Монголчуудад бухимдах асуудал мундахгүй. Өвөл хот хөдөөгүй утаа асуудал болдог бол зун хавартаа бүтээн байгуулалт өрнөж энд тэнд ухсан нүх хаасан замтай бухимдаж өнгөрүүлдэг. Гэтэл зунжин амраад намар хичээл, сургуультай зэрэгцэн бүтээн байгуулалт эхэлдэг нь ёстой л толгойны өвчин болдог. Ялангуяа, барилга бүтээн байгуулалт автозам засварын тендерийг зургаа, долдугаар сард зарлаад намар сэхээ орж, ажилдаа ханцуй шамлан ордог хэвшил тогтоод удчихсан. Үүнээс үүдэн өнөөх л зам хааж хязгаарладаг байдал иргэдийн ажлыг чирэгдүүлж, эгдүүцлийг төрүүлдэг учраас “Зам засварын тендерийг өвөл зарлаж, бүтээн байгуулалтаа хавар эрт эхэлье”гэдэг өргөн сэдвийг дарга нарт дайсаар ирсэн.
Манай улс 717 төсөл, арга хэмжээний 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс энэ жилээс төсвийн гүйцэтгэлийн бүх тендерийг гуравдугаар сарын 1 гэхэд эхлүүлсэн байх үүргийг төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгоод байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Засгийн газрын гишүүд аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэр улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны явцтай танилцахад тун хангалтгүй дүн гарчээ. Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй. Тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар манай аймаг буюу Орхон аймаг, удаах байранд Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг зэрэг таван аймаг 100 хувь тэргүүлж байгаа гэх мэдээллийг өгсөн. Орхон аймагт энэ жил өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтай харьцуулахад чамлахааргүй өртөгтэй бүтээн байгуулалт засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Ялангуяа газар доорх бүтээн байгуулалт инженерийн шугам сүлжээ солих ажлууд өрнөх юм.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэрээ урьд өмнө байгаагүй бас нэг боломж олгожээ. Энэ нь Засаг дарга нар 50+1 зарчмаар буюу олонхоороо аливаа асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх санал дэвшүүлбэл Засгийн газрын хуралдаанаар оруулах эрхтэй болох юм. Тухайлбал, орон нутгийн түвшинд уул уурхайн лиценз олголтыг цэгцлэх чиглэлээр хуульд өөрчлөлт оруулж, ямар арга хэмжээ авах талаар аймаг, орон нутгийн удирдлага саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Ингэж Засаг дарга нар бусдад үгээ дайх биш өөрсдөө Засгийн газрын хуралдаанд орж суугаад асуудлаа тайлбарлаж шийдүүлэх нь олзуурхууштай арга зам боллоо гэж үзсэн байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/