Сэтгэл түгших үед бүх булчин ачаалдаг тул ХУРДАН ЯДАРДАГ

Сэтгэл түгших эмгэг нь манай улсад төдийгүй дэлхийн хэмжээнд түгээмэл тохиолддог сэтгэл зүйн эмгэг юм. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр энэ төрлийн эмгэгтэй 374 сая хүн байна. Түүнчлэн сэтгэл түгших мэдрэмж нь хүн бүрд тодорхой хэмжээгээр илэрч байдаг. Гэвч хэвийн хэмжээнээс хэтийдэж, байнга бөгөөд тогтвортой үргэлжилбэл үүнийг эмгэг гэж үзнэ. Сэтгэл түгших эмгэг нь хүний сэтгэл санааны байдал төдийгүй эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Энэ төрлийн эмгэгтэй болоход удамшил, биологийн хүчин зүйлс, хүний сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, гэр бүлийн хүмүүжил, амьдралд тохиолдсон үйл явдал, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Ялангуяа гэр бүлийн уур амьсгал, харилцаа хандлага хамгийн чухал нөлөөтэй. Эцэг эх нь байнга хоорондоо маргалдаж, зөрчилдөж байдаг гэр бүлд хүүхэд сэтгэл түгшилттэй болох нь түгээмэл. Сэтгэл түгших эмгэгийн дараах байдлаар ангилна. 

Сэтгэл түгших эмгэгийн олон хэлбэрүүд байдаг ч илүү зонхилон илэрч байгаа нь сэтгэл түгээмлээр түгших эмгэг, сандрах дайралт, нийгмийн айдас, талбайн айдас зэрэг байдаг. Үүнтэй холбоотойгоор сэтгэл түгших эмгэгийн дараах байдлаар авч үздэг. 

  • Сандрах дайралт нь огцом хүчтэй илэрч, богино хугацаанд үргэлжилдэг юм. Жишээ нь өндөр хадны хавцалд зогсож байгаад доошоо харахад ихэнх хүмүүсийн хувьд дотор муухайрах, толгой эргэх, амь насаа алдчих вий гэсэн бодол төрөх, амьсгал давчдах зэрэг мэдрэмж төрнө.
  • Нийгмийн айдастай хүнд олны өмнө гарах, хүмүүс өөрийг нь анзаарах, хүмүүстэй харилцах зэрэг үед таагүй мэдрэмж төрдөг.
  • Талбайн айдас нь задгай газар, олон хүн хөлхсөн гудамж, томоохон зах, худалдааны төв зэрэг газраар явахаас зайлсхийх байдлаар илэрдэг.

Илрэх шинж тэмдэг 

Сэтгэл түгшилт нь биеийн зовиуриар илүүтэй илэрдэг. Ихэнх тохиолдолд хоолой дээр юм тээглэх, зүрх дэлсэх, гарын алга чийг даах, толгой эргэх, чих шуугих, ам хатах, ойр ойрхон бие засах, булчин чангарах, нуруу өвдөх, нойргүйдэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Хүүхдүүдийн хувьд сэтгэл түгшилт нь өөрийгөө өвтгөх байдлаар илэрдэг байна. Жишээлбэл үсээ байнга зулгаах, хумсаа мэрэх, биеийн далд газраа хөнгөн зүсэх, чимхэж хөхрүүлэх гэх мэт. 

Урьдчилан сэргийлэх нь

Сэтгэл түгших эмгэг нь дотроо хөнгөн, дунд зэрэг, хүнд хэлбэртэй байдаг. Хөнгөн хэлбэрийн үед тухайн хүн өөрийн сэтгэлзүйгээ хянах бүрэн боломжтой. Хэвлийн амьсгалын дасгал хийж булчингаа суллаж сурах нь чухал. Мөн өөртөө итгүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн хүн өөрийгөө эмчлэх чадвартай гэдгийг өөртөө итгүүлэх боломжтой юм. Түүнчлэн сэтгэл зүйчид хандаж, өөрийгөө тайвшруулах арга техникт суралцаж, өөрийгөө илүү сайн мэдэж болно. Хүндэрсэн үед сэтгэцийн эмчид хандаж, эмэн эмчилгээ хийлгэж болно.

Сэтгэл түгших эмгэгийн үед:

  • Асуудлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар хүлээж авч сурах.
  • Ямар ч нөхцөлд гарц заавал байдаг гэж бодох.
  • Амьсгалын болон булчин суллах дасгал хийж хэвших.
  • Сөрөг агуулгатай мэдээ мэдээллээс боломжийнхоо хэрээр хол байх.
  • Сэтгэл хөдлөлөө анзаарч сурах.
  • Сэтгэл тайван, жаргалтай болгодог зүйлсийн жагсаалт гаргаж, жаахан тавгүйтээд эхэлбэл жагсаалтад байгаа зүйлсээс хийж, өөрийгөө тайвшруулдаг байх.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.