Цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хот хилийн хориг тавьснаар сүүлийн хоёр сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын экспортын ачилт саатсан. Үүнээс шалтгаалан үйлдвэрийн задгай талбай, агуулахад нийт 200 гаруй сая ам долларын өртөг бүхий 100 мянган тонн зэсийн баяжмал хуримтлагдсан нь давтагдашгүй дүр зураг юм.
Бид Эрдэнэт үйлдвэр гэх их айлын хэвийн амьдрал, үйл ажиллагааг өөрчилсөн, урд хожид байгаагүй, цаашид ч харахгүй байж мэдэх түүхэн гэмээр үйл явцыг сурвалжлахаар үйлдвэрийн дүүргийг зорилоо. Зэсийн баяжмал ачилтыг хариуцан ажиллаж буй Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албаны дарга А.Машбаяртай эхэлж уулзан ерөнхий мэдээлэл авсан юм.
БҮ-ийн Үйлдвэр техникийн албаны дарга А.МАШБАЯР:
-Өнгөрсөн оны 11-р сарын 29-ний өдрөөс баяжмал ачилт зогссон. Харин 2022 оны нэгдүгээр сарын 27-ноос баяжмал ачилт эхэлсэн гэхээр бүтээгдэхүүн маань үндсэндээ бүтэн хоёр сар хураагдсан гэсэн үг. Үйлдвэрийн нутаг дэвсгэрүүдэд, агуулахад ууттай болон задгайгаар хамгийн ихдээ 100 мянган тонн баяжмал хадгалж байсан. Одоогийн байдлаар 967 вагонд 64 мянган тонн зэсийн баяжмал ачиж гаргалаа. Зөвхөн энэ ажилд Баяжуулах үйлдвэр, Тээвэр ложистикийн төв, Автотээврийн цех, Засвар механикийн завод, Чанарын хяналтын хэлтсийн 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг, машин техник өдөр, шөнийн ээлжинд ажиллаж байна. Оргил үедээ хоногт 74 вагон баяжмал ачиж байсан бол одоо тасралтгүй, жигд ажиллахыг чухалчилж, хоногт 50 вагон баяжмал ачих төлөвлөгөө гаргасан. Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэг, Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн төв, Ган бөөрөнцгийн цех гээд төмөр замын сүлжээтэй таван цэгээс баяжмал ачилт хийгдэж байгаа. Энэ хурдаараа явбал гуравдугаар сарын дунд гэхэд өдөр тутмын ачилтын хэвийн нормдоо хүрчих болов уу. Замын-Үүдийн боомт дээр бөөгнөрөл үүссэнээс ачилт саарах маягтай байсан ч үйлдвэрийн газрын захиргаа, холбогдох төр захиргааны байгууллага, яам яриа хэлэлцээр хийсний үр дүнд ажил жигдрээд явж байна, гэж ярилаа.
Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн задгай талбайд очиход цаст хайрхан мэт өндөр овоолго үүсчээ. 20 мянган тонн баяжмалыг задгай хурааж овоолсон нь энэ. Гялгар уутаар бүтээсэн, 25 метр орчим өндөр үнэтэй “уул”-ын орой хэсэгт цас хээлэн тогтсон нь нэн сүртэй. Дэргэд нь автокран эргэлдэн өөрөө буулгагч машинд баяжмал ачиж харагдана. Авто ачигч, түрэгч техникүүд зөрөлдөн ажиллана. Шүүн хатаах хэсгийн дарга Ц.Батболд задгай хадгалж байгаа баяжмалаа хаврын урь орохоос өмнө ачиж дуусгахаар өдөр, шөнийн ээлж гарган ажиллаж байгаагаа ярьсан юм. Дулаарахаар баяжмал чийглэгээ алдаж, жингийн үзүүлэлт буурах эрсдэлтэй гэнэ. Хөдөлмөр, хөлс хүчээ зориулж, хөрөнгө мөнгөө зарцуулж үйлдвэрлэсэн баялгаа экспортод хорогдолгүй гаргачихвал үйлдвэрт, цаашлаад улс оронд хэрэгтэй шүү дээ, гэж тэрээр учирлав. Үйлдвэрийн газрын зүгээс хүн хүч, машин техник, ажиллах нөхцөлөөр бүрэн хангаж байгаа нь ажил эрчтэй урагшлахад эерэг нөлөө үзүүлж байгааг уурхайчид онцолсон. Овоолгоос гарсан хөлдүүс баяжмалыг Шүүн хатаах хэсгийн агуулахад өөрөө буулгагч машинаар зөөж асгаад, түрэгчээр хамж дахин овоолоод, буталж, бункерээр дамжуулан уутлаад, кранаар вагонд ачих нүсэр дамжлагыг нүдээр үзлээ. Шүүн хатаах хэсгийнхэн найман вагон цуваагаар багтдаг агуулахаа дөрвөн вагон орохоор зааглаж, нэг талд нь эдгээр дамжлагын ажлаа хийж байна. Баяжуулах үйлдвэрийн бусад хэсгүүдээс 12 ажилтан хүч нэмэгдүүлж өгсөн нь их тус болж байгааг хэллээ.
Жолооч С.БАТТУЛГА:
-Бид 12 цагаар хоёр ээлж болон хоногийн 24 цаг зогсолтгүй ажиллаж байна. Одоогоор хүндрэлтэй асуудал алга. Зэсийн баяжмал маань экспортод ачигдахгүй, хураагдаад байхаар ажилтан хүний хувьд сэтгэл зовнидог байсан. Энэ баялаг чинь бидний амьдрал, цалин хөлс шүү дээ. Одоо ачилт эхлээд сайхан байна. Хэдийгээр бид гадаа хүйтэнд ажиллаж байгаа ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрч байгаад сэтгэл өег байгаа. Дулаан хувцасны хангалт сайн, хоол унд сайн, дажгүй шүү.
Бидний дараагийн өртөө 17 мянган тонн, савлаатай баяжмал хураасан Ил уурхайн талбай. Цагаан ууттай баяжмал зах хязгааргүй цавцайн үзэгдэнэ. Энд өнөөх л машин, техникүүд эгнэн зогсчээ. Харин ажилчид алга. Ахиулж харвал ойролцоо нь хээрийн чингэлэг байна. Тэр дотор зузаан хувцастай 10 гаруй хүн халуун аарц оочлон түр амсхийж байв. Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех, Чанарын хяналтын хэлтсийнхэн энд баяжмал хурааж эхэлсэн, өнгөрсөн 12-р сараас эхлэн нэг баг болж ажиллажээ.
ЧХХ-ийн чанар шалгагч Б.ОДБАЯР:
-Өнөөдөр бид зургаан машин техниктэй, 13-уулаа ажиллаж байна. Ууттай баяжмал эндээс тээвэрлэгдэж Тээвэр ложистикийн төвд очоод вагонд шууд ачигддаг. Одоогоор бид 240 вагонд 5280 уут баяжмал ачуулаад байна. Уутны даац чанар хэвийн байгаа. Харин ууттай баяжмалыг кранаар өргөж, машинд ачихад уяа тасрах гэх мэт асуудал гардаг. Гэхдээ аргалаад ачиж байна. Бүр болохгүйг нь үлдээж байгаад дараа нь ачихаар төлөвлөсөн.
АТЦ-ийн кранчин Г.ОЮУНБОЛД:
-Үйлдвэрийн газрын зүгээс халуун хоол, аарц, чацаргана, ундаа, хуурай хүнсээр хангаж байгаа. Мөн дулаан хувцасны хангалт сайн байна. Шуурхай машинууд санал бодлыг сонсож, ажлын байранд хүргэж үйлчилдэг. Машиныхаа кабинд ажиллаж байгаа бид ч яахав, идэр есийн хүйтэнд гадаа өдөржин ажиллаж байгаа хэд маань л хэцүүхэн харагдах юм. Гэхдээ тоо ширхэгтэй, цаг хугацаатай ажил болохоор удахгүй дээ гэв. Тэд уртасгасан цагаар ажиллахад илүү цагийн цалин хөлсийг Эрдэнэт үйлдвэр шударгаар тооцон олгодогт сэтгэл хангалуун явдгаа илэрхийлсэн. Баяжмалын уутан дээрх цасыг шүүрдэх энгийн ажлаас эхлээд оосорлох, өргөх, машины даац хэтрүүлэхгүйгээр завсаргүй эгнүүлж ачих нарийн төвөгтэй хөдөлмөр энд өрнөнө.
Энэ өдрийн сүүлчийн буудал Тээвэр ложистикийн төв. Энд зэсийн баяжмалыг хоёр цэгээс зэрэг ачиж байна. Эрдэнэт үйлдвэрээс Замын-Үүд боомт хүртэлх замд 252 вагон яваа. Харин “Эрээн” өртөөнд 110 вагон буулгалтын талбай байхгүйгээс саатсан талаар Тээвэр ложистикийн төвийн орлогч дарга Г.Баяр мэдээллээ. Эдний цэвэрлэгээний зам дээр их хэмжээний нүүрс хуримтлагдсан харагдана. Учрыг лавлавал сүүлийн үед онцгой нөхцөл байдлын шаардлагаар баяжмал ачилтад нүүрсний вагонууд олноор ирж байгаа бөгөөд хананд нь хөлдөж наалдсан нүүрсийг цэвэрлэх давхар ажил тэдэнд нэмэгджээ. Цэвэрлэгээний тусгай бригад гаргаж, овоорсон нүүрсийг төмөр замаас кранаар зайлуулах гээд ажил ар араасаа ундарна. Хэвийн үед хоногт 25-28 вагон баяжмал ачдаг байсан бол одоо өдөр бүр 50 вагон баяжмалд хяналт тавьж, бичиг баримт бүрдүүлж, гаалийн мэдүүлэг үйлдэн ган замчид тун завгүй ажиллана. Өнгөрсөн жил ачаа бараа хүлээлцэгч дөрвөн ажилтнаа гаалийн мэдүүлэгчээр бэлтгэсэн нь одоо хэрэг болж байна.
Сурвалжилгын багийн жолоочоор Баяжуулах үйлдвэрийн Дотоод тээврийн албаны дарга Л.Сүхбаатар ажиллалаа. Тэрээр бүх машин техник, хүн хүчээ зэсийн баяжмал ачилт, засвар, өргөтгөлийн ажилд тараан байрлуулчихаад машинаа өөрөө жолоодож яваа нь энэ. Онцгой энэ үед зарим ажилтан нь хоёр техник дээр ажиллах тохиодол ч гардаг гэнэ. Эрдэнэт үйлдвэрийн хуримтлагдсан баяжмалыг экспортод ачих түүхэн гэмээр өрнүүн ажил ийнхүү үргэлжилж байна.
М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС
















СЭТГЭГДЛҮҮД /0/