Б.Оюунсанаа: Ойн мод нэгэнт сүйтгэгдвэл дараа нь ямар ч аргаар нөхөн сэргээгдэх аргагүйд хүрдэг

Хуш модны самрыг 10-р сарын 20-ноос 2-р сарын 1-ний хооронд түүхийг зөвшөөрдөг. Гэтэл иргэд хуш модыг гэмтээж, бүрэн боловсроогүй байхад самар түүж байгаль экологид сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл энэ талаар ярилцахаар Ойн газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч цөлжилттэй тэмцэхээр тэрбум мод хөдөлгөөнийг санаачилж НҮБ-ын индэр дээрээс мэдэгдсэн. Тэгвэл Монгол Улсын газар нутгийн хэдэн хувийг ойн сан эзэлж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол орны газар нутгийн 7.9 хувийг ойн сан эзэлж байгаа. Энэ нь газар нутгийнхаа талбайтай харьцуулбал бага тоо. Учир нь манай улс өөрөө цаг агаарын онцгой нөхцөл буюу эрс тэс уур амьсгалтай. Тийм ч учраас гаднын нөлөөлөлд ойн сан их эмзэг байдаг. Тиймээс шинэ мод тарьж, одоо байгаа ойн сангаа хамгаалах нь чухал байна.

Таны сая хэлсэн 7.9 хувь гэх тоо хэдэн оны тоо вэ. Ойн модны тоо багасаж байна гэж бид их ярьдаг шүү дээ. Тэгвэл ойн модны хэмжээ хэдэн оноос хэр их хэмжээгээр багасаж байна вэ?

-Сүүлийн 30 жилийг авч үзвэл жилдээ 120-130 орчим га талбай доройтолд орсон байна. Доройтол нь түймэр, хөнөөлт шавж, хүний зүй бус үйл ажиллагаатай холбоотойгоор үүсдэг зүйл. Иймд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд ойн санг нэг хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа.

Нэг хувийн зорилтыг тавьж ажиллаж байна гэхээр иргэд тоонд их ач холбогдол өгч магадгүй юм. Гэтэл энэ нь тэрбум модны асуудал яригдаж байна гэж ойлгож болох уу?

-Хэдэн тэрбумаар тоологдох мод манай улсад таригдах ёстой байгаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол олон нийтийг идэвхжүүлэх, байгаль орчин, эко системийн талаар мэдлэг боловсролыг олгох зэрэг олон эерэг нөлөөллийг бий болгох юм.

Та түрүүн жилд 120-130 орчим га талбай доройтолд орж байгаа гэж хэллээ. Тэгвэл энэ ойн санг арчилж, авч үлдээснээр эдийн засаг, экологийн талдаа хэр үр ашигтай байх вэ?

-Жилд 120-130 га талбай гэдэг нь сонсоход их жижиг санагдах хэдий ч энэ талбайг ойн сангаар баяжуулбал эдийн засаг, экосистем талаасаа маш их үр өгөөжийг хүртэх боломжтой байдаг. Тухайлбал нэг нэгж модноос цэвэр агаар, ус, хөрсийг тэнцвэржүүлэх, жижиг амьтдын гэр болох гээд экологид хэрэгтэй олон давуу талууд бий болох юм. Иймд энэ бүх зүйлийг судалж тогтоож үр өгөөж талаас нь нэмэгдүүлэх нь зүйтэй.

Манай улсын нийт нутаг дэвсгэрт байгаа ойн модны тоонд өөрчлөлт ороогүй хэдий ч чанарт өөрчлөлт орсон гэж байна. Та энэ талаар дэлгэрүүлээч?

-Чанарт өөрчлөлт орно гэдэг нь ойн мод доройтолд орж байгаа л гэсэн үг. Тухайлбал ойн хөнөөлт шавжийн давтамж их нэмэгдэж байна. Манайд зургаан төрөл зүйлийн хөнөөлт шавж байдаг. 2022 оны тоог авч үзвэл 700 мянга гаруй га талбай хөнөөлт шавжид өртсөн байгаа. Энэ онд нарийвчилсан судалгаа хийж өндөр голомттой га талбайг авч үлдэж тэмцлийн ажлыг хийхээр төлөвлөсөн юм. Улмаар 185 га талбайд тэмцлийн ажил хийж 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Гэтэл биднийг тэмцлийн ажил хийх үед дахин хортон шавжийн голомт бий болоод байгаа юм. Энэ нь манай ойн сан сул дорой байгаа гэдгийг харуулж байгаа юм.

Ойн санд бас дархлаа гэх ойлголт бий юу?

-Мэдээж. Учир нь ойн санд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлс сөргөөр нөлөөлж буй. Үүнээс үүдэж ойн сан доройтолд ороод байгаа юм. Хэрэв бид ойгоо хамгаалж, эрүүлжүүлбэл хортон шавж, цаг агаарын үзэгдэлд тэсвэртэй болох юм.

Нийт ойн сангийн талбайн 5 гаруй хувийг хушин ой эзэлдэг гэх тоо бий. Тэгвэл хуш модноос самар түүх хугацааг 10-р сарын 20-ноос 2-р сарын 1-ний хооронд түүхийг зөвшөөрдөг. Гэтэл жилийн энэ үед иргэд модноос самар авчирч зарж, борлуулах тохиолдол байдаг шүү дээ. Үүнтэй хэрхэн тэмцэж байгаа вэ?

-Самар түүх зөвшөөрлийг тусгайлан 10 сард гаргасан нь модыг гэмтээхгүй байхтай холбоотой. Яг энэ үед бол хуш модны самар өөрөө бүрэн болоогүй буюу түүхий байдаг. Гэтэл иргэд хулгайгаар модыг гэмтээж самар түүх тохиолдол их гардаг. Иргэн нэг удаа цайруулсан самрыг 50 кг хүртэл хэмжээтэйгээр түүх зөвшөөрөлтэй. Төлбөрийн хувьд иргэн нэг кг тутамд 1000 төгрөгөөр самар түүх боломжтой. Гэтэл түрүүлж өрсөлдөж орчхоод самар байхгүй байна, ойн мод гэмтсэн байна гэх мэтээр ярьдаг. Уг нь бид өөрсдөө яг журмаар нь түүгээд, хамгаалаад явбал асуудал үүсэхгүй.

Манай улс хуш модны самрыг экспортод гаргадаг шүү дээ. Тэгвэл хэдэн хувийг үйлдвэрлэлийн зориулалтаар түүхийг зөвшөөрдөг вэ?

-Үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхэд тухайн жилд тогтоогдсон нөөцийн 60 хүртэлх хувийг экспортын зориулалтаар түүж, бэлтгэх зөвшөөрөл олгодог.

Хушин ойг хамгаалахад Ойн газар цаашид ямар арга зүй баримтлахаар төлөвлөж байна?

-Ойн мод нэгэнт сүйтгэгдвэл дараа нь ямар ч аргаар нөхөн сэргээгдэх аргагүйд хүрдэг. Ойн санг хамгаалахад хуулийн аргаар, дүрэм журам, иргэдийн сахилга бат, хүнлэг байдал ихээхэн хамаарна. Ой тэр дундаа хушин ой бол хүмүүсээс гадна ойн амьтдын хүнс тэжээл нь болж байдаг. Тиймээс хамтын аргаар л хайрлаж, хамгаалах нь чухал.

Эх сурвалж: Eagle.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%