Ц.Наран-эрдэнэ: Иргэдийн үзлэгийг хурдан шуурхай гэхээс илүү чанартай, сайн хийхэд чиглэж байна

Орхон аймгийн хэмжээнд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Үзлэг шинжилгээний хамрагдалт болооод явцын талаар БОЭТ –ийн дарга Ц.Наран-эрдэнэтэй ярилцлаа

-Эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Орхон аймгийн БОЭТ-ийн харьяанд Эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдсан. Энэ төв дээр 18-аас дээш насны иргэдийг багцын шинжилгээнд хамруулж байна. Үзлэг шинжилгээ удааширч байгаа нь хоёр шалтгаантай. Нэгд, улаан хоолой, ходоодны дурангийн асуудал. Энэ нь нэг өдөрт 8 удаа дурандах буюу 30 минутад нэг хүн үзлэгт оруулж, аппаратыг 30 минут амраах зарчмаар цагт нэг үзлэг хийдэг гэсэн үг. Үүнийг шийдвэрлэх арга зам нь дурангийн аппарат болон дурангийн эмч сувилагчийн тоог нэмэгдүүлэх юм. Энэ дагуу бид 2023 онд 2 дуран худалдан авахаар санал гаргаж, өнөөдрийн байдлаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж, процессын дагуу ажил явж байна. Төлөвлөгөөний дагуу ирэх 05 дугаар сар гэхэд худалдан авалт жигдэрнэ.

Хоёрт, одоо байгаа тоног төхөөрөмждөө тааруулж, ажлын зохион байгуулалт хэрхэн хийх, хүртээмжийг яаж нэмэгдүүлэх талаар ярьж байна. БОЭТ нь зөвхөн эрт илрүүлэг дээр ажиллаж байгаа Дэмжих төвийн  ажиллагсдыг уртасгасан цагаар ажиллуулах, цалин хөлс, урамшууллыг тооцох системийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 14:00 болон 16:00 цагт ажилтан тардаг байсан бол 19:00 цаг хүртэл үргэлжлүүлэн ажиллах санал тавьж, зохицуулалт хийж байна.

-Эрт илрүүлгийг хэрхэн эрчимжүүлж ажиллах вэ?

-Өнгөрсөн оны тухайд эрт илрүүлгийг БОЭТ, Дэмжих төв бие даан хийсэн бол оны төгсгөлд “Эрдэнэт Медикал” болон бусад эмнэлэг нэмэгдэж орсноор ачааллыг багасгахад дөхөмтэй байлаа. Он гарсаар Орхон аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийнхэн эрт илрүүлгийг эрчимжүүлэх талаар хурал зохион байгууллаа. Энд тодорхой шийдлүүд гарсан тул энэ хавраас ахиц гарна гэж бодож байна. Одоогийн байдлаар манай аймаг үзлэг шинжилгээний нэгдсэн дүнгээр Улсын хэмжээнд хоёрдугаарт жагсаж байна. Бид үйлчилгээ авч байгаа иргэдийнхээ үзлэгийг шуурхай хийхээс гадна чанартай, сайн хийхэд чиглэж байна.

--Одоо яг ямар төрлийн ханиадны вирус байна вэ?

-Томуугийн А болон В хүрээний халдвар их байна. Тэр дундаа тандалт судалгаагаар 2 сарын өмнө H1N1 вирус дийлэнх хувьд оношлогдож байсан бол сүүлд хийсэн 60 сорьцоос дээж авахад томуугийн А хүрээний H3N2 вирус байгаа нь гарсан. Энэ нь иргэд ханиад хүрээд бүрэн эдгээгүй байхдаа хүндэрч ирээд байгаатай холбоотой. 

-Коронавирусын халдварын тухайд?

-Он гарсаар коронавирусын халдвартай 2 өвчтөн хэвтэн эмчлүүлээд гарсан. Эмнэлэгт ирж байгаа хүмүүс маань түргэвчилсэн тест өгөхөд бүгд сөрөг гарч байгаа.

-Өвлийн сарууд томуугийн өндөр идэвхжилтэй байдаг. Энэ онд хүүхдийн тасгийн ачаалал хэр байв, одоогийн нөхцөл байдлыг бидэнд мэдээлэхгүй юу?

-2022 онд улирал хамаарахгүйгээр өвчлөл төдийлөн буурсангүй. Хүүхдийн тасаг 55 ортой. Өнөөдрийн байдлаар 200 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 97 хувь нь ханиад, хатгаа, шуухниа зэрэг амьсгалын замын өвчлөлтэй байна. Бид өмнөх онтой харьцуулахад, хүүхдийн биеийн байдал 5-7 хоногт дөнгөж тогтворжих хандлагатай болж байна. Орны тухайд бид хязгаарлагдмал орон зайд хязгааргүй үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Цаашдаа томуу, томуу төст өвчлөлд дан ганц БОЭТ менежмент хийх нь учир дутагдалтай юм. Хэдийгээр сүүлийн 2-3 жилд эмч нарын тоо өссөн ч эмчийн дутагдал байсаар л байна.

-Хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн тоог нэмэгдүүлэх үү?

-Улсын хэмжээнд дутагдалтай байгаа амэргэжилтний тоонд хүүхдийн эмч багтдаг. Иймд ажиллах хүчний тоог нэмэх зүй ёсны шаардллага тулгарч байгаа. Мөн зарим тасгийн үйл ажиллагааг хязгаарлах замаар хүүхэд хүлээн авах болно. Нийт ирж байгаа үйлчлүүлэгчдийн 48 хувь нь өрхийн эмнэлгийг алгасаад, шууд манай руу ирдэг нь ачааллыг нэмдэг талтай. Амбулаторит үзүүлж байгаа нийт хүүхдийн 30 хувь нь өрхийн эрүүл мэндийн төвөөсөө үйлчилгээ авах боломжтой хүмүүс байдаг. Иймд эмч нартаа итгэх итгэлцэл маш чухал байна. Юун түрүүнд Өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж байх хэрэгтэй. Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр ӨЭМТ-ийн эмч нарын мэдлэг чадвар асар сайжирсан, өвчнийг эрэмбэлэн ялгах чадвар өндөр болсон гэж дүгнэсэн. Тиймээс эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд, цаг харгалзахгүйгээр хүүхдээ анхаарч байхыг зөвлөе.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.