П.БАЯСГАЛАН: Энэ онд Эрдэнэт хотын хэмжээнд 1800 орчим айл шинэ орон сууцаар хангагдах боломжтой

Ойрын өдрүүдэд Орхон аймгийн 2024-2025 оны хөрөнгө оруулалтын ажлууд болох тендер шалгаруулалт, төсөв батлагдсан ажлууд дээр зураг төсөв гаргах ажлууд ид хийгдэж байгаатай холбогдуулан Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аажлуудын талаар мэдээлэл бэлтгэлээ.

-2023-2024 онд дамжин хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд цөөнгүй байгаа санагдаж байна. Энэ онд Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ямар бүтэцтэйгээр хичнээн төсөвт ажил хийж гүйцэтгэх вэ?

-2023 онд манай хамт олон 29 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй ажилласан. Энэ онд замын ажил нэмэгдэж байгаатай холбогдуулан нэг орон тоонд замын инженер нэмэхээр аймгийн ИТХ-аар шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд манай хамт олон 263 ажил дээр Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан бол энэ онд өссөн дүнтэй гарахаар байна. Замын холбогдолтой 50 ажил, бусад тохижилтын ажил гээд нэмэгдэх төлөвтэй байна. Аймгийн зураг төсвөөр хийгдэх 78 ажлыг хүлээлгэн өгч, Жаргалант сумын 15 ажлын 8-ыг нь зураг төсөв дуусгаад байна. Мөн Баян-Өндөр сумын хэмжээнд 73 ажил бий. Зураг төсвийн ажлуудыг ирэх нэг сарын хугацаанд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ оны 03 дугаар сарын 30-ны дотор зураг төсвөө бүрэн гаргаж, тендерээ зарлах, компаниа шалгаруулах, гэрээ хийх зэргээр хугацаатай ажлуудаа явуулна.

-Манай орны нэг онцлог нь улирлын чанартай бүтээн байгуулалтын ажлууд хийгддэг. Тэгэхээр энэ оны ажлууд эртнээс төлөвлөсний дагуу хугацаандаа хийгдэнэ гэж ойлгож болох нь ээ?

-Зуны богино хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудыг амжуулахаас аргагүй нөхцөл байдал тулгардаг тул бид аль болох чанартай гүйцэтгэлд анхаарч ажиллана. Ингэхдээ бид байгууллагынхаа хэмжээнд энэ жилийг “Чанарын жил” болгон зарлаад байгаа юм. Олон ажил дунд сайн муу, сайхан муухайгаар дуудуулаад л явж байна.

-Чанарыг хангах гол үзүүлэлт нь чанартай материал байх учиртай. Гэтэл энэ чанарын шаардлагыг хэрхэн хангах талаар тодруулбал?

-Яг энэ асуудлаар хамт олонтойгоо нэлээд олон талаас нь ярилцсан. Үнэхээр сайн гүйцэтгэл шаардахад сайн материал чухал байх нь ойлгомжтой тул энэ онд материалын чанар анхаарна гэдэг дээр санал нэгдсэн. Чанартай материал, чанартай гүйцэтгэлд төвлөрнө.

-Тендерт шалгарсан компаниуд дээр боловсон хүчний асуудал яригддаг. Хүнгүй хэрнээ тендер авчихдаг, ардаа “Гүйцэтгэл нь чанаргүй” гэсэн яриа дагуулдаг. Орон нутгийн компаниудыг чадамжийн тухайд юу хэлэх вэ? Компаниудад тавих шаардлагаа хэрхэн өндөрсгөх вэ?

-Гол асуудлын нэг мөн л дөө. Тухайн компани тендерт ялчихсан байдаг, энэ тохиолдолд бид хяналт тавих л үүрэг хүлээдэг. Хуулийнхаа дагуу шалгарч байгаа тул энд эрхзүйн талаас яригдах зүйлгүй л дээ. Харин бид энэ онд чанарын шаардлагаа л маш сайн тавина. Бүх барилгын гүйцэтгэлд хяналт тавьж өөрийн биеэр очно гэж бодож байна. Үнэхээр сайн компани байвал бид дэмжээд цааш ажлыг нь гацаалгүй явуулна. Болохгүй байгааг нь ил тод хэлээд, тухайн цаг үед нь зогсоох хүртэл арга хэмжээ авна.

-Автовокзалын барилгын өнгө хийцлэлд иргэд бухимдаж, шүүмжлэлтэй хандаад байна. Зураг төсөв, дизайны тал дээр анхаарч болдоггүй юм уу гэхээр анхнаасаа ийм зургаар гарсан гэж үзээд байх шиг байна. Энд тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Архитекторын хувьд санаа зовоож байгаа нэг асуудал нь хотын өнгө үзэмж мөнөөс мөн. Энд тэндгүй л төрөл бүрийн өнгөтэй, давхар, хийцлэлтэй барилгууд баригдаад байна. Энэ бүхэн цэгцрэх учиртай. Ингэхдээ “Өмнөхөө эргэж хараад байх бус цаашаа харж алхъя” гэсэн шийдэлд хүрсэн. Орхон аймгийн Ерөнхий хөгжлийн төлөвлөгөө 2020 онд дуусгавар болсон. Энэ онд Сангийн яаман дээр төсөв хөрөнгөө батлуулж, төлөвлөгөөг шинэчлэн гаргах юм. Ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгана, цаашид яг л тэр төлөвлөгөөний дагуу барилга байшин, бүх ажлыг хийнэ. Таван давхар бол тав, арван давхар бол 10 гэх зэргээр тодорхой зүйл ярина. Мөн туханй барилга хүрэн өнгөтэй байгааг улаан болгох зэргээр төвлөгөөнөөс гажсан зүйл хийхгүй.

-Та мэргэжлийн архитетор хүн. Дараа дараагийн хотын төлөвлөгөөнд гар бие оролцох хүний хувьд бид юун дээр алдсан тухайд санаа бодлоо хуваалцахгүй юу? Газрын зориулалтыг өөрчлөөд барилга ашиглалтад оруулаад байгаа явдлыг цэгцлэх цаг болсон гэж би хувьдаа харж байна?

-Бидний хамгийн том алдаа бол төлөвлөлтгүй явж ирсэн л дээ. Хэсэгчилсэн төлөвлөгөө гэж гаргахдаа үйлчилгээний зориулалттай талбайг орон сууц болгож өөрчлөх зэргээр хайнга хандсан тал бий. Одоо төлөвлөгөөгөө батлаад авчихна. Аймгийн ГХБХБГ-тай энэ тухай сайн ярилцаж байгаа. Төлөвлөөд гаргасан л бол төлөвлөгөөний дагуу явуулах чиглэлээ барина. Одоогоор бид “Орхон аймгийн 1-6 дугаар бичил хорооллууд болох төвийн хэсэгт цаашид дахин төлөвлөлт хийх шаардлага байна уу” гэдэг дээр судалгаа хийж байна. Тухайн бүсэд цаашдаа дахин барилгажилт хийхгүйгээр инженерийн шугам сүлжээ тавих, ногоон байгууламжийг сайжруулах, өнгө үзэмж нэмэх ажлыг л хийх нь оновчтой гэж харж байна.

-Баянцагаан багт хийгдсэн төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тус багт эрчим хүчний байгууллагуудын ажилчдын орон сууц болох “Эрчим хороолол”, эмч, багш нарын байр, сургууль, цэцэрлэг гээд цогцоор төлөвлөсөн хэдий ч ажил одоогоор зогссон. Ажлын хэсгийг ГХБХБГ-ын дарга Цолмон ахалж, миний бие ажлын хэсэгт бий. Ойрын үед ажлын хэсгээр хуралдаж, хотхоны талаар дахин хэлэлцэхээр төлөвлөөд байна. Би хувьдаа цогцолбор хотхон хэлбэртэй байвал зүгээр гэдэг байр суурьтай байна. Эрдэнэт хот тэлэх нь тодорхой болсон тул тус багийн орчимд иргэн А-д нэг байшин барих, иргэн Б-д нэг үйлчилгээний газар барих зөвшөөрөл олгох бус дэд бүтэцтэй, инженерийн шугам сүлжээтэй, төрийн үйлчилгээний байгууллагууд, орон сууцтай байхаар төлөвлөлт хийнэ гэж бодож байна.

-260 айлын 2 блок ашиглалтад орсон. Дараа дараагийн блок хэзээ ашиглалтад орох вэ гэсэн хүлээлт иргэдийн дунд байна?

-Саяхан 3-р блокыг комисс хүлээн авсан. Үндсэндээ ашиглалтад орсон гэсэн үг. 4-р блок 3-р сард ашигллтад, 5-р блок ондоо багтана.

-Томоохон хорооллууд ашиглалтад орсоор байна. Тэгвэл энэ онд хичнээн айл орон сууцаар хангагдах тооцоо судалгаа харагдаж байна вэ?

-“Тамир” зочид буудлыг дахин төлөвлөлтийн хүрээнд 3 блок буюу 168 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Мөн 7-р хороололд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар орон сууцжуулах ажил явагдаж байна. Хувийн компаниудын зүгээс 2А, 1А, 7-р хороололд барилгууд баригдаж байна. Энэ онд Эрдэнэт хотын хэмжээнд 1800 орчим айл шинэ орон сууцаар хангагдах боломжтой гэсэн судалгаа гаргаад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%