7, 20 дугаар сургуулиудад "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төв", 4 дүгээр сургуульд "Эрүүл мэндийг дэмжих төв" байгуулагдаж, ерөнхий боловсролын 7 сургуульд "Хүүхдийн хөгжил" төслийн хүрээнд хөгжим, техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүнүүд нийлүүлэгдсэн байна. Дээрх 3 төслийг 2023 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж "Тэгш боломж" төслийн хүрээнд орон нутгийн төсвийн 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 сургуульд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төв", 50.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Эрүүл хүүхэд" төслийн хүрээнд 15 дугаар сургуульд "Эрүүл мэндийг дэмжих төв" байгуулагдаж, "Хүүхдийн хөгжил" төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад 241.0 сая төгрөгийн хөгжим, техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүнүүд нийлүүлсэн байна.
Нийт 8 төрлийн 23 арга хэмжээг зохион байгуулахад 30,0 сая төгрөгийг зарцуулж, 12500 гаруй иргэнийг хамруулсан байна. MNS 5682:2006 "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам", техникийн шаардлага, стандартын хүрээнд Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга, Ерөнхий архитекторын баталсан нэг загварын зургийн дагуу орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон Баян-Өндөр, Жаргалант сумын хөрөнгө оруулалтаар дараах байршлуудад явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам барьж байгуулах, засварлах ажлыг гүйцэтгэж, 2023 оны хагас жилийн байдлаар 2384,5 м2 явган хүний замын ажил 67 хувьтай хийгдсэн байна.
7. Комиссын гишүүний удирдамжийн дагуу 2023 онд аймгийн хэмжээнд иргэдийн тогтмол үйлчилгээ авдаг нийт 32 төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудын барилга, байгууламжид MNS5682:2006 “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам, техникийн шаардлага” стандартыг хангасан болон орчин хүртээмжийг бүрдүүлсэн байдалд дүн шинжилгээ хийхэд төрийн 16 байгууллага, үйлчилгээний газруудын барилгын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэний орчны хүртээмжийг бүрдүүлээгүй буюу орох, гарах гарцын хувьд стандарт шаардлагыг хангаагүй байна.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд төрийн үйлчилгээ болон нийгмийн бусад үйлчилгээ авахад барилга байгууламжийн орц, гарцын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, шинээр ашиглалтад орж буй барилгад стандартын шаардлага хангасан налуу замтай барилгыг хүлээн авах талаар “Улсын комисс”-ын зүгээс шаардлага тавих, Комиссын гишүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг оруулах шаардлагатай. Хуучин барилгуудын хувьд MNS5682:2006 “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам, техникийн шаардлага” стандартыг хангасан налуу замын зураг төслийн гаргаж шинээр барьж байгуулах, төрийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөөг бий болгох, мөн хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд мэдээлэл авах боломж, нөхцөлийг бүрдүүлж зориулсан мэдээллийн самбарыг байрлуулах, төрийн байгууллагын тодорхой албан хаагчдыг дохионы хэлний мэдлэг, чадвартай болгох, сургалтад хамруулах шаардлагатай байна.
Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна
Ингэснээр Орхон аймагт цаашид хийж хэрэгжүүлэх анхаарал татсан олон зүйлүүд байгааг онцлов.
СЭТГЭГДЛҮҮД /0/