Б.ЭРДЭНЭБУЛГАН: Эвтэй найртай байж, сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлнэ шүү гэж хамт олондоо их захидаг

   Орхон аймгийн БОЭТ-ийн Эмчилгээний төвийн Төрөх тасгийн эрхлэгч, төрөх эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор, Б. Эрдэнэбулгантай ярилцлаа.Тэрээр төрөх эмэгтэйчүүдийн их эмчээр 26 жил тасралтгүй ажиллаж яваа нэгэн юм.

-Мэнд усаа мэдэлцдэг Монгол түмний сайхан ёс уламжлал бий. Таны уугуул нутаг хаана вэ?

-Би 1968 онд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн болохоор Сэлэнгийн хүн. Айлын 2 дахь хүү нь болж мэндэлсэн. Бид эцэг эхээс 8-уулаа. Өнөр өтгөн айлын хүүхдүүдийн нэг дээ. Бага насаа сумандаа өнгөрүүлж, 1986 онд 10 дугаар ангиа төгсөөд Анагаахын их сургуульд элссэнээр нутгаасаа гарсан. Одоо 30 жил болж байна.

-Аав ээж, бага насныхаа гэгээн дурсамжийг хуваалцахгүй юу?

-Манай аав сумандаа эх баригч, бага эмчээр, ээж сургуульд багшаар ажилладаг байлаа. Одоо өндөр насныхаа тэтгэвэрт гарч, Сэлэнгэ аймгийн Сант сумандаа энх тунх сайхан амьдарцгааж байна. Би багадаа тийм ч сурлага сайтай байгаагүй л дээ. Харин ажилсаг хүүхэд байсан. Дүү нарынхаа хоол ундыг хийж ээж аав, эмээ өвөөдөө тусалдаг, магтаалын үг их сонсдог байлаа. Аав минь “Хүнд тус болохыг бодож  яв, хүнд битгий муу санаж бай, хүнийг битгий дээрэлхэж бай, хүнд битгий дээрэлхүүлж бай” гэж үр хүүхдүүддээ захиж сургадаг байсан. Сайн санааны үзүүрт шар тос, хүнд буян сайн хийвэл амьдрал аяндаа сайхан болно гэдэг амьдралын ухааныг сургаж хэлдэг байсан.

-Мэргэжил сонголтод аав тань нөлөөлсөн үү? Эмч болох таны багын хүсэл байв уу?

-Биднийг 10 дугаар анги төгсөх үед сумандаа биш аймгийн төв дээр конкурс өгдөг байлаа.  Аймгийн төв дээр конкурс өгөхөөр очихдоо Анагаахын их сургуульд орно гэсэн итгэл үнэмшилтэй очсон. Учир нь тэр сургуульд орохоор эртнээс бэлтгэж байсан. Сургуулиа амжилттай төгсөөд Эрдэнэт хотдоо ирж, өнөөдрийг хүртэл сайн сайхан ажиллаж, амьдарч явна.

Манай аав Булган аймгийн уугуул. Харин эхнэр маань Хөвсгөл аймгийн харьяат. Сургууль төгссөн жил миний эхнэр Хөвсгөл аймагт, би Сэлэнгэ аймагт хувиарлагдахад бид нэг зоригтой алхам хийсэн гэх үү дээ. Бид оюутан байхдаа гэр бүлийн амьдралаа зохиосон тул Сэлэнгэ ч явахгүй, Хөвсгөл ч явахгүйгээр шийдвэрлэж, хоёр аймгийнхаа дунд амьдарсан. Аавынхаа зөвлөгөөг дагасаар анх 1993 оны 6 дугаар сарын 14-нд Эрдэнэт хотын төв талбай дээр бууж билээ.

-Тухайн үед төрөх эмэгтэйчүүдийн эрэгтэй эмч цөөхөн байсан уу?

-Манай төгсөлт болон бидний өмнөх төгсөлтөд харьцангуй олон эрэгтэй хүүхэд байсан. Ер нь их сургуулийн нэг группэд 1-2 эрэгтэй хүүхэд байсан бол бидний үед 4-5 болж өссөн байдаг. Энэ нь эрэгтэйчүүд, эрэгтэй эмчийг бэлтгэх нам, улс төрийн бодлого давхар байсных болов уу.

-Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж ажиллана гэдэг маш том үүрэг хариуцлага шүү дээ. Таны хувьд хэд дэх жилдээ эмчээр ажиллаж байна вэ?

-Төрөхийн эмчээр 26 жил, түргэний эмчээр 1 жил  ажиллалаа. 2006 оны 4 дүгээр сарын 16-нд Тасгийн эрхлэгчээр томилогдон 14 дэх жилдээ ажиллаж байна. Эрдэнэт хотын түргэн тусламжийн албанд 1993 онд эмчээр ажилд орохдоо нарийн мэргэжил эзэмшинэ, цаашдаа суралцана гэсэн бодолтой байлаа. Яг энэ үед дотрын Батхүү, Галина эмч тэтгэвэрт гарч таарсан. Би Галина эмчийн оронд эх барих эмч болохоор, Энхмандах Батхүү эмчийн оронд дотрын эмч болохоор мэргэжлээ сонгож билээ.

-Та 20 гаруй жил эмч хийхдээ хэдэн хүүхэд эх барьж авсан бэ, тоо гаргах боломж байдаг уу?

-Би 80 гаруй мянган хүнд зөвлөгөө өгч, 9000 гаруй эхийг амаржуулж, 5600 орчим хагалгаанд орсон. Жил бүр бүртгэл явагддаг, бас өөрсдийн тайлан мэдээнд тулгуурлаж энэ тоог гаргасан.

-Сурсан мэдсэнээ амьдрал дээр хэрэгжүүлж, бусдаас баяр талархал хүртэж, мэргэжлээрээ бахархах сайхан. Таны хувьд бахархалын тухай бодлоосоо хуваалцвал?

-Миний мэргэжил үнэхээр сайхан. “Өглөө ажилдаа яарч ирээд, орой гэртээ аз жаргалтай яарч харьдаг хүнийг аз жаргалтай хүн” гэдэг дээ. Миний мэргэжил хоёр хүний амь насыг хариуцан, айл гэрт аз жаргал бэлэглэдэг буянтай ажил учраас мэргэжлээрээ бахархалгүй яахав.Эмч хүний эрхэм дээд чанар бол хүнлэг байх энэ бол мэргэжлээсээ давхар олж авсан том бахархал тийм учраас хүнлэг эмч байх юмсан гэж их хичээдэг.

-Хамт олондоо хэлэх дуртай үг?

-Манай эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт багаар ажиллах нь маш чухал байдаг. Тиймээс багаараа эвтэй найртай байж, сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлнэ шүү гэж байнга захидаг.

Мөн ёс зүй, эелдэг харилцаа, итгэлтэй байдал гээд захих зүйл олон бий. Төрөх тасгийн ажилтан байна гэдэг сайхан сэтгэл хүнлэг байдал тусч энэрэнгүй байхыг шаарддаг ийм л онцгой газар гэж би боддог. 

-Сэтгэлд тод үлдсэн дурсамж юу байдаг вэ? 

-Миний анх эх барьж авсан хүүхдүүд 25, 26 нас хүрчихлээ. Тухайн үед төрж байсан хүүхдүүдийг ээж нь дагуулаад, тань дээр төрүүлнэ, эсвэл золгуут хийлгэнэ гээд ирж байсан тохиолдол олон гарч байсан.

Бас “Эрдэнэбулган” нэртэй хүүхэд олон байдаг. Булгаа эмчээ гээл хаана ч таарсан мэндэлдэг ээжүүд маш их бий 

-Шөнийн хэдэн цагт ч дуудлага ирж болзошгүй тул эмч нарт утсаа унтраах эрх байдаггүй гэж сонсож байсан. 24 цагийн дотор хичнээн  дуудлага авдаг бол?

-Гар утас гарснаас хойш 10 гаруй жил болсон шиг байна. Тэр цагаас өнөөг хүртэл нэг ч удаа утсаа унтрааж үзээгүй, цэнэггүй байх тохиолдол ч гараагүй байх. Ер нь ажил мэргэжлийн онцлог их нөлөөлдөг юм байна. Миний утас байнга нээлттэй байдаг болохоор дуудлага их ирнэ. Би нэг удаа сонирхоод тоолж үзэж байсан. Тэр бүр ирсэн дуудлагыг авч чадахгүй ч гэлээ  97, 98 дуудлага ирсэн байсан шүү. /инээв/

-Монгол улсын хэмжээнд анх удаа ховор тохиолдлоор буюу хоёр умайтай ээж ихэр хүүхэд төрүүлэхэд Төрөх тасгийн хамт олон маш хянамгай ажиллаж, эсэн мэнд амаржуулсан шүү дээ. Энэ төрөлтийн талаар та юу хэлэх вэ?

-Энэ төрөлтийг бид 2019 оны онцлох, бас ховор тохиолдол гэж үзсэн. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 2-нд төрсөн эмэгтэй 2 умайтай, 2 умай нь тус тусдаа ураг тээсэн болохыг  оношилж, байнгын хяналтанд байлгасан. Ураг тээх явцад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн доктор, профессор багш нараас зөвлөгөө авч, Эрдэнэт хотдоо эсэн мэнд амаржсан. Ийм төрөлт өмнө нь Монгол улсад бүртгэгдэж байгаагүй.

-Таныг охиноо өөрөө эх барьж төрүүлсэн гэж сонсож байсан. Ямар мэдрэмж төрж байсан бэ?Өвөө болсон тэр мөчид төрсөн торгон агшингаасаа хуваалцаач...

Манайх нэг охин нэг хүүтэй айл  охиноо өөрөө эх барьсан. Тэр үед зээтэй болно, өвөө болно, бүл нэмж өнөр өтгөн болж байна гээд маш их сэтгэл хөдөлж, баярласан. Зээдээ өөрийн төрсөн хүүхдээс илүү хайртай болдог юм байна. Одоо тэр хүүхдэд л амь амьдралаа зориулж байна даа /инээв/. Гэхдээ өвөөгийн ажил гайгүй ээ. Охин маань өөрөө эмч болохоор хүүхдээ өсгөх тал дээр харьцангүй мэдлэгтэй. Манай эхнэр үнэхээр мундаг эмэгтэй бий хүүхдүүд маань их хүмүүжилтэй өссөн.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Ажилдаа хоёргүй сэтгэлээр үнэнч ажиллах, амьдралаа зөв авч явах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, тэднийгээ мэдлэг боловсролтой болгох, оюуны хөрөнгө оруулалт хийх гэсэн ерөнхий зарчмыг баримталж явдаг даа.

-Ачаалал ихтэй ч тархины атирааг нэмэгдүүлдэг ном унших ажилд зав гаргаж амждаг уу?

-Зав гэдэг тун хомс. Уншдаг байсан ч одоо бол багассан. Жижүүрээс бууж ирээд л унтдаг болсон. Ачаалал маш их байдаг болохоор тэр байх мэргэжлийн чиглэлийн ном бол хардаг шүү

-Таныг бухимдуулдаг зүйл юу вэ?

-Эмч гэдэг хүн бүхнийг чадагч, мэдэгч бурхан биш шүү дээ. Бусадтай л адилхан хүн учраас алдаж онох юм байлгүй яахав. Биднээс шалтгаалахгүйгээр үйлчлүүлэгчдээс гардаг алдаа оноо бас байдаг. Энэ бүхэн дээр эмч рүү дайрч давшдиж, довтлох үед жаахан стресстдэг. Бас их цус алдаж, ураг нь бүтэх эрсдэлтэй, яаралтай арга хэмжээ авах үед дотор давчдах нь бий.

-Сүүлийн жилүүдэд төрөх тасагт шинэчлэлт хийж, орчин нөхцөл өөрчлөгдөж байгаа ч та бүхний харж байгаагаар юу хийгдээсэй гэж хүсч байна

-Орхон аймгийн хүн ам өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан төрөх тасгийн ачаалал ч зохих хэмжээгээр нэмэгдсэн. Цаашдаа амаржих газартай болчихвол гэсэн бодол төрдөг. Хэрвээ амаржих газартай болчихвол тусдаа үйл ажиллагаа явуулж, байр орон сууцтай, мэргэжлийн эмч нар тусламж үзүүлэх боломжтой гэж харж байна. Тухайлбал,  эмэгтэйчүүдийн булчирхайн эмч, үргүйдлийн эмч, охидын эмч, охидын тасаг зэргээр дотроо төрөлжиж, түргэн тусламж үзүүлэх боломжтой болох юм.

-Мэргэжил дээшлүүлж хөгжих тал дээр хэрхэн анхаарч байна?

-Би ОХУ-ын Улан-Үдэ хотод болон БНСУ-д дурангийн хагалгааны мэс заслаар, Малайз улсын Коула–Лумпур хотод эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээгээр мэргэжил дээшлүүсэн.

-Монгол эмч нарын чадварыг Олон Улсад дээгүүр үнэлдэг тухай сонсож байсан. Энэ талаар таны бодол?

-Монгол хүний оюуны потинцал ямар ч салбарт өндөр гэж үздэг. Монгол эмч нарын ур чадвар ч аливааг хурдан сурдаг, гардан үйлдэлдээ чадварлаг, тусламж үйлчилгээ сайн үзүүлдэг зэргээр өндөр төвшинд үнэлэгддэг.

-Манай хотод гадны улс орноос ирж хагалгаа хийгээд буцдаг эмч нарын баг байдаг. Төрөх эмэгтэйүүдийн чиглэлэээр ирсэн тохиолдол бий юу?

-2019 оны зун ХБНГУ-ын Люгсенбургийн төслөөр Австрали эмч нар ирж, бидэнд дурангийн хагалгаа хийх ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулсан. Мөн Эрдэнэтийн иргэдийг үзэж, зөвөлгөө өгсөн.

-Та 2020 онд ямар зорилго тавьсан бэ?

-Ажлын хувьд бол эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээжтэй болгох, нярайн эндэгдэлийг бууруулах, үйлчлүүлэгчийн санал хүсэлтгүй ажиллах, дурангийн хагалгаагаа “нутагшуулах” гэсэн зорилт тавьсан. Харин хувь хүнийхээ тал дээр амьдрал сайхан байгаасай, үр хүүхдүүд минь эрүүл саруул өсөж торниосой, тэднийгээ нэг ажил төрөлтэй болгох юмсан гэж л бодож явдаг.-

Хүсэл зорилгоо биелүүлэх хүрэх алсын дөрөөг тань уншигч олныхоо баяр талархал, итгэл сэтгэлийн үгсээр мялаая. 

-Баярлалаа  2020 он Орхон аймаг, Эрдэнэт хотын маань хувьд их сайхан жил байгаасай.  Төрөх тасгийн хамт олноо төлөөлөн Монгол түмэндээ сар шинийн баярын мэнд дэвшүүлье.

 

Ярилцсан: Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /8/

Sain emch shuu amjilt husie.

Ganzol

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Ger buleeree mundag emch nar shuua. Baharhuushtai saihan ger bul amjilt.

Purevee

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Мундаг шүү манай Эрдэнэтийн эмч нар

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Bulgaa emchidee urgelj bayarlaj baharhaj yavdag shu.bid erdenet hotdoo iim saihan naidvartai chadvalag emchtei aztai humuus shuu.za tanida sar shiniin mend.ajiliin amjilt husye

Enkhtuul

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Булгаа найздаа Сар шинийн мэнд хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.Ажлын Амжилт хүсье.

Хишгээ

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Амьдралд минь гэрэл гэгээ нэмсэн буянтай эмчдээ маш их баярлаж явдаг шүү.Гэр бүлд нь Хамгийн сайн сайхныг,Ажилд нь амжилт хүсье.

С.Бат-өлзий

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Шавьдаа Эрүүл энх ажлын амжилт хүсье

Б сарантуяа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Маш хүнлэг, төлөв даруу, мэргэжилдээ эзэн нь болж чадсан эмчдээ Монгол улсын Гавьяат эмч болохын ерөөл дэвшүүлье.

Б.Урангаваа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.