C°/C°
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн наймдугаар сарын 17-нд дараах албан мэдээг түгээсэн. Уг албан мэдээнд “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр (2026.08.17) хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг 26.3 хувиар нэмэгдүүлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг цагт 5952,3 төгрөг, сард 1,000,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог. Ингэхдээ дараах хүчин зүйлсийг авч үздэг.
-
Хүн амын амьжиргааны доод түвшин,
-
Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа,
-
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ,
-
Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин,
-
Инфляц зэрэг болно” гэсэн байв.
Гэвч Засгийн газар одоо энэхүү байр сууринаасаа буцаж эхэллээ. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг саяар тооцоогүй. Яагаад тооцоогүй тухай өнгөрсөн долоо хоногт УИХ дээр дараах хэлэлцүүлэг өрнөсөн юм.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа
Саяхан “Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр хийж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болголоо” гээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас албан ёсоор мэдээлсэн. Гэтэл хэлэлцээртээ тамгаа дараагүй юм байна. Энэ бол хэлэлцээр огт хийгээгүй гэсэн үг биш. Төсөвт энэ тоо орж ирээгүй байгаа. Өмнө нь бас ийм зүйл болж байсан. Тодруулбал, төсөв өргөн барьсны дараа нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр хийгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлгөж байсан. Түүнийг нь төсөвт оруулах гэж ажлын хэсэг зүдэрч байсан. Одоо бас яг тийм зүйл болох гэж байна. Төсөв өргөн барихаас өмнө хэлэлцээрээ хийсэн боловч төсөвт тэр тоо нь орж ирээгүй. Төсөвт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг саяар тооцоход нөлөөлөх тоо нь хэд вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн төрөөс даадаг хэсэгт хэр зэрэг нөлөө үзүүлэх вэ?
Сангийн сайд З.Мэндсайхан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох гурван талын хэлэлцээр болсон. Гэхдээ албан ёсны шийдвэр гараагүй гэж үзэж байгаа. Учир нь, Сангийн яам болон Засгийн газар дээр ийм шийдвэр гарлаа, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ийм боллоо гэсэн мэдээлэл орж ирээгүй. Тиймээс хэлэлцээр хийгдээд явж байгаа гэж ойлгосон. Энэ ч үүднээс төсөвт энэ тухай тооцоолол ороогүй. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болговол төсвийн ачаалал 224 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Төсөвт ирэх ачааллаас гадна хувийн хэвшилд дарамт болно. Бүтээн байгуулалтын салбар улирлын шинжтэй ажилладаг учир арваннэгдүгээр сараас эхлээд дараа жилийн бүтээн байгуулалтын улирал эхлэх хүртэл энэ салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд ажилчдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж, нийгмийн даатгал төлдөг. Тэгэхээр ийм аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал нэмэгдэнэ. Тиймээс үүн дээр нухацтай хандах хэрэгтэй.
Сангийн сайд З.Мэндсайхан чуулганы хуралдааны үеэр А.Ариунзаяа гишүүний асуултад шууд хариулахдаа “Мэдэхгүй ээ, гурван талт хэлэлцээр үргэлжилж байгаа гэж ойлгосон” хэмээн мэдэн будилсан өнгө аястай хариулсан ч залгуулаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг саяд хүргэвэл төсөвт ямар хэмжээний ачаалал ирэхийг бүр нарийн тооцоо, судалгаатай хариулсан нь өөрийгөө болон Засгийн газраа бариад өгсөн үйлдэл болов. Түүний хариултаас үзвэл Сангийн яам, Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг саяд хүргэвэл яахыг тооцоолж үзсэн бололтой. Ингэх ч шалтгаан бий. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая болговол нийгмийн даатгалын шимтгэлээр дамжин Засгийн газарт ачаалал ирнэ. Мөн өнгөрсөн зургаадугаар сард баталсан татварын багц хуулийн өөрчлөлтөөр 2027 оноос иргэдийн цалингаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний дүнг нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөхөөр болсон. Тухайн үед “Иргэдийн цалингийнх нь 792 мянган төгрөгийг татвараас чөлөөлөхөөр боллоо” хэмээн мэдэгдэж байлаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг саяд хүргэж 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлбэл иргэдийн цалингийн нэг сая төгрөгийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, татварын орлого буурна. Тиймээс Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгохоор тохирч хэлэлцээрээ эцэслэсэн ч албажуулан баталгаажуулахаас татгалзжээ. З.Мэндсайхан сайдын хэлсэн зарим аж ахуйн нэгжид дарамт үүснэ гэдэг бол зөвхөн шалтаг. Харин Засгийн газар 2027 оноос иргэн, аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн энэ үед нэмээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмбэл татварын орлого нь улам л багасна. Иймээс Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх хэлэлцээрээсээ буцаж эхэллээ.
Эх сурвалж Eagle news


















СЭТГЭГДЛҮҮД /0/