C°/C°
Өнөө үед бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаа дижитал орчинд гүн нэвт шингэсэнтэй холбоотойгоор цахим залилан дэлхийн хамгийн өргөн хүрээтэй аюулын нэг болж хувирлаа. Уламжлалт гэмт хэрэг газарзүйн хил хязгаарт баригддаг бол кибер гэмт хэрэгт тийм саад байхгүй. Нэг улс дахь гэмт этгээд өөр нэг улсын иргэнийг хэдхэн товшилтоор залилж чадна гэсэн үг. Гэсэн хэдий ч олон улсын туршлагаас харахад бид өөрсдийгөө хамгаалж, эрсдэлийг таньж мэдэж, сэрэмжтэй байснаар цахим орчинд аюулгүй байх бүрэн боломжтой.
Дижитал орчинд амьдрахын үнэ цэнэ ба эрсдэл
Цахим орчин бидэнд олон боломж олгодог ч зэрэгцээд сорилт авчирдаг. Нэг товшилтоор дэлхий ертөнцтэй холбогдох боломж, мөн нэг товшилтоор бүх зүйлээ алдах эрсдэл дагуулдаг нь зоосны хоёр талтай адил. Хөгжингүй орнуудын туршлагаас харахад цахим гэмт хэрэг огт буурахгүй, харин ч арга барил нь илүү нарийсаж, илүү ухаалаг болсоор байна. Иймд бидний хамгийн хүчтэй хамгаалалт бол технологийн хамгаалалт гэхээсээ илүү сэрэмжлэх ухаан юм. Тиймээс цахим залилангаас өөрийгөө хамгаалах энгийн боловч чухал дадлуудыг танд сонордуулъя.
Нууц үг таны хамгийн сайн хамгаалагч
Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд тухайн хүний нууц үг хамгийн сул хамгаалалт эсвэл хамгийн хүчтэй бэхлэлтийн аль нэг нь болж чаддаг гэдэгт санал нэгддэг. Олон улсын зөвлөмжийн дагуу доорх гурван алхмыг хийснээр кибер халдлагын дийлэнх хувийг таслан зогсоох боломжтой аж. Үүнд:
-
Урт, давтагдашгүй нууц үг ашиглах
-
Нэг нууц үгийг олон газарт хэрэглэхгүй байх
-
Мөн хоёр шатлалтай нэвтрэлт (MFA) асаах.
Залиланг таних нь өөрийгөө хамгаалах хоёр дахь шат
Кибер гэмт этгээдүүдийн заль нь ихэвчлэн нэг ижил сэдвийг дагадаг. Ингэхдээ яаравчилж, итгүүлэх өнгө аяс хамгийн тод илэрдэг байна.
“Таны дансыг хаана”, “Та сугалаанд хожлоо”, “Таны аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учирч байна”, “Энэ боломж дахин олдохгүй” гэх мэт.
Олон улсын байгууллагуудын судалгаагаар ихэнх хохирол яаравчлан шийдвэр гаргаснаас болдог байна. Тиймээс сэжигтэй санагдсан бүхнийг нэг минут бодох нь таны хамгийн хүчтэй хамгаалалт байж чадна.
Хэрэв та хохирогч болсон бол ичих бус, үйлдэл хийх хэрэгтэй
Цахим залилангийн хохирогчдод ихэвчлэн ичиж, өөрийгөө буруутгах сэтгэл илэрдэг гэнэ. Гэвч дэлхийн улс орнуудын статистикаас харвал энэ нь хэн ч өртөж болох нийтлэг эрсдэл юм. Хамгийн чухал нь хурдан арга хэмжээ авч, цаашдын эрсдэлээс урьдчилан сэргийлж холбогдох хүмүүс, байгууллагад хандах хэрэгтэй. Ингэхдээ:
1. Нэн даруй нууц үгээ өөрчлөх, дансаа хамгаалах
2. Банк, үйлчилгээ үзүүлэгчдээ яаралтай мэдэгдэх
3. Мөрдөн шалгах байгууллагад мэдээлэх
4. Бүх нотолгоог хадгалах
5. Төхөөрөмжөө шалгаж, цэвэрлэх
6. Зээлийн мэдээллээ хянах, шаардлагатай бол царцаах
Эдгээр алхам олон улсын хэмжээнд батлагдсан стандарт бөгөөд олон хүний мөнгө, нэр хүнд, дахин хохирох эрсдэлийг хамгаалж чадсан байдаг.
Цахим орчин бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон хэдий ч үүнийг ухаалгаар ашиглах сонголт үргэлж бидний гарт байх нь дамжиггүй. Тэгвэл цахим залиланг урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудаас дурдвал:
-
Цахим орчны мэдлэгтэй байх,
-
Сэрэмжтэй байх,
-
Бусдад энэ мэдлэгээ түгээх.
Хүн бүрийн аюулгүй байдал зөвхөн хувь хүний хэрэг биш, харин бидний хамтын соёл юм. Өнөөдөр та нэгэн жижиг алхам хийж нууц үгээ шинэчилж, сэрэмжтэй хандаж, гэр бүлдээ энэхүү мэдээллийг дамжуулснаар кибер гэмт этгээдийн боломжийг улам бүр хумьж байгаа хэрэг юм.
Цахим залилангаас сэргийлэхэд дэлхийн орнуудын авч буй арга хэмжээ: Гол бодлогууд ба бодит жишээнүүд
Өнөөдөр дэлхий даяар засгийн газрууд, олон улсын байгууллагууд, хууль сахиулах агентлагууд цахим залилангаас иргэдээ хамгаалахын тулд эрх зүйн зохицуулалтаа сайжруулж, иргэдийнхээ цахим орчны боловсролыг нэмэгдүүлж, технологийн чадавхаа ахиулсаар байна. Олон улсын туршлагаас харахад кибер залилангаас сэргийлэхэд зөвхөн технологи бус, олон нийтийн мэдлэг, хүчтэй хууль эрхзүй, олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байдаг.
Дэлхийн олон улс кибер гэмт хэрэгтэй тэмцэх орчин үеийн хуулиудыг баталсан нь хамгийн том алхмуудын нэг юм. Энэ хуулиуд нь цахим залилангийн хэлбэрүүдийг тодорхойлж, шийтгэлийн тогтолцоо бий болгохоос гадна цахим үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, Европын Холбооны NIS2 удирдамж нь байгууллагуудыг өндөр түвшний кибер хамгаалалттай байхыг шаарддаг бол Сингапурын Кибер аюулгүй байдлын хууль фишинг, цахим хулгай зэрэг үйлдлийг хатуу шийтгэдэг. Ийм хууль эрх зүйн орчин нь байгууллагуудыг кибер аюулгүй байдлыг нухацтай авч үзэхэд хүргэдэг.
Хууль тогтоомжийн зэрэгцээ олон улс үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын тусгай байгууллагууд байгуулсан. Эдгээр байгууллагууд цахим заналхийллийг хянах, хэрэг мөрдөн шалгах, байгууллага болон олон нийтэд зөвлөгөө өгөх үүрэгтэй. АНУ-ын Интернет гэмт хэрэг мэдээлэх төв (IC3) нь хохирогчдод цахим залилангийн талаарх мэдээллийг түргэн шуурхай өгөх боломж олгодог бол Их Британийн Үндэсний Кибер Аюулгүй Байдлын Төв байгууллагуудад аюулын талаар сэрэмжлүүлэг илгээж, халдлага болсон тохиолдолд дэмжлэг үзүүлдэг байна. Ийм байгууллагууд нь улсын кибер хамгаалалтын тулгуур систем болдог.
Олон нийтэд боловсрол олгох нь цахим залилангаас сэргийлэх дараагийн чухал арга хэмжээ юм. Олон улс иргэдийг цахим орчинд болгоомжтой байх дадалд сургах зорилгоор улс даяар кампанит ажлууд өрнүүлж байна. Их Британийн “Take Five to Stop Fraud” (Залилангаас сэргийлэхийн тулд 5 секунд бодоорой) уриатай аян нь иргэдийг сэжигтэй линк, мессежид дарж хариу өгөхийн өмнө түр азнахыг зөвлөдөг. Япон улс өндөр настнуудыг цахим залилангийн талаар сэрэмжлүүлэх тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Эдгээр жишээнүүд нь иргэд өөрсдөө мэдлэгтэй байх ёстойг харуулж байна.
Тэгвэл манай улсын хувьд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүлээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо бусад арилжааны банктай хамтран 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусам нягтал-2”, 2021 онд "Ятгах тусам нягтал-2021", 2022 онд “Unsend–Бүү шилжүүл”, 2023 онд “Цахим зөвлөмж” зэрэг нийт 6 удаагийн аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж ажиллажээ.
Санхүүгийн байгууллагууд ч мөн адил хамгаалалтын түвшнээ эрс дээшлүүлсэн. Банкууд олон давхар баталгаажуулалт, хиймэл оюуныг ашигласан хяналт, сэжигтэй гүйлгээг автоматаар илрүүлэх систем зэрэг технологиудыг нэвтрүүлж байна. Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг улсад банкууд биометрийн баталгаажуулалт болон шуурхай сэрэмжлүүлэг ашиглаж, хэрэглэгчдийн мөнгийг хамгаалдаг. Ийм арга хэмжээ нь цахим залилангийн улмаас учрах хохирлыг ихээхэн бууруулжээ.
Мөн олон улсад цахим залилан хийдэг вэбсайт, хуурамч домайнуудыг шуурхай хаах арга хэмжээ авч байна. Засгийн газрууд технологийн компаниудтай хамтран хуурамч банкны сайт, фишинг хуудсыг хааж, иргэдийг эрсдэлээс хамгаалдаг жишээ олон бий Жишээлбэл, Австралийн интернет үйлчилгээ үзүүлэгчид танигдсан залилангийн сайтуудыг автоматаар хаадаг бол Их Британи сая сая аюултай сайтыг устгасан байдаг.
Үүнээс харахад цахим залилангаас сэргийлэхийн тулд улс орнууд олон талт, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хууль эрхзүйн шинэчлэл, тусгай байгууллагуудын үүрэг, олон нийтийн боловсрол, санхүүгийн аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ, хор хөнөөлтэй вэбсайтыг устгах болон олон улсын хамтын ажиллагаа зэрэг нь дэлхийн дижитал орчныг илүү найдвартай болгодог. Кибер гэмт хэрэг улам боловсронгуй болсоор байгаа ч улс орнуудын үр ашигтай туршлага нь нэгдсэн бодлого, мэдээлэлтэй иргэдийн тусламжтайгаар энэ эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулах боломжтойг харуулж байна.

















СЭТГЭГДЛҮҮД /0/