Сонгууль 2024: Хамгийн олон горилогч өрсөлдөх сонгууль хаяанд ирлээ

Сонгуулийн дөрвөн жилээр  амьдрал нь өрнөдөг монголчуудын бас нэг амьдралын мөчлөг 2024 онд эхэлж байна. Улс төрийн намууд нь иргэдийн хүссэн нэр дэвшигчийг дэвшүүлэх гэхээсээ илүүтэй намыг санхүүжүүлэх, эрх мэдэлтнүүдийг сонгогчдод хүчээр тулгаж, сонголтгүй сонгууль болгочихдог зальжин аргатай.  Харин өнгөрсөн хавар шинэчлэгдсэн сонгуулийн холимог тогтолцоо, Улс төрийн намын тухай хуулиар энэхүү гажуудлыг засах оролдлогыг эхлүүлсэн. Гэвч энэхүү хууль хэрэгжих эсэх нь намуудын манлайлал, иргэдийн оролцооноос ихээхэн хамаарна.

Сонгох эрхээ улс төрийн намуудад удаа дараа “алдсан” сонгогчид өөрсдийг нь төлөөлж чадах “нэр дэвшигчдийн” эрэлд гараад буй өдрүүдэд Эрдэнэт,Хөвсгөл, Булганы тойрог буюу 8 мандаттай 4-р тойрогт улс төрийн зарим намуудаас хэн хэн нэр дэвшихээр горилж явааг хүргэе. Энэ нь таамаг төдий түвшинд яваа хэдий ч  намаасаа дэмжлэг авч нэрээ дэвшүүлнэ гэсэн өөртөө итгэлтэй улс төрчид харагдаж буй.

Үнэндээ олон нийтийн өмнө зөв зүйл ярьсан болгон сонгуульд өрсөлдөх ёстой гэсэн ойлголт хэт өрөөсгөл ч гэсэн нэг талаараа олон нийт одоогийн улстөрчиддөө энэ хэрээр сэтгэл дундуур байгаагын илрэл. Олон нийт өөрсдийн хүсэж байгаа, жинхэнэ төлөөлж чадах хүнийг нэр дэвшүүлэхийг шаарддаг ч тэд сонгуульд оролцох эрх улам хумигдсаар байна.

Аливаа сонгуулийн хувь заяа улс төрийн хэчнээн нам, эвсэл өрсөлдөж байгаагаас ихээхэн хамаардаг. Одоогоор ил тодорхой зарласан улс төрийн эвслүүд алга. Гарч ирж мэднэ. Тийм нөхцөл бололцоо энэ сонгуульд урьд урьдынхаас илүү хангагдсан гэж болно. Ер нь бол тэдгээрийн тоог нэмдэг нэг хүчин зүйл нь том намуудын нэр дэвшигчид чихэлдэх, эсвэл намдаа шахагдсан нөлөө бүхий улстөрчид жижиг намуудаас нэр дэвших явдал гардаг.

Найман мандаттай төвийн бүсийн аймгууд нэгтгэсэн  4-р  тойрогт АН-аас 2020 оны сонгуульд ялагдал хүлээсэн хоёр ч эрхэм дахин нэр дэвшихээр Хөвсгөл, Булганы сумдуудад ажиллахаар хүлгийн жолоо залжээ. Д.Өсөхбаяр ,Ц.Батхуяг нар ганзага нийлэн хээрээр гэр хийж олон нийтэд царайгаа таниулах ажилд ханцуй шамлан орсныг харвал намаасаа квот авах нь тодорхой. Н.Алтанхуяг гишүүнийг дахин нэр дэвших эсэх асуулт хариултаа эрэхтэй  зэрэгцэн өөрөө Орхоны тойрогт дэвшихгүйгээр 2016 оны сонгуульд өвдөг шороодсон Б.Мягмарсүрэнг зүтгүүлэхээр зэхэж буй гэх. Хөвсгөл,Булганы тойрог усалгаа хийж байсан улс төрчид мөн л Эрдэнэтийн сонгогчидод танигдахаар намын золголт нэрийдлээр хэдэн өдөр эргэлдэв.

МАН-аас Булганд Ц.Анандбазар гишүүнийг нэр дэвшүүлэхгүй гэгдэж буй ч тэрээр  томсгосон тойргоор ажиллаж эхлээд байна. Мөн сахал Ж. Бат-эрдэнэ сайд Б.Бат-эрдэнэ Л.Батлут гэх “БАТ” нэртэнгүүд дахин УИХ-ын суудалд тухлахаар амрах амьсгаа авах завгүйгээр  гурван аймгийг дамжин ажиллаж явна. Зарим улс төрд жижиг  жараахай гэж хэлэгдэх төлөөлөгч Ц.Алтаншагай бие даан нэр дэвших хувилбар боловсруулж энд тэнд нэр дэвших тухай яриа өрнүүлж  намынхаа ах нарын нүдийг орой дээр нь гаргаж буй гэх. Гэвч түүний ороо бусгаа шийдвэр яаж  эргэх нь тун эргэлзээтэй.  Хөвсгөл аймагт олны танил сошиал од Л.Гүндалайг АН-аас нэр дэвших хувилбар мөн яригдаж байгаа ч мөн л эцэслэгдээгүй.

4-р тойрогт  МАН-аас эмэгтэй квот яригдаж буй ч нэр нь мөн л  эцэслэн тогтоогүй уламжлал ёсоор танигдаагүй эмэгтэй илгээх магадлал өндөр байгаа юм.

“Орхон дэвшил” компаний захирал гэж өөрийгөө олон нийтэд таниулж хүүхдийн шүдээр пиа ар хийгээд амжсан “ЗУЛАА” гэх олны танил бус эмэгтэй улс төрд танигдах гэсэн үү өөрийгөө таниулах гэсэн үү өнгөрсөн жилээс эхлэн идвэхижиж энд тэндэхийн арга хэмжээнд оролцох болов.  Намын харьяалал байхгүй гэх түүнийг бие даан нэр дэвших нь үү гэсэн битүүхэн хардлага явж байгаа ч энэ нь таамаглал төдий. “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах буюу тендерт олон ажил гүйцэтгэдэг тус компаний жилдээ хийдэг гүйцэтгэдэг ажлын мөнгөн дүн 7 тэрбумаар яригддаг гэх олны яриа ч хөвөрч буй. Өнгөрсөн жилээс Эрдэнэтчүүдэд танигдах ажлаа эхлүүлсэн түүний эцсийн шийдвэр одоо ч оньсого хэвээрээ үлдэж буй.2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 20-ноос хойш ил болно

Сонгуулийн сурталчилгааг 17 хоногт багтааж явуулах бөгөөд таамгаар харахад 8 мандаттай тус тойрогт бусад нам эвслээс хэн хэн нэр дэвших эсэх нь тодорхой бус хэвээр байгаа бөгөөд одоо биднийг төлөөлж УИХ-ын сууж буй гурван эрхэмээс Н.АЛТАНХУЯГ, С.ГАНБАААР нар дахин нэр дэвшихгүй нь тодорхой байна. 

 Сонгуульд өрсөлдөх сонирхолтой жижиг намууд ихэнхдээ нийслэл болон Орхон, Дарханд хүмүүсээ сойхоор төлөвлөж буй. УИХ-ын сонгуульд өрсөлдөх нийт нэр дэвшигчийн дийлэнх нь хотын тойргуудыг онилж буй нь тодорхой. Намууд хөдөөд нэр дэвшигчээ “сойх” сонирхолгүй байдаг нь ч учиртай. Нэгдүгээрт “хөл” ч үгүй, дэмжлэг ч байхгүй болохоор хөдөөнөөс жижиг намууд гарч ирнэ гэж хэлэхэд хэцүү байдаг гэнэ. 

Эрх баригч МАН тухайд  хамгийн их хөдөлгөөн өрнөж байгаа бөгөөд, энэ нь сонгуулийн “газрын зураг”-ийг зурахаас өмнө дотооддоо тохирчихсон байсан хэрэг аж. Юуны өмнө өнөөгийн сонгогчдын зан байдал, намын гишүүдийн дотоод уур амьсгал, парламентын фракц хоорондын ашиг сонирхол гэсэн хүчин зүйлүүдийг тооцон үзсэнээр тойргийн мандатаа зурах ажлыг хийсэн байж таарна.

Олон жилийн турш ярьсан Бүсчилсэн хөгжлийн “үлгэр” томсгосон тойргоор жинхэнэ утгаараа амилах боломж энэ удаагийн сонгуулиар бүрдэх учиртай. Тухайн тойрогт нэг намын нэр дэвшигчид баг болж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хамтдаа таниулах боломж бүрдэнэ. Тэд сонгуулийн зардлаа хамтран бүрдүүлж,  эцсийн дүндээ сонгуулийн зардлыг бууруулах эерэг нөлөөтэй. Жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг болохоор сонголтгүй  сонгууль хэмээн гомдолдог. Харин томсгосон тойрогт олон нэр дэвшигч өрсөлдөж, сонголтын илүү боломж бүрдэнэ.

Томсгосон тойрогт сонгуулийн бүх үйл явц  энгийн иргэдэд ойлгомжтой байдаг учраас сонгогчдын оролцоо хамгийн өндөр түвшинд байдаг аж.

Эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд НҮБ болон олон улсын байгууллагууд томсгосон тойргийг санал болгодог аж. Тэгэхээр жендерийн тэгш байдлыг хангах бололцоо өгнө гэсэн үг.

Харин томсгосон тойргийн сул тал нь юу байж болох вэ?

Хамгийн эхэнд яригдаж байгаа сул тал нь нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг. Ялахын тулд бие биеийнхээ эсрэг хар пиар хийдэг гэх шүүмжлэл.

Хоёр намд л ашгаа өгөх хувилбар. Томсгосон тойрог нь жижиг намуудад ихээхэн халгаатай хуваарилалт гэсэн санаа нэлээд явж байна.

Бие даагчид гарч ирэх боломж бололцоо хамгийн доод түвшинд байх магадлал маш өндөр.Энэ бүхнээс  сонгуулийн томсгосон тогтолцооны давуу  тал нь яах аргагүй илүү жин дарахаар харагдаж байгаа юм. Гэхдээ жинхэнэ бодит дүр зураг 2024 оны сонгуулийн дараа л тодорхой болно

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%