Хүн төрөлхтний сүүлийн 30 жилийн амьдралд гарч буй томоохон өөрчлөлт бол цахим орчин. 1994 оноос Монгол Улсад имэйлийн үйлчилгээ, сүлжээний холболт эхлүүлж, улмаар 1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс Монгол Улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсон. Тухайн үед 1500 гаруй интернэт хэрэглэгч бүртгэлтэй байсан бол, одоо Монгол Улсын хүн амын 90 гаруй хувь нь интернэт ашиглаж байна. Нийт интернэт хэрэглэгчийн 80 хувь нь хөдөлгөөнт интернэт сүлжээ буюу гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс холбогддог. Интернэт хэрэглэгчийн 96 хувь нь фэйсбүүк ашиглаж байна. Сүүлийн 5 жилд фэйсбүүкийг хүүхдүүд их ашиглах болсон гэх судалгаа байгаа юм.
Харин сүүлийн үед интернэт болон цахим орчинд хүүхдүүд насандаа тохирохгүй, зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг олж үзэж буй нь хамгийн том асуудал юм. Энэ нь садар самуун, хүчирхийлэл бүхий контентыг хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох эрсдэлд хүргэх аюултай юм. Өсвөр насны хүүхдүүдийн дунд цахим халдлага, донтолтод өртөх болсон гэмт үйлдлүүд ч үүнийг нотолж байна.Цахим орчинд ар араасаа хөврөх олон асуудал нь Монгол Улсын ирээдүй болсон залуу үеийг цахим сүлжээний халдлагаас хамгаалах зайлшгүй шаардлага тулж ирснийг анхааруулсаар байна. Өнөөгийн байдлаар, монголд 10-18 насны хүүхдүүдийн 90 хувь нь интернэт хэрэглэж байгаа нь хөгжингүй орнуудынхаас ч их тоо гарч байгаа юм. Цахим орчны сул ба эерэг тал гэж бий гэвч сул тал зонхилж байгаа учраас асар хортой мэдээлэлүүдээс болж өсвөр насны хүүхдүүдийн дунд сошиал дарамт огцом нэмэгдэх болсон байна.
Хүүхдүүд сүүлийн жилүүдэд цахим хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн хохирогч болох эрсдэл эрс нэмэгджээ.24 цагаар хүүхдийн эрх, зөрчилтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгдөг хүүхдийн тусламжийн 108 утсанд сүүлийн жилүүдэд “Цахим дарамт” төрөлд ирсэн дуудлага эрс ихэссэн. Тухайлбал, 2018 онд 129 дуудлага 2019 онд 210 2020 онд энэ тоо 287 болж нэмэгджээ. Тэдгээрийг агуулгаар нь авч үзвэл “Хүчирхийлэл үйлдэж буй болон садар самуун байдлыг сурталчилсан зураг бичлэг фэйсбүүк хуудсанд байршуулсан”, “Хуурамч хаяг нээж хүүхдийн мэдээллийг зөвшөөрөлгүй оруулж доромжилсон”, “Хүүхдийн нүцгэн зургийг үнэ тохирч, эсвэл зөвшөөрөлгүй, бүр сүрдүүлэх зэргээр авч фэйсбүүк хуудсаар зарсан болон, хүүхдийн нэр төрд халдаж, сүрдүүлэхийг оролдсон” гэсэн дуудлага ихэссэн. Үүний шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор өсвөр насны хүүхдийн цахим хэрэглээг судлан тогтоосон. Ингээд аймаг бүрээс нэг сургууль, Улаанбаатар хотын дүүрэг бүрээс хоёр сургуулийг сонгон багш, эцэг эх, хүүхдийг хамруулсан судалгаа хийжээ. Судалгаанаас өсвөр үеийнхэн сошиал орчинд түлхүү дарамтанд өртдөг тухай дурджээ.
"Харамсалтай олон жишээ байна. Нэгэн өсвөр насны охинд 50 мянган төгрөг өгнө гэж амлаж биеийн нь тодорхой хэсгийг нүцгэлэн зураг авч, түүгээрээ дамжуулж бэлгийн харилцаанд орохыг шаардаж дарамталсан тохиолдол гарч. Мөн сурагч охидын зургийг элдвээр зохиомжлон зүй бус үг, хэллэгээр доромжлох, дарамтлах тохиолдол ч гарсан. Охидын үерхэл нөхөрлөлтэй холбоотой нэр төрд нь халдах элдвээр дарамтлах үзэгдэлүүд Орхон аймагт сүүлийн хоёр жил энэ төрлийн асуудлаар ЦГ-т гомдол олонтоо ирсэн байна. Ялангуяа фэйсбүүктэй холбоотой. Фэйсбүүк, инстаграмм хэрэглэгчийн нас 13 буюу түүнээс дээш байдаг. Судалгаанд хамрагдсан 11-14 насныхны 80 гаруй хувь нь фейсбүүк, зургаан хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашигладаг гэсэн бөгөөд тэд сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмдэг нь тодорхой гэж ярьсан байна. Амь насаа хорлох хүртэл хэмжээнд сэтгэл зүйн дарамтанд өртүүлдэг уг асуудалд эцэг эхчүүд анхааралаа заавал тавих цаг хэдийн ирсэн байна. Охидын тухай охид өөрсдөө цахим орчинд гаргаж тавих үзэгдэл гарах болсон тухай Орхон аймгийн ЦГ-ын алба хаагч мэдээлэлдээ онцолсон. Энэ нь бид хүүхдийнхээ сурч хөгжих орчноос гадна найз нөхөд хүрээлэн буй орчиндоо юуг туулж явааг олж харж байнга хяналт тавьж чин сэтгэлээсээ ярилцаж байх хэрэгтэйг анхааруулсаар байна.
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн 4.1.5. “Хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах” гэсэн байдаг. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлд: Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар юу гэж заасан болохыг Иргэн та анзаарч нэг хараарай.
Тус хуулийн 8.1. Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална.
8.2.Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
8.3.Хүүхдэд зориулсан мэдээ, мэдээлэл нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн иргэн, хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтан энэ тухай гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлнэ.
8.4.Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.5.Арван зургаан насанд хүрээгүй хүүхэд бусад хүүхдийнхээ эсрэг хийсэн энэ зүйлийн 8.4-т заасан үйлдлээс үүсэх хохирол, хор уршгийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу хариуцна.
8.6.Интернэтийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалалд 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцоно. Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм.
















СЭТГЭГДЛҮҮД /0/