-16C°/-4C°
Үүл багаснa
Орхон аймгийн Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн манлайлагчдын нэг Б.Дөлгөөнтэй ярилцлаа. Энэ хавар 12Г ангийг төгсөж, мөрөөдлийн мэргэжлээ эзэмшихээр шамдаж яваа тэрээр үеийнхээ хүүхдүүдийн нэгэн адил гадаад оронд суралцах сонирхолтой. Ирээдүйд электроникийн инженер болж, эх орондоо үйлдвэр байгуулна гэх түүний яриаг сонсоод өнөө цагийн хүүхдүүдийн сэтгэлгээний цар хүрээ асар өргөн, далайцтай болсныг харж сууснаа нуух юун. Бид тэднийг хувь хүн гэхээс илүүтэй хүүхэд гэсэн нэг л өнцгөөр хардаг нь учир дутагдалтай ажээ. Ингээд өөрийгөө олох гэж, хорвоо ертөнцтэй танилцах гэж яаран буй өсвөр үеийнхний эргэн тойронд ярилцлагаа үргэлжлүүллээ.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? Эрдэнэтийн унаган иргэн үү?
-Би Эрдэнэт хотдоо төрсөн. Орхон аймгийн 6-р сургуулийн босгоор алхаж, Жавхлантуяа багшийн шавь болж байлаа. Дараа нь14 дүгээр сургуульд герман хэлний анги нээгдсэнийг дуулаад 6-р ангид орох намар сургуулиа сольсон.Одоо төгсөх ангид суралцаж байна.
-“Өсвөр үеийнхэн” гэдэг ойлголтын талаар юу хэлэх вэ?
-Бага ангид байхад 12 дугаар ангийн ах эгч нар их л том санагддаг байлаа. Өөрөө энэ насан дээр ирчихээр 12 дугаар ангийнхан амьдрал үзсэн ах эгч нар байдаггүйг ухаарсан. Бид яах учраа олохгүй, “Том болоод юу хийх вэ” гэсэн асуултанд хариулт олохоор хичээж явна. Мөн юуны төлөө хичээгээд яваагаа олох гэж, хэн болохоо тодорхойлохыг хүсэж байна.
-Орчин үед мэдээлэл хүлээн авах сувгууд олон, бас нээлттэй болсон. Цахим орчинд хэдий хэр цаг хугацаа зарцуулж байна?
-Миний хувьд хичээлтэй өдрүүдэд ойролцоогоор 2 цаг орчим хугацааг цахим орчинд өнгөрөөдөг ч амралттай байх хугацаандаа арай илүү орж байгаагаа нуухгүй. Бидний эцэг эх 60-70-аад оныхон. Тэд “одоогийн хүүхдүүд ийм, тийм болсон” гэж их ярьдаг ч хүүхдийнхээ үгийг анхаарч сонсдоггүй болохоор дунд нь зөрчилдөөн үүсээд байх шиг санагддаг. Сонссон ч сайнаар хүлээн авахгүй болохоор бодлоо дотроо хадгалдаг миний үеийнхэн олон бий. Өсвөр үеийнхэн нөхөрлөлийн тал дээр нэгнээ дуурайх хандлагатай болсон. Энэ нь цахим орчин хөгжсөний нөлөө ч байж болох юм. Хэн нэгнийг даган дуурайна гэдэг сонирхолгүй зүйлээ хийх биш л дээ. Үүнийг буруутгахад хэцүү ч зарим нь хэт хохироод байгаа харагддаг.
-Багш нар “Хичээл хийдэг хүүхэд ховор боллоо” гэж шүүмжилж байна. Ямар тохиолдолд хүүхдүүд буруу зүйлд хөл алдах гээд байна вэ?
-Одоогийн хүүхдүүд өөрийн сонирхсон зүйлдээ илүү их цаг зарцуулахыг хичээдэг болсон. Дургүй зүйлийг нь удаан хугацаагаар хийлгэж чадахгүй л гэсэн үг. Тиймээс сонирхлыг нь олоод хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Хүн ер нь өөрийнх нь дуртай зүйлийг мохоохоор “Би сайн хүн болно” гэж дотроо бодож байсан ч эцэстээ шантардаг. Энэ айдас л буруу зам руу оруулчих гээд байдаг.
-Танай үеийнхэн дунд тамхидалт хэр их байна?
-Миний харснаар их бий. Энэ нь эцэг эхчүүдтэй л холбоотой гэж хардаг. Ер нь тамхи татаж байгаа ихэнх хүүхдийн эцэг эх тамхи татдаг. Томчуудын яриаг сонсоход, 10 дугаар ангиасаа эхлээд тамхи татаж эхэлсэн гэж ярьдаг. Эргэн тойронд дан тамхидалт байвал тэр хүүхэд татагдахаас аргагүй л дээ.
-Хуучин цагт хэцүү хөвгүүд гэж байсан бол одоо хэцүү охидууд гэж ярьдаг болжээ. Охидуудын талаарх бодлоосоо хуваалцвал?
-Монгол гэлтгүй дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийн талаарх ойлголт өргөн болж, бүх л зүйлд тэгш оролцох гэдэг болсон. Энэ нь буруу биш л дээ. Бүх охид буруу болоогүй. Ажиглаад байхад харьцангуй биеэ даах чадвар нь нэмэгдсэн байх. Манай найз нар дунд эрэгтэй хүнээс хамааралгүйгээр бие дааж амьдрах хэмжээний мэдлэг, чадвартай болно гэсэн охид бий. Миний бодлоор эмэгтэй хүн бүх зүйлийг хийх ёсгүй. Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн үгийг сонсоод өөрийн байр сууринд бат зогсох болсон. Тэрээр, та нар эмэгтэй хүнээр уурга бариулчих, эрчүүд нь аягаа угаагаад үз гэдэг талаас нь хэлсэн. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүн ажлыг хувааж авч хийхээс биш заавал нэгэнтэйгээ барьцах маягаар явахгүй байх нь зөв юм шиг санагдсан. Охидууд илэн далангүй нээлттэй болсон юм шиг санагддаг гэхдээ цөөн хувь нь шүү
-Өсвөр үеийнхэнд нийгмийн айдас бий юу?
-Бидний үеийнхэн аав ээжийнхээ насны хүмүүстэй харьцах л хамгийн том асуудал болоод байх шиг санагддаг. Тэд бусдаас үг авдаггүй, санал бодлоо хэлье гэхээр “Ах захаа хүндэл” гэсэн байр сууринаас ханддаг нь хэцүү. Одоогийн нийгмийг авч яваа хөдөлгөгч хүч нь аав, ээжийн үеийнхэн. Гэтэл ардчилал гарснаас хойшхи үеийнхэн нийгмийг манлайлах хэмжээнд хараахан хүрээгүй л байна. Биднийг зөрүүд гэж шүүмжилдэг ч өөрсдөө илүү зөрүүд зантай гэдгээ мэддэггүй. Надад хааяа хойч үеийнхэн маань өмнөх үеийнхний сайжруулсан хувилбар болоод гараад ирэх вий гэсэн айдас төрдөг. Үл ойлголцох зөрчилдөөнөөс болоод манай үеийнхэн Монголд байх хүсэлгүй болсон юм шиг санагддаг. Би ч гэсэн тэдний нэгэн адил гадаадад сурах хүсэлтэй. Гэхдээ багшийнхаа зөвлөснөөр Монголдоо ирж ажиллана. Багш маань, “Хэрэв чи гадаадад сургууль төгсөөд сайхан ажлын байртай болж сэтгэл хангалуун амьдарвал танай гэр бүлийнхэн л үр өгөөжийг нь хүртэнэ. Харин эх орондоо ирж сурсан зүйлээ хэрэгжүүлбэл бүх Монголчуудад хэрэгтэй” гэж хэлсэн. Бид байгаа нийгэмдээ дургүйцэж, зугтаагаад байвал хөгжүүлж, авч явах хүнгүй болчих байх л даа.
-Монголоос өөр газар суралцах бол ямар мэргэжилтэй болох вэ?
-Мэргэжлээ нарийн сонгоогүй ч электроникийн инженер болох бодолтой байна. Энэ салбартаа Монголдоо үйлдвэр байгуулна гэж мөрөөддөг. Тэр үед манай үеийнхэн улс төрд орвол нэгнээ дэмжээд явчих байх. Миний хувьд улс төр гэдэг зүйлээс ангид байх сонирхолтой.
-Итгэлтэй найз бий юу? Нөхөрлөл бас үнэ цэнийн талаар чиний бодол
-Олон бий. Онцолж нэр дурьдвал бусад нь гомдчих байх. Гэхдээ бүх зүйлээ хуваалцдаг, санаа оноогоо ярьдаг хоёр сайн найзтай. Бид нэгэндээ сэтгэлзүйч шиг зөвлөгөө өгч чадахгүй ч сонссон дуулсан мэдээллээ байнга солилцдог. Тамхи татдаг хүүхдэд шууд “Буруу” гэж хэлснээр тэр хүүхэд гарахгүй. Тиймээс бага багаар нэгэндээ хэлэх гэсэн санаагаа зөвөөр ойлгуулж, дэмнэх нь чухал байх. Найз төвтэй насан дээрээ яваа болохоор бидний хувьд найз бол чухал байр суурийг эзлэдэг.Хүүхдүүд энэ үедээ л аз жаргалтай цагаахан нөхөрлөж чаддаг болов уу?
-Crush-ийн тухай юу гэж боддог вэ?Энэ үгний утга ...
-Намайг 7-8 дугаар ангид байхад гарч ирсэн үг л дээ. Охидууд энэ үгийг их ярьдаг байсан. Хэрэглээнд орж ирсэн гадаад үг гэж ойлгодог. Эрэгтэй хүүхдүүд харьцангуй бүрэг ичимхий зантай. Тэр утгаараа харж явдаг хүнээ, хэн нэгэнд сайн гэдгээ хэлэх нь ховор. Нөхөрлөл, хайр сэтгэлийн асуудалд миний эргэн тойронд байгаа хөвгүүд ичимхий, харин охидууд хэт нүүрэмгий ханддаг.
-Өсвөр үеийнхэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зай хэр хүрэлцээтэй байна вэ?
-Нэг үеэ бодоход олон болсон. Намайг бага байхад ах нар рс тоглоомын газраар л ордог байсан. Одоо рс өөрчлөгдөж, орчин нь цэвэрхэн болсон. Бас хүүхдүүдийн спорт тоглоомоор хичээллэх, заал авах нь эрс нэмэгдэж, бильярд тоглодог хүүхдүүд ч харьцангуй олон болсон. Манай хотод кофе шопууд олон нээгдсэн. Рс-г муу муухайг үржүүлдэг гэхээс илүүтэй чөлөөт цагаа өнгөрөөх газар гэж ойлгодог бол зүгээр юм шиг санагддаг. Гэхдээ аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл мэдээж балагтай. Ийм үед аав ээжийн анхаарал байхаас аргагүй. Би хэт их зааланд тоглосноос болоод шөрмөс татаж, тоглох эрхээ хасуулж байсан. Рс гэлтгүй нэг зүйлийг олон давтах нь илүү их хүсэл төрүүлдэг юм билээ. Нийгмээ дагаад хүүхдүүд их өөрчлөгдсөн нэгнээсээ илүүрхэх гэсэн сөрөг үзэгдэл ч бас бий болсон талтай хувцас эд хөрөнгөөр өрсөлдөх гэж чөлөөт цагаа буруу зүйлд зарцуулдаг хүүхдүүд ч бас бий
-Өнөөгийн багш, сурагчийн харилцааны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хичээл дээр зүгээр суух сонирхолтой хүүхдүүд бий. Анги бүрт багшийн өөдөөс хэг ёг хийдэг 1-2 хүүхэд байж л байдаг. Миний хэлсэнчлэн хүүхдүүд багшдаа санаа бодлоо илэрхийлэхэд багш нь дургуйцэх ч юмуу, хоорондын харилцаа нь таагүй болсноос “Энэ хүн намайг хүндлэхгүй байхад би яагаад энэ хүнийг хүндлэх ёстой юм бэ” гэх зэргээр ханддаг болсон юм шиг. Үзэл бодол нь хэт эрх чөлөөтэй болсон учраас бид хүссэнээ хэлж болно гэж багшийн хэлсэн үгийг сөргүүлдэг гэх үү дээ. Би ийм зүйлд арай өөрөөр ханддаг. Багш нар сургуулийн орчинд олон жил ажилласан болохоор дургүй байсан ч тэднийг хүндлэх хэрэгтэй гэж боддог. Зарим багш өөрийн үзэл бодлоо хэт тулгах, учрыг нь олоогүй байж загнах гээд байдаг. Ирээдүйд тэр хичээлээр явахгүй хүүхэд хичээл дээр нь чимээгүй суугаад, хийх зүйлээ хийчихвэл загнах ямар ч шаардлагагүй гэж бодож байна. Загнуулах тусмаа хүүхдүүдийн зэвүү хүрч, хичээлээ тасалж эхэлнэ, үг сөргүүлнэ. Бас багш сурагчаасаа илүү мэдлэгтэй зарчимж соёлтой байх ёстой багш гэхээрээ сурагчаа хөлдүү мал усан тэнэг гэж урамыг нь хугалдаг байх ёсгүй
-Чиний бодлоор эцэг эхчүүдийн хүүхдэдээ гаргадаг цаг бага байгаа нь юутай холбоотой гэж харж байна вэ? Гэр бүлийн таагүй уур амьсгалтай хүүхдүүд чиний эргэн тойронд хэр олон байна?
-Би ээж аавтайгаа илэн далангүй байдаг болохоор гэр бүлийн орчныг энэ ойлголтоороо л бодож явсан. Гэтэл хүүхдүүдтэй ярилцаад үзэхээр өөр зүйл сонсогддог. Яагаад ээж аав нь ойлгохгүй байгаа юм бол гэж бодоход хүргэдэг. Эцэг эхээсээ мөнгө авахгүйгээр багшаасаа гуйж давтлага авч байгаа хүүхдээ эцэг эх нь ойлгохгүй, “Хаагуур дэмий тэнээд явна”, “Яагаад оройтоод байгаа юм” гэх зэргээр загнах нь хүүхдийг шантраадаг. Шантарсан хүүхэд хичээхээ болино. Ингээд ирэхээр муу сурч, дүн нь муудна. Гэтэл “Чи хичээсэнгүй” гэж ээж аав нь ахиад л загнана. Яагаад өөрсдөө болиулчихаад одоо шахаад байгаа юм бэ гэсэн утгагүй ойлголт гарч ирдэг. Үнэндээ эцэг эхчүүд анхаарал тавих гээд байгаа ч түүнийгээ буруу ойлгуулаад байх шиг санагдсан. Архидалтаас болж аав ээж нь салсан найз бий. Найзынхаа байр сууринд өөрийгөө тавихаар сэтгэл эмзэглэмээр. Тиймээс “Чи ийм болохгүй шүү” гэж найзуудаараа зоригжуулж, урамшуулахыг хичээдэг. Архидалт манай үеийнхэнд их нөлөөлдөг. Тэдний аав ээж архи ууссан гэж сонсохоор бага байхад их хүнд тусдаг байсан бол томрох тусам тоохоо больж байна. Эмзэг насан дээрээ яваа хүүхдүүд гэр бүлийн салалтыг тэвчих үнэхээр хүнд тусдаг байх.
-“Би”-гээ тодорхойлох онцлог насан дээрээ яваа өсвөр үеийнхэнд хандаж юу хэлэх вэ?
-Сошиалд байгаа сөрөг мэдээллийг аль болох хөнгөн хүлээн авч, сэтгэл санаагаар унахгүй өнгөрөө гэж зөвлөмөөр санагддаг. Зарим нь ийм асуудалд их бухимдаж, үзэл бодлоо бичсэн харагддаг л даа. Бидний үе удахгүй эхэлнэ. Тэр хүртэл өөрийгөө бэлтгэсэн байх хэрэгтэй л гэж хэлье. Эцэг эх, багш нар биднийг “Хичээлээ хий” гэдэг шаардлага тавьж байна. Харин бид бүх хичээлээ хийхдээ бус, өөртөө мэдлэг бий болгох нь чухал. Өөрийн сонгосон мэргэжлийн дагуу гүнзгий судалж, чамд юу хэрэгтэйг түүвэрлэх хэрэгтэй.
18 нас бидний амьдралд нэг л удаа олдоно. Энэ үеэ эргэн дурсахад найз нөхөдтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацаа хамгийн үнэтэй гэдгийг эцэг эх, багш нар маань ойлгодог байгаасай. Бидэнд 7 хоногт 1-2 удаа найзуудаараа сууж, санаа бодлоо хуваалцах боломж олговол маш их баярлана. Сургуулиа төгсөөд бүгд л салаа замаар явцгаах болохоор дурсамжтай цаг мөчийг өнгөрөөмөөр байна. Хэтэрхий хориод эхлэхээр би найзуудтайгаа баймаар байна гэдэг бодол төрнө. Аль алийг нь ойлгож, тэнцүү байлгах хэрэгтэй болов уу.
Ярилцсан: Т.Атарбаяр
ямар мундаг хүү бэ
зочин
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Ih uhaantai yag nerendee taarsan daruuhan uhaalag Dulguun hvv shde.ahiin maani hvv aaw ni bagsh eej ni emch saihan ger bvl dee
Uyanga
2023-01-04 13:30 | 43.231.113.120
хөөрхөн хэрсүү ухаалаг хүү бна дотроо бодолтой доороо суурьтай гэж энэ хшшг хэлэнэдээ
н
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Nice! Schönes Interview! Du weißt was du willst und ich wünsche dir alles Gute auf diesem Weg! Lebe deinen Traum!
Gregor
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Ухаантай мундаг хүү байна амжилт хүсэе.
Зочин
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Баярлалаа. Зөв бодолтой сайхан хүү байна. Багш нарынхаа талаар ярьсныг нь багш нар зөв хүлээж авбал зүгээр санагдлаа.
Агиунаа
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
DR RUH
2023-01-04 13:30 | 43.231.113.120