Д.ГАНТУЛГА: Хүүхдүүд программ хангамжид шимтэн суралцаж чадвал тэдний өмнө дэлхий нээлттэй байна

Код бичдэг лаборатори Эрдэнэт хотноо нээгдлээ. Энэ бол хүүхэд багачуудад программчлалын хэл заах “CodeLab” сургалтын төв юм. Дэлхийн иргэдийг бэлтгэн, Эрдэнэтийг “Цахиурын хөндий” болгоход бодит алхам, хөрөнгө оруулалт хийж байгаа тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Сургалтын төвийн үүсгэн байгуулагч, программист Д.Гантулгын яриаг хуваалцъя.

-Эрдэнэт хотод нээгдсэн шинэхэн сургалтын төвийн талаарх мэдээлэл эцэг эхчүүдэд маань хараахан хүрч амжаагүй байх. “CodeLab” нэрийн утгыг тайлбарлавал?

-Анги танхимаа суралцагч хүүхдүүддээ бүрэн дүүрэн зориулна. Тэднийг энэ танхимд код бичиж, мэдээллийн технологи, программ хангамжтай холбоотой сэдвээр ярилцан, дасгал, тест дээр ажиллаж, шинээр мэдээллийн технологийн старт апп “төрүүлээсэй” гэдэг үүднээс код бичдэг лаборатори буюу “CodeLab” гэж нэрлэсэн.

-“CodeLab” Эрдэнэтийн хүүхэд багачуудад юуг өгч чадах вэ?

-Манай сургалтын төв хүүхдэд программ хангамжийн суурь ойлголт өгч, өсвөр үеийнхэн болон залуучуудад программчлалын гүнзгий түвшний мэдлэг олгоход үйл ажиллагаа чиглүүлнэ.

-Хүүхдүүд хичээллэх насны хувьд ямар байх вэ?

-Олон Улсын жишгээр хүүхдүүд 6-8 настайгаасаа программын хэл бичиж эхэлдэг. Манай улсын хувьд техникийн англи хэлийг хүүхдүүд багадаа эзэмшиж амжаагүй байдаг тул энэ нас төдийлөн суралцахад тохиромжгүй болоод байгаа юм. Тиймээс англи үг унших чадвартай болсон үе буюу 9-10 насны хүүхдүүдэд сургалт явуулах боломжтой. Хувийн сургуульд суралцан, багаасаа англи хэл заалгасан хүүхдүүд 7-8 наснаасаа программ хангамжийн чиглэлээр суралцах бүрэн боломжтой. Сургалтын хөтөлбөрийн тухайд 8 наснаас эхэлдэг.

-Таны ярианаас англи үг унших чадвартай хүүхэд бүр суралцах боломжтой гэж ойлгож болох уу?

-Англи хэлний унших чадвар гэхээр эцэг эхчүүд маань өгүүлбэр унших дайны томоор харж магадгүй. Энэ нь программ хангамжид нийтлэг ашигладаг англи үгнүүдийг унших шаардлага гарч байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд англи үсгээ сайн мэдэж байхад болно.

-Хүүхэд компьютер, техниктэй харьцах чадвар эзэмших үү?

-Эхний ээлжид хүүхдийн сонирхлыг татах нь маш чухал. Компьютер гэж юу вэ, гэсэн онол талаас нь их зүйл ярихаар хүүхдийн сонирхол бууруулах талтай учраас бид сургалтаараа ямар тоглоом, үлгэрийн баатар бүтээх  боломжтойг нь харуулж, сонирхлыг нь татах юм. Алхам бүрийг нь заах явцад хүүхэд онол, практикаа давхар эзэмшээд, өдрөөс өдөрт сайжирч, хулганаа хөдөлгөж сурна. Аав ээжийнхээ утсыг аваад өөрөө ашиглаж чаддаг шиг тухайн хүүхэд нөүтбүүк, компьютер хэрэглээд эхлэхэд ойлгох чадвар нь сайжирч, хурдан суралцана.

-Энэ төрлийн сургалтыг Эрдэнэт хотдоо явуулж байгаагийн гол ач холбогдлыг тайлбарлавал? Яагаад бидэнд хэрэгцээ, шаардлага үүсэж байна вэ?

-Эрдэнэт хот гэлтгүй улс орны хэмжээнд тулгамдсан асуудлын нэг нь программ хангамж гэж би хувьдаа хардаг. Учир нь Мэдээллийн технологийн инженер гэдэг мэргэжилтэй боловсон хүчин хомсдолтой байна. АНУ-д энэ чиглэлийн инженерүүдийг бусад орноос бодлоготойгоор татан авч эхэлсэн. Энэ нь бусад оронд ч мэргэжилтний дутагдал үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа харагддаг. Эрдэнэт хот ирээдүйд “Монголын цахиурын хөндий” болох зорилт тавьсан. Ингэж “Цахим хот”, “Ухаалаг хот” болох ажлын үндэс нь мэргэжилтнээ багаас нь бэлтгэх явдал юм. Маш их хэрэгцээ бий.

-Программын тухай ойлголт асар өргөн гэж бодож байна. Эцэг эхчүүдэд энгийнээр, ойлгомжтой хэлж өгөхгүй юу?

-Мэдээллийн технологийг дийлэнх тохиолдолд цогцоор нь ярьдаг боловч дотроо маш их хуваагддаг. Ерөнхийдөө техник хангамж, программ хангамж болон компьютерийн сүлжээ гэж ангилна. Техник хангамж нь техникийн тал руугаа дагнадаг бол программ хангамж нь маш олон чиглэлд задардаг. Сүүлийн үед хиймэл оюун ухаан, биг дата, датанд анализ, үүлэн технологи гэх зэргээр тусдаа мэргэжлүүд бий болж байна. Программ хангамж гэдэг нь энэ бүх мэргэжлийн суурь ойлголт гэж бодвол илүү хялбар байх. Программ хангамжийн сургалтуудад сууснаар зөвхөн программ хангамжийн мэргэжилтэн, программист болно гэсэн үг биш л дээ. Бусад мэргэжлийг эзэмшихэд хялбар болох, өөрийнхөө ажлыг хөнгөвчлөх, логик сэтгэлгээтэй, системтэйгээр ажиллах, асуудлыг шийдвэрлэх, төвлөрч, сууж сурах гэх зэрэг суурь ойлголт хүүхэд насанд нь хэвшдэг.

-Багшлах боловсон хүчний тухайд танилцуулбал, ямар карьерын замналыг туулж өнөөдөр сургалтын төвөө байгуулж байна вэ?

-Намайг 7-р ангид байхад аав ээж хоёр маань пентиум 4 компьютер худалдан авч өгсөн. Тухайн үеийн ханшаар өндөр үнэтэй байсан ч хүүхдийнхээ ирээдүйн боловсролд хөрөнгө оруулалт хийж, дэмжсэн аав ээж хоёртоо үргэлж талархдаг. Тухайн үед флаш диск ховор байхад хардаар дуу, тоглоом, клипээ зөөдөг байсан. Энэ чиглэлээр суралцах сонирхлыг хүүхэд насандаа олж авснаар Компьютер техник менежментийн сургуульд Системийн аюулгүй байдал чиглэлээр, дараа нь “Хүрээ” дээд сургуульд программ хангамжийн чиглэлээр тус тус суралцаж төгссөн. Би сургуулиа төгсөөд Худалдаа хөгжлийн банканд Мэдээллийн аюулгүй байдлын инженерээр 2 жил ажиллаад, дараа нь хувиараа мэдээллийн технологийн салбарт компани байгуулан ажилласан.

Программ хангамжийн тал дээр хамгийн их туршлага хуримтлуулсан ажлын байр бол Монгол банк. Тус банканд Терроризм болон мөнгө угаалттай тэмцэх систем дээр программ хангамжийн хөгжүүлэгчээр, сүүлд банк хоорондын их дүнтэй гүйлгээ RTGS системийн зохицуулагчаар 5 жил ажилласан. Одоо Эрдэнэт үйлдвэрт программистаар ажиллаж байна.

Ингэж ажиллахаас илүү миний хүсэл сонирхол, мөрөөдөл бол эрэлттэй, сонирхолтой, бас чухал энэ мэргэжлийг хүүхдэд аль болох бага насанд нь таниулж мэдүүлэх, энэ мэргэжилд “дурлах” боломжийг олгохыг зорьж байна. Хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн салбарын бүх мэдлэгийг өгнө гэдэг хэцүү. Өчигдөр бидний суралцаж байсан программын хэл, хэрэглэгдэхүүн өнөөдөр хоцрогдож байгаа тул алгоритм бичих суурь ойлголт, логик, дарааллыг нь заагаад өгчихвөл хүүхдүүд компьютер, интернэт ашиглан, энэ чиглэлээр өөрөө өөрийгөө хөгжүүлээд явах бүрэн боломжтой.

Энэ мэргэжлийг эзэмшсэн тохиолдолд ямар боломжууд гарч ирэх, ямар цалин авч, ямар гоё компаниудад ажиллаж болох вэ гэсэн сонирхолтой мэдээллээр хүүхдийг хангах нь чухал байна. Тэр хүүхэд нэгэнт “дурлачихвал” дуртай зүйлдээ хичээл зүтгэлтэй сурч чадна.

-Мэргэжил болгон өөрийн гэсэн онцлог, давуу талтай. Тэгвэл программ хангамжийн мэдлэг мэргэжил нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Программ хангамжийн мэргэжил нь хүүхдийг сууж сурах, алдааг залруулж, засах чадвар суулгадаг. Энэ нь цаагуураа бэрхшээлийг даван туулах чадвартай хувь хүн болгон төлөвшүүлдгээрээ давуу талтай. Программ хангамжийг бий болгохын тулд эхлээд мэдлэгтэй, дараа нь туршлагатай байх ёстой. Мэдээж саадыг даван туулж, алдаагаа засаж байж тухайн зүйлээ бүтээдэг. Бас аливааг автоматжуулах, программчилж болно гэсэн ойлголт нь бусад мэргэжил болоод хичээлийг ойлгох, судлахад илүү амар хялбар болгож өгнө.

-Та хувьдаа ямар багш болохыг зорьж байна вэ?

-Төгс багш, төгс систем, төгс сургалтын хөтөлбөр ч гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн суралцах чадвар, ойлголт авах хугацаа өөр өөр байдаг. Зарим нь практик дээр илүү сайн ойлгодог бол зарим нь академик талаасаа ойлголтоо бүрэн дүүрэн авдаг байх жишээтэй. Иймээс хүүхдүүддээ онолын мэдлэг олгож, практикт суурилан, программаар дамжуулан тоглоом зохион бүтээх, түүнийгээ аав ээжтэйгээ тоглох, найз нөхдөдөө танилцуулах боломжийг олгоно. Ер нь хүүхдүүдийг өөртөө урамших боломжоор бүрэн дүүрэн хангана гэж бодож байгаа.  

-Эцэг эхчүүдэд хэлэх үг?

-Сургалтаа таслахгүйгээр явахад хүүхэд 3 сарын дараа өөрийн гэсэн бүтээл буюу тоглоом бүтээсэн байх болно. Энэ нь анимэйшн ч байж болно. Тухайн тоглоомоор аав ээж, ах эгчтэйгээ тоглоно, интернэтэд байршуулна. Үр дүн нь бодитой, гарт баригдаж нүдэнд үзэгдэнэ. Хүүхэд программ хангамжид шимтэн суралцаад, мэдлэгээ ахиулж чадвал тэдний өмнө дэлхий нээлттэй байна. АНУ-ын Google компанид 13 настай хүүхэд ажлын урилга авч одоо 3 дахь жилдээ ажиллаж байх жишээтэй. Энэ нь мэдлэг байгаа цагт нас хамаагүй болсныг харуулж байгаа юм. Мэдээллийн технологийн компаниуд их, дээд сургуулийн дипломыг урьтал болгохгүйгээр мэдлэгийг нэн тэргүүнд тавьдаг болсон. Нэст мэдээлэл технологийн сургууль гэхэд 12-р ангиа төгсөөд Монголын мэдээллийн технологийн компаниудад ажиллах бүрэн боломжтой болсон. Мэдлэгээ ахиулах сургалтын бааз, цахим хичээл, алгоритм, бодлогууд интернэт орчинд их бий

Алгоритмын бодлого бодоод, ранкаа ахиулж явснаар технологийн компаниудаас ажлын урилга авах ч тохиолдол байдаг. Энэ бүхний эхлэлийг зөв тавьж, хүүхдүүдийг тэр зүг рүү харуулах, дурлуулах л чин хүсэл байна.

-Ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
1
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Amjilt husiy, uil ajillagaa ni taalagdlaa

Zochin

2023-05-09 10:02 | 43.228.128.90

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.