Б.Зоригтбаяр: “Төрийн албан хаагч” хөтөлбөрийг сумандаа эхлүүлж 30 айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн нь төрд болон суманд ажиллах залуусын тоо өссөн

Наадмын дараа намар гэгчээр намрын их ажил эхэллээ.Тиймээс ч ургац хураалт болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой бэлтгэл ажлууд ундарсан өдрүүд эхэлж байна. Бид Жаргалант сумын засаг дарга Б.Зоригтбаяртай цаг үеийн болон түүний хийж хэрэгжүүлж буй зарим ажлын талаар товч ярилцлаа.
 

-Жаргалант суманд намрын ургац хураалт ид өрнөж байна. Газар тариалан эрхлэгчдийн хувьд ямар жил болж байна вэ?

-Тариаланчдын хувьд харьцангуй сайхан зун боллоо. Жаргалант сумын тухайд ургац арвинтай байх тооцоо гарсан. Үр тарианы компаниуд ургацын болц сайтай байгаа тул хураалтын хугацаанаас өмнө ажилдаа гарсан. Төмс, хүнсний ногооны хураалт эхэлсэн байгаа. Үндсэндээ сумын хэмжээнд 10 дугаар сарын 10 гэхэд ургацаа бүрэн хурааж авахаар төлөвлөж байна.

Мөн бид 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн дэд бүтэц болон хөдөө аж ахуйн салбарт 12 заалт бүхий төлөвлөө гаргаж өгсөн. Энэ дагуу төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж, биелэлт 60 гаруй хувьтай байна. Сумын хэмжээнд бүх байгууллагыг хамарсан 48 төлөвлөгөө байгаагаас 70 гаруй хувийн биелэлттэй явна. Сумын аюулгүйн нөөц болон иргэд байгалийн хадлан хадах ажил дээр сумын Агро үйлчилгээний нийт 6 зүтгэх хүч, 14 тоног төхөөрөмжийг гарган, 4 бригад иргэдэд туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

-Жаргалант суманд сүүлийн хэдэн жил яригдсан нэг томоохон асуудал нь хүнсний ногоо хадгалах зориулалт бүхий зоорь байсан. Энэ асуудал шийдвэрлэгдсэн болов уу?

-Өнгөрсөн онд 500 тонны механик зоорь барих ажил маань эхэлсэн. Улсын хэмжээнд Хөдөө аж ахуйн яамнаас жишиг зураг гаргасны дагуу аймгийн Хөдөө аж ахуйн газар зургийг хүлээн авч, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлсэн. Улмаар манай сум аймагтай хамтран төсөв тавиулж, энэ онд дуусгахаар ажиллаж байна. Жишиг зурагт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахаар ажлын явцыг удаашруулсан. Энэ нь автортой холбоотой юм. Гүйцэтгэгч компани 06 дугаар сарын 01-нээс ажлаа эхэлж, хугацаанд нь гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар барилгын явц дууссан, ирэх 7 хоногт гадна тохижилтын ажил дуусна. Мөн тус компани дотор агаар сэлгэлтийн ажлыг 09 дүгээр сарын 25 гэхэд дуусгаж, Улсын компани хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Зоорь ашиглалтад орсноор иргэд, ногоочдод ямар  давуу талууд бий болох вэ?

-Зоорь ашиглалтад орох нь Жаргалт сумын ногоочдод олон талын ач холбогдолтой. Тухайлбал, байцаа тарьсан айлууд хураасан ногоогоо хадгалах газаргүй байдаг нь нэг том бэрхшээл байсан. Тэд зоорьгүйн улмаас ногоогоо хураагаад хямд зардаг байсан бол өвөл, хаврын уртад зарах боломжтой болох юм.

-Та Жаргалант сумын Засаг даргаар ажиллах хугацаанд өөрийн ямар жанжин шугамаас хазайлгүй явсан бэ? Амжилттай хөрсөн дээр буусан ажлуудаасаа мэдээлэл өгөхгүй юу?

-Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 04-нд анх Жаргалант сумын Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авч, үндсэндээ 8 дахь жилдээ ажиллаж байна. Нэн тэргүүнд хүний хөгжил рүү чиглэсэн. Монгол Ардын намын зорилго ч энэ чиглэлийг барьсан. Улмаар сумынхаа хүүхдүүд, одоо ажиллаж байгаа багш, ажилчдын ажиллах, сурах орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж, эргээд харахад нэлээд үр дүнтэй ажлууд болсон санагддаг. Хоёр дахь томоохон зорилт нь хөдөө аж ахуй, мал аж ахуй дээр суурилсан сум учраас энэ чиглэл рүү барих бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж харсан. Ажиллах хүчний дутагдалтай байгаа өнөөгийн нөхцөлд тариаланчдын ажлыг хөнгөвчлөх, хавар тариалалтад, намар ургац хураалтад нь дэмжлэг үзүүлэх, дутагдалтай байгаа хүний нөөцийг бүрдүүлэх,техник хэрэгслээр хангах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд сумынхаа Тамгын газрын дэргэд Агро үйлчилгээ байгуулан, 10 гаруй хүнтэй ажиллаж байна. Сумынхаа төрийн байгууллагуудын жижүүр болон нийтлэг үйлчилгээний албаныхныг шаардлагатай үед трактор барих хэрэгцээнд нь тулгуурлан энэ ажлыг хэрэгжүүлсэн. Мөн малчдын хамгийн их хүн хүч хэрэгцээтэй үе нь намрын хадлан байдаг. Агра үйлчилгээ бий болсноор богино хугацаанд хадлан авах боломжийг бүрдүүлсэн. 

-Малчид руу чиглэсэн ажлуудаас онцолбол?

-Эрчимжсэн мал аж ахуй руу чиглэсэн бодлогыг сүүлийн 3 жил хэрэгжүүллээ. Уг бодлогын дүнд малаас авах ашиг шим нэмэгдэх хандлагатай байгаа.

-“Ногоон Жаргалант” төсөл хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ? Төсөл хөтөлбөрийн хэрэгжилт айл өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд хэрхэн хүрч байгаа бол? Уг хөтөлбөрт нутаг дэвсгэрийн онцлогийг тусгасан уу?

-Сумын хэмжээнд сүүлийн 8 жилийн хугацаанд 9 хөтөлбөр хэрэгжсэн. Тамгын газар, Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан  100-аад хөтөлбөр бий. Бид хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хуулийн хүрээнд ажиллах ёстой. Сум Орон нутгийн хөгжлийн сан болон суурь зардал буюу төсвийн байгууллагуудын тогтмол зардал болох урсгал засвар, цалин хөлс багтсан хоёр эх үүсвэрээс санхүүждэг. Тогтмол зардлаас ямар нэг хөрөнгө оруулалт, худалдан авалт хийж болохгүй. Харин Орон нутгийн хөгжлийн сангаас иргэдийн саналыг үндэслэн хөрөнгө оруулалт, худалдан авалт хийх боломжтой тул энэ чиглэлд бодлого хэрэгжүүлдэг. Тухайлбал, иргэдэд хөнгөлөлттэй үнээр техник хэрэгсэл олгох тохиолдолд заавал бодлого, хөтөлбөр боловсруулахгүй бол журмаараа хөнгөлөлт үзүүлэхийг хориглосон байдаг. Иймд хуульд нийцсэн хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа гэж ойлгож болно. “Ногоон Жаргалант”, “Ногоон байгууламж” гэсэн 2 хөтөлбөрийг нэгтгэн, “Жаргалантын Ногоочид” хөтөлбөр боловсруулж, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа.

-Үрний сорт нутагшуулах тал дээр өөрчлөлт гарсан уу?

-Аймаг дээр хэрэгжиж байгаа “Өрхийн тариалан эрхлэлтийг дэмжих” хөтөлбөртэй уялдуулан ногоочид маань саналаа илэрхийлдэг. Бид “Жаргалантын ногоочид” хөтөлбөрөөр дамжуулан үр, сорт шинэчлэх ажлыг жил бүр хийж байна. 2024 оны хавар гэхэд 40 гаруй тонн үрийн худалдан авалт зохион байгуулж, иргэддээ олгосон. Мөн Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа “Монгол ногоо” төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж, сумын тариалан эрхлэгчдэдээ үр, бордоо олгож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.