C°/C°
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаанаар 2026 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай асуудлыг хэлэлцэж, Жаргалант суманд ойн цэвэрлэгээний журмаар хэрэглээний хуурай шинэс мод 100 шоо метр, түлээний шинэс мод 800 шоо метр тус тус бэлтгэхээр баталж байна.
Мөн аймгийн хэмжээнд 2027 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг баталлаа. Орхон аймгийн хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 4529 иргэнд 276.16 га газрыг өмлүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээтэй эрх зүйн харилцаа үүссэн өмчлөх боломжтой 4387 иргэний 270.88 га газрыг, үнээр нь өмчлөх хүсэлт гаргасан 14 иргэний 0.1309 га газрыг, үнэгүй өмчлөх хүсэлт гаргасан 128 иргэний 8.75 га газрын байршил хэмжээг тус тус баталлаа. Эдгээр иргэд нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 15 ба түүнээс дээш жил тухайн газартаа амьдарч байгаа айл өрх бөгөөд эзэмшиж буй газраа өмчлөхөөр хүсэлт гаргасан иргэд юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих иргэний зөвлөлийн сонгогдсон гишүүдийг танилцуулж, Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ. Иргэний зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг цахимаар 30 хоногийн хугацаанд зохион байгуулсан бөгөөд иргэдээс хамгийн олон хүний санал авсан Н.Ганболд, П.Баярхүү нарын өнөөдөр Иргэний зөвлөлийн гишүүнээр сонгогдож байна.
Ээлжит 8 дугаар хуралдаанаар Орхон аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Орхон аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 257 арга хэмжээг төлөвлөснөөс 84 арга хэмжээ нь хөрөнгө оруулалтын ажил, 173 арга хэмжээ нь төсөл хөтөлбөр байна. Төлөвлөгөөний “Хүний хөгжил” бүлэгт боловсрол, эрүүл мэнд, спорт, хөдөлмөр эрхлэлтийн салбарын хүрээнд 45 арга хэмжээг хэрэгжүүлж
- Хүний хөгжлийн индексийг 0.835-д хүргэх
- 10000 хүнд ногдох зонхилон тохиолдох өвчлөлийг 0.1 продецмилээр бууруулах
- Хүн амын бие бялдрын түвшнийг 55-аас 56.5 хувьд хүргэх
- Ажиллах оролцооны түвшнийг 52 хувьд хүргэх;
Нийгмийн хөгжил бүлэгт соёл, гэр бүлийн хөгжил, хүүхэд хамгаалал, нийгмийн халамж, залуучуудад чиглэсэн 75 арга хэмжээг хэрэгжүүлж
- Хүн амын жилийн дундаж өсөлтийг 1 хувиар нэмэгдүүлэх
- 10000 хүн тутамд ногдох гэр бүл цуцлалтыг 1.8 продицмильд барих
- Залуучуудын оролцооны түвшнийг 2 хувиар нэмэгдүүлэх
- 16 ба түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэргийг бууруулах;
Эдийн засаг, дэд бүтэц бүлэгт үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, санхүү, эрчим хүч, авто замын салбарын 36 арга хэмжээг хэрэгжүүлж - Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 40 сая төгрөгт хүргэх
- хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ыг 6.3 хувиар өсгөх
- Хүлээн авсан жуулчдын тоог 5 хувиар нэмэгдүүлэх
- Төвлөрсөн дулаан хангамжийн суурилагдсан чадварыг 177.2 ккал-д хүргэх;
Байгаль орчин, ногоон эдийн засаг бүлэгт орчны бохирдлыг бууруулах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг хамгаалж, нөхөн сэргээх чиглэлээр 32 арга хэмжээг хэрэгжүүлж
- Орчны чанарт сөргөөр нөлөөлж буй эх үүсвэрийг 2 хувиар бууруулах
- Ойгоор бүрхэгдсэн талбайн эзлэх хувийг 19.4-д хүргэх
- Нөхөн сэргээлт хийсэн талбайг 2.1 хувиар нэмэгдүүлэх
- Нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 15м2-тад хүргэх;
Засаглал, төрийн бүтээмж салбарын хувьд авлига, хүний эрх эрх чөлөө, төрийн албан хаагчдын ёс зүй, хөгжил оролцоо, хөгжлийн бодлого төлөвлөлт, газрын харилцаа, төрийн цахимжилтийн чиглэлээр 46 арга хэмжээг хэрэгжүүлж
- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн 75%-д хүргэх
- Гэмт хэрэг үйлдэгсдийн нийт хүн амд эзлэх хувийг 0.67 болгож бууруулах
- Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2.5 хувиар нэмэгдүүлэх
- Цахимд шилжсэн төрийн үйлчилгээг 125 болгож нэмэгдүүлэх зэрэг үр дүнг гаргахаар төлөвлөсөн. Бүсийн хөгжил бүлэгт хувьд сургууль цэцэрлэгийн ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хот төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн 14 арга хэмжээг хэрэгжүүлж, орон нутгийн хөгжлийн индексийг 0.618 болгож нэмэгдүүлэх, төсвийн орлогыг 9.5 хувиар нэмэгдүүлэх зэрэг үр дүнд хүрэхээр тус тус төлөвлөжээ.


















СЭТГЭГДЛҮҮД /0/