Монгол улсын их хурлын гишүүн, Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол улсын Шадар сайдын ахлах зөвлөх Ц.Уртнасан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 64.8 тэрбум төгрөгөөр 2015 онд барьсан "Эрдэнэт медикал” төв эмнэлэгийг "Медипас" ХХК хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлэн авсан байх үндэслэл байсан юм.Уг асуудал сүүлийн жилүүдэд олон талаар маргаан дагуулж байсан бол өнөөдөр тус эмнэлгийг улсын өмчид буцаан авах тухай Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэн хэлэлцэж ажлын хэсэг ийнхүү Орхон аймагт ажиллаж байна.
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн "Медипас" төв эмнэлэгт хүрэлцэн ирж тус эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн харьяанд бүрэн өгч тус эмнэлгийг Бүсийн оношлогоо, эмчилгээний төв болгон ажиллуулахаар болсон мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл дөнгөж сая мэдээллээ.
"Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэр "Засгийн газрын шийдвэрийг хүлээн авч бид 2022 оны 2-р сарын 25-ны өдрийн 95 тоот тушаал гаргалаа. Тушаалын дагуу Мэдипас төв эмнэлэгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэ эмнэлэгийг цаг алдалгүй бид бүрэн хүлээн авч, төр засгийн шийдвэрийг бүрэн ханган ажиллуулна" гэв. "Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилчидтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай, улсдаа томоохон тооцогдох эмнэлэг юм.
















СЭТГЭГДЛҮҮД /0/