Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар оролцож, вакцины ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдөр Монгол Улсад хэрэглэж байгаа вакцинуудын аюулгүй байдал ба хамгаалах чадвар нь эмнэлзүйн туршилт, судалгааны дүнгээр баталгаажсан. Түүнчлэн Синофарм Вероселл вакциныг 100 гаруй жил амжилттай хэрэглэж буй аргаар гарган авсан. Иймд аюулгүй гэдэг нь батлагдсан гэсэн үг.
Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоо ба түүнээс олон хоног өнгөрсөн бол бүтэн тун хийлгэсэн гэж ойлгож болно. Тэгэхээр ковидын эсрэг вакциныг та хийлгэснээр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ вирусээс хамгаалах юм. Энэ бол найдвартай. Вакцины хоёр дахь буюу бүтэн тунгаа хийлгэсэн хүмүүс нь ковидын шинж тэмдэггүй эсвэл хүнд, нэн хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл эрс буурна. Бүтэн тунгаа хийлгэсэн хүмүүс мөн бусдад халдвар тараах эрсдэл буурна. Коронавирусийн ямар ч вакцин нь аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир ямар нэгэн вирус үүсгэхгүй ба хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэс байхгүй. Мөн нийтийн дунд халдвар тарсан энэ үед бүтэн тунгаа хийлгэсэн хүн халдвар авч болно гэхдээ богино хугацаанд халдвараа тарааж магадгүй. Өнөөдөр үүнийг хэн ч хэлж чадахгүй.
Магадгүй PCR шинжилгээ хийхэд эерэг гарч болно гэхдээ энэ нь вакцин хийлгээгүй хүнээс эрс бага. Вакцины дараа эмнэлгийн тусгай заалт л байхгүй бол эсрэг биеийн шинжилгээ тодорхойлуулах ямар ч шаардлагагүй. Хувь хүний вирусийн эсрэг дархлаа тогтсон эсэхийг хувиар илэрхийлж гаргадаггүй. Гэвч харамсалтай нь манай зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор олныг төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байна. Вакцины дараа үүссэн эсрэг биеийн агууламж нь хувь хүний онцлог шинж, вакцин тариулснаас хойш маш богино хугацаанд өөрчлөгддөг. Иймд эсрэг биеийн агууламж нь хэр зэрэг хамгаалах чадвартай дархлаа үүссэнийг шууд утгаараа илэрхийлэхгүй. Вакцины бүтэн тун авсан бол ямар ч тохиолдолд PCR өгөх шаардлагагүй. Харин амны хаалт зүүх, хүн хоорондын зайгаа барих шаардлагатай.
Яагаад бүх нийтээр богино хугацаанд дархлаажуулалтад хамрагд гээд байгаа гэвэл вакцины бүтэн тунг хийлгэсэн хүмүүс амны хаалт, хүн хоорондын зай барих шаардлагатай боловч бусад адилхан бүтэн тунгаа хийлгэсэн хүмүүстэй нэг өрөө, тасалгаанд байхдаа амны хаалт зүүхгүй, зай барихгүй байх боломжтой. Тухайн вакцины бүтцийн урагт харшилтай биш л бол бүх төрлийн харшил, системийн өвчний үед вакцин тариулахад аюулгүй" гэлээ.
Эх сурвалж:Itoim.mn
















СЭТГЭГДЛҮҮД /0/