C°/C°
Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Д.Өлзий
Сахарын хэрэглээ дэлхий даяар өндөр байна. Сахарын хэрэглээ өдөр тутамд тогтмол байх ёстой зүйл хэдий ч хүүхдийн нас болгонд тохирсон өдөр тутмын илчлэгийн хэрэгцээ гэж бий. Эдгээр хэрэгцээний ойролцоогоор 50 орчим хувийг нүүрс ус эзэлдэг. Нүүрс усан дотор сахар багтаж байгаа. Нүүрс усны хэрэгцээний 10 орчим хувийг сул сахараас авахад хэвийн гэж үздэг. Гэтэл дэлхий даяар ихэнх улсуудад сахарыг 5-10 хувиар хэтрүүлж хэрэглэх тохиолдол байна. Энэ нь бодисын солилцооны өвчин болон шүд, амны хөндийн эрүүл ахуйтай холбоотой асуудлыг үүсгэх шалтгааны нэг болж байгаа. Манай улсын хувьд ч сахарын хэрэглээ өндөр хэмжээнд байна. Гэр бүл, нийгмээс шалтгаалж байгаа олон хүчин зүйл байна. Жишээлбэл, дэлгүүрт ороод хүнс сонгоё гэхээр дандаа нэмэлт сахар агуулсан, хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Байгалийн сахар агуулсан болон бага сахартай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэх гэхээр сонголт цөөн байдаг. Хэрэглэгчдийн зүгээс шошгоо сайн унших хэрэгтэй байх. Гэхдээ бодлогын түвшинд хийх шаардлагатай олон ажил байх шиг байна.
-Хүүхдийн шүдний өвчлөлөөс гадна шүдний гажиг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
АШУҮИС-ийн НАСС-ийн Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхмийн профессор, хүүхдийн нүүр амны эмч Б.Оюунцэцэг
Эцэг, эхчүүдийн ихэнх нь шүдийг эрхтэн гэж ойлгодоггүй. Сүүлийн 10 гаруй жилд л үүнийг ойлгож байх шиг байна. Эцэг эхчүүдийн ихэнх нь сүүн шүдэнд анхаарал хандуулдаггүй. Ясан шүд нь гарч ирэхээр хүүхдийнхээ шүдээ хайрлая гэдэг. Шүдийг эрхтэн гээд байгаа учир нь өөр, өөрийн гэсэн үүрэгтэй. Хүүхдийн шүд цухуйх 6-8 дугаар сараас эхлээд 3 нас хүртэл хүүхдийн сүүн 20 шүд шүдэлдэг. 6 настай нэгдүгээр ангид ороход шүд нь унах ёстой. Шүд нь унахгүй, давхар шүд гарч ирэх юм бол эцэг эхчүүд хүүхдийнхээ амны хөндийн үйл дээр алдаа гаргачихжээ гэсэн үг. Тиймээс хүүхдийнхээ хөхөх, залгих, зажлах үйлийг зөв хийлгэх ёстой. Хүүхдээ анх амлуулахдаа л зөв амлуулчихвал зөв хөхөж, зөв залгина. Зөв залгидаг хүүхэд араа шүд нь шүдлээд зургаан сартай бор хоолонд ороод хоолоо идэх үед зөв зажилж эхэлдэг гэсэн үг. Энэ үед аливаа хоолыг тасалж, зулгааж, хазаад, зажлуулж сургах хэрэгтэй. Эцэг эхчүүд зажлах үүргийг л сайн хийлгүүлж байгаа нь асуудал үүсгээд байгаа юм. Хүүхдийнхээ шүдээр хоол таслуулж, зулгааж, хазуулахгүй байна. Мөн нэгдүгээр ангийн сурагчдад хийгдэж буй шүдний үзлэгийн нэг гол зүйл нь шүдний гажигийг эрт илрүүлэхэд оршиж байна. Энэ үзлэгээр гажигийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой юм. Сүүлийн 10 жил мэдрэгдэж байгаа нэг зүйл бол хүүхдийн эрүүний бүтцэд өөрчлөлт орсон явдал юм. Хүүхдийн үүдэн шүднүүд бөөгнөрч ургах тохиолдол их болсон. Үүнийг дагаад эрүүний бүтэц жижгэрсэн. Гоё булчинтай болох гэж фитнесст явж дасгал хийдэг шиг эрүүгээрээ сайн юм зулгааж, зажилж байвал хүүхдүүдийн шүд бөөгнөрөх биш хооронд нь зай үүсдэг. Булчин ажилласнаар зай үүсдэг.
ЭМЯ-ны НЭМБГ-ын ХБӨХ-ийн амны хөндийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Номин
Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийнхээ эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, бэлэг сонгохдоо эрүүл мэндэд хэрэгтэйг нь сонгоод, идэж буй хүнсэнд эргээд нэг анхаараач гэдэг мессежийг хүн болгонд өгч, энэ талаар мэддэг, хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсэж байна. Хэрвээ үнэхээр хүүхэддээ чихэр өгмөөр байгаа бол хүүхэд тань өөрөө шүдээ угааж суртал шүдийг нь угаах хэрэгтэй. Ажилтнуудынхаа хүүхдүүдэд бэлэг өгөхдөө сахаргүй бэлэг сонгооч гэж уриалж байна. Эрүүл мэндийн даатгалаар хүүхдийн 5-6 шүдийг үнэгүй эмчилж байгаа. Урьдчилэх сэргийлэх үзлэг болон хамгаалах ломбын үйлчилгээ даатгалд багтсан байгаа гэдгийг хэлмээр байна.
Эх суовалж: Eagle.mn






СЭТГЭГДЛҮҮД /0/