Ч.БАЯРМАГНАЙ: “Миний хүү сайн яваад, сайхан найз нөхөдтэй байвал ээж нь баярлана” гэж хэлдэг

“Хайраар гоёсон шинэ жил” оны цуврал ярилцлагын энэ жилийн эхний зочноор Монголын Залуучуудын холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүн  Ч. Баярмагнай уригдан оролцлоо.

Хийж бүтээх хүслээр жигүүрлэсэн түүний дотоод ертөнцөөр аялан, шинэ жилийн тухай цөөн хором хөөрөлдлөө.

 -Юун түрүүнд танилцъя. Та хаана төрж өссөн бэ?

-Би 1985 оны 03 дугаар сард Эрдэнэт хотод төрсөн, энэ хотын унаган иргэн. Айлын гурван хүүхдийн нэг. Орхон аймгийн 5 дугаар сургуульд суралцаж, дүүргэсэн.

-Спортын тал дээр залуучууд илүүтэй таних байх. Залуучуудын холбоотой холбогдсон түүхээ хуваалцвал?

-Аймгийн Залуучуудын холбоотой ойр байсан хүний хувьд энэ байгууллагыг сайн мэднэ. 2021 онд надад санал ирсэн.

Монголын Залуучуудын холбооны төдийгүй Орхон аймгийн Залуучуудын холбооны нэр хүнд тухайн үед уначихсан байсан үе л дээ. Ээлжит сонгууль болох гэж байгааг дуулах үед найзууд маань “Чи аль нэг намын гишүүн биш юм чинь холбооны тэргүүнд өрсөлдөөд үзээч” гэж намайг ятгасан. Ингэж л сонгогдсон.

-Залуучуудын байгууллагыг гаднаас нь харах, дотор нь ажиллах гэдэг тэнгэр газар шиг ялгаатай байх. Энэ байгууллагаас та юуг нь олж харсан бэ, “Энэ асуудлын төлөө л явна” гэж олж харсан зүйл юу байна вэ?

-Монголын Залуучуудын холбоо 100 жилийн түүхтэй. Энэ утгаараа улсынхаа хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулснаас гадна Азидаа ууган байгууллагын тоонд ордог, хүчирхэг байгууллага. Залуучууд намчирхаж, хэтэрхий нэг талыг барьснаас болж сүүлийн хэдэн жил нэр хүнд нь унасан юм болов уу гэж бодогддог. Миний хувьд энэ байгууллагад ажиллах хугацаандаа аль нэг нам, улс төржихгүйгээр, залуу хүний оролцоог дэмжиж, тэднийг нийгэмд байр сууриа эзлэхэд хувь нэмэр оруулахыг хичээнэ.

Мөн энэ байгууллагыг аливаад магнайлан оролцдог байгууллага болгохын төлөө зүтгэнэ. Гэхдээ дотор нь ороод ажиллаж байгаа хүний хувьд юм болгон амаргүйг мэдэрч байна. Залуучууд үзэл санаагаар нэгдэж, дэргэд байгаа хүмүүс зорилго нэгтэй бол ямар ч ажлыг болгоно гэж харсан. Мөн аймаг, орон нутгийн удирдлагууд маш сайн дэмжих ёстой юм байна.

Би одоо ажиллаж байгаа цаг хугацаагаа “азтай үе” гэж хардаг. Учир нь үе үеийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан удирдлагууд өнөөдөр орон нутгийн төрийн байгууллагыг тэргүүлж байгаа нь хамтарч ажиллахад илүү дөхөм байна.

Биднийг дэмжиж ажиллахын хэрээр бид залуучууд руу хандсан, тэднийг нийгмийн оролцоотой болгох ажлуудыг хийж эхэлж байна.

-Тухайлбал, гол барьж авсан ажил юу вэ?

-Ажил хүлээн аваад удаагүй байтал дэлхий нийтэд цар тахал гарсан. Өнгөрсөн хугацаанд залуучууд сургалтаар маш их дутагдсан юм болов уу гэж харагдсан.

Тиймээс залуучууд хаана яваагаа, юу хийх ёстойгоо мэдэхийн тулд мэргэжлийн багш нараас сургалт авахыг зорьж байна.

Одоогийн байдлаар томоохон 4-6 сургалтыг Эрдэнэт хотынхоо арван жилийн сургуулийн сурагчид болон залуучуудыг хамруулан хийсэн.

-Эрдэнэт хот спортын томоохон ордонтой, тэр хэрээр спортынхныг бэлтгэхэд зориулагдсан хот гэж ярьдаг. Спортын салбарт амжилттай яваа Таны хувьд энэ тал дээр бодлоо хуваалцахгүй юу?

-“Хангарьд” спорт клубээс тив дэлхийн олон шилдэг тамирчин төрөн гарсан. Миний хувьд жудо бөхөөр хичээллэдэг. Залуучуудыг спортоор хичээллээсэй гэж би маш их уриалдаг. Нэгд, бие бялдар, хоёрт сэтгэхүйн хувьд эрүүл чийрэг, өв тэгш хүн болоход нөлөөлдөг байх гэж боддог. Тэр дундаа эрэгтэй хүн тэсвэр тэвчээр, хатуужилтай байх үүднээс спортыг түлхүү сонгоосой гэж бодож залуучуудаа уриалдаг.

Мөн Монголд ч байхгүй “Хангарьд” спорт цогцолбороо бүрэн хүчин чадлаар ашиглаасай л гэж боддог.

-2022 оноо та, бид хэдхэн хоногийн дараа үдэх гэж байна. Магадгүй, он болгон хүний амьдралд нэг дурсамж үлдээдэг байх. Таны хувьд?

-2022 он маш сайхан он байлаа. Миний хувьд ажил амьдрал, спортын замналаа хослуулсан жил байсан. Тодруулбал, 09 дүгээр сарын 06-нд Польш улсад зохиогдсон Мастерс-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьж, амжилттай оролцоод, шагналт байрт шалгарч ирсэн. Тамирчин хүнийхээ хувьд их хичээж оролцсон, улсынхаа нэрийг гаргаад ирсэндээ би хувьдаа баяртай байгаа.

-Тэгвэл улирч байгаа он ямар зүйлийг ухааруулав?

-Сүүлийн үед нийгэмд үүссэн жагсаал цуглаантай холбоотойгоор маш олон зүйлийг бид харж, хувь хувьдаа дүгнэж байна.

Монгол орон маань гуравхан сая хүнтэй, маш их баялагтай хэрнээ залуучуудын амьдрал хүнд, байр, машин мөрөөдөл нь болчихоод байна.

Гадаад улс орнуудад байр, машиныг хэрэгцээ талаас нь харж байхад манай залуучуудын мөрөөдөл өөр байна шүү дээ.

Бид өрнөөс өрний хооронд амьдарч, 4 жил сурсан мэдлэгээрээ өөрийгөө тэжээж чадах уу, үгүй гээд сууж байгаад үнэндээ сэтгэл эмзэглэж байна.

-Шинэ оныг хөгжилтэй байдлаар угтаж байв уу?

-Ер нь би их гэрсэг хүн. Тиймээс ч шинэ жил, цагаан сарын баярт их ач холбогдол өгдөг. Аль болох гэртээ байж, хүүхдүүдтэйгээ оноо гаргахыг боддог.

Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа хүүхдүүдийнхээ хичээл сургууль, цаашдын амжилтыг ерөөж үг хэлж, оноо угтдаг даа. /инээв/

-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Том охин маань Орхон эмпати сургуулийн 10 дугаар анги, дунд хүү маань 5 дугаар сургуулийн 5 дугаар анги, бага нь цэцэрлэгт хүмүүждэг, одоо 4 настай.

Миний хань Өмнөговь аймгийн харьяат бүсгүй бий. Одоогоор хувиараа бизнес эрхэлж, миний ар тал болоод л явж байна.

-Айл бүрт баярын уламжлал байдаг шүү дээ. Эхнэрийн тань ширээгээ чимдэг гол зүйл юу вэ?

-Мэдээж айл гэрийн эзэтэй бүр мундаг гэж би хэлнэ. Миний хань баяр ёслолд их ач холбогдол өгдөг. Баяраар хүүхдүүдээ ижилхэн хувцаслах, өөрөө дашинзаа өмсөх гээд уламжлал бий.

Шинэ жилийн тухайд манай гэрийн бүсгүйчүүд даашинз өмсөнө, эрчүүд нь жудо бөхийн кимоно өмсөж шинэ оныг угтдаг. Олон жил энэ уламжлалаар явсан. Энэ бүхэн хүүхдүүдэд маань үлгэр дууриал болдог болов уу гэж боддог.

-Ээжүүд үргэлж үр хүүхдээ ерөөж явдаг. Тэгвэл тэр сайхан ээждээ барьсан 2022 оны сэтгэлийн бэлэг юу байсан бол оо?

-Миний ээж үнэхээр мундаг, одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Ээжээрээ үргэлж бахархаж явдаг. Намайг хүмүүжүүлдэг гол хүн бол ээж.

Тиймээс ч ээждээ жил бүр бэлэг барья, баярлуулья гэж бодоод чаддаггүй юм. “Миний хүү сайн яваад, сайхан найз нөхөдтэй явж байвал ээж нь баярлана” гэж хэлдэг.

Миний ээж ер нь их энгийн хүн. Ээж нэг газартай болмоор байна гэхээр нь зуслангийн газар авч өгсөн. Үүнийг бэлэг гэж хэлэх эсэхийг мэдэхгүй юм. Ямартаа ч ээж их баярласан.

Удахгүй Монголдоо ирж амьдрах гэж байгаа болохоор тэр сайхан агаартай газарт байшин барьж өгөөд хамтдаа, гэр бүлээрээ сайхан амьдрана л гэж бодож байна.

-Өвлийн өвгөн цор ганц хүслийг тань биелүүлье гэвэл юу хүсэх вэ?

-Хүүхэд бүр аз жаргалтай, элэг бүтэн байгаасай. Тэр гоё гэгээлэг нүдэнд үргэлж гэрэл гэгээ асч байгаасай л гэж хүснэ.

-Шинэ оны эхний дуудлагыг хэн рүү хийдэг вэ?

-Хамгийн түрүүнд ээжтэйгээ ярина, дараа нь дүү, эгчтэйгээ, хадам аав ээжтэйгээ ярьдаг. Бас бүх найзууд руугаа залгаж мэнд хүргэдэг.

-Эрдэнэт хотын баярын онцлогийг та юу гэж хардаг вэ?

-Эрдэнэт өөрөө залуулаг хот. Оросууд их амьдарч байсан болохоор шинэ жилийг их өвөрмөц тэмдэглэдэг соёл бий болсон гэж боддог.

Он гарсны дараа талбай дээр гарч ирэх дуртай. Бас 01 дүгээр сарын 01-нд эхнэртэйгээ юмуу найзуудтайгаа уулан дээр гарч, мандаж байгаа нарыг Баян-Өндөр хайрхан дээрээс хардаг уламжлалтай.

-2023 оны хүслийн жагсаалт?

-Бодож төлөвлөсөн зүйл их бий. Ирэх онд Орхон аймгийн Залуучуудын холбооны нэрийн өмнөөс олон гэгээлэг зүйл хийе гэж бодоод залуучуудын дунд судалгаа явуулсан. Манай аймагт Ерөнхий боловсролын 21 сургууль байна, эдгээр сургуульд хуулийн байгууллагатай хамтран “Хүүхэд гадуурхалтын эсрэг” сургалт явуулахаар ярилцаад байна.  Хувь хүнийхээ зүгээс мэдээж өөрийгөө хөгжүүлнэ, сурч байгаа сургуулиа амжилттай төгсөх мөрөөдөлтэй явна.

-Хүн амьдралд олон дурсамж бий. Таны хувьд Залуучуудын байгууллагатай холбогдсон үеийн хамгийн гэгээлэг дурсамж гэвэл ямар үйл явдлыг нэрлэх вэ?

-Ганц амьдрах энэ амьдралдаа үр хүүхдэдээ үлдэх нэртэй, сайхан найз нөхөдтэй, залуу насаараа гоёж амьдрах юмсан гэж боддог. Олон ч найз нөхөдтэй болсон.

Мөн Залуучуудын байгууллагын тэргүүн болсноос хойш Монголын үе үеийн залуучууд ямар мундаг, хүчирхэг, дайчин хүмүүс байсныг олж мэдсэн. 1921 оноос эхлээд бий болсон МХЗЭ-ийн мундагууд, ахмад үеийнхнээс маш олон зүйлийг сурч, сонсож, түүхээр бахархаж байлаа.

-Монгол залуучуудын хувьд нийгмээс хамаарсан соёлын ялгаа их бий. Магадгүй 10 жилийн өмнөх залуучуудын нийгмийн байдал өнөөдрийн нийгмээс тэс өөр байгаа шүү дээ?

-Өнөөгийн залуучууд илүү хөгжиж байна. Бидний үед хаалттай нийгэм байсан болоод ч тэр үү нэг юм сэдэхээр хориг саад ихтэй байлаа. Эрдэнэтийн залуучууд өөр өөрийн гэсэн онцлогтой байсан юм болов уу. Тухайлбал, миний үед “FM-ийн шоу” гэж болдог байлаа. Залуучууд ууж идэхгүйгээр трэнд болсон хип хоп бүжиг, реп дуугаараа өрсөлддөг нь сэтгэлд тод үлджээ. Магадгүй тэр үеийг бий болгоё гэхэд залуучуудын сэтгэлгээ, хөгжмийн урсгал нь ч өөр болсон. Залуучуудыг “Сошиалаас илүүтэй ном уншиж, номонд дурлаасай” гэж боддог. Тэд үүх түүх, ахуйн соёлоо судалсан, түүхийн ном их уншдаг, мэдлэгтэй байгаасай.

-Өнөөгийн залуучууд соёлын хувьд юугаараа илүүтэй гангарч байна вэ?

-Бүгд л нийгэм, цаг үеэ дагаад гоё биетэй, эрүүл чийрэг байхад анхаарч, спортоор их хичээллэдэг болсон юм шиг санагддаг. Магадгүй миний хүрээлэлд спортлог хүмүүс их байж ч болох юм.

-Өөрийн хүчээр амьдралд тэмцэж яваа ч юмуу, яг ямар залууг “Мундаг” гэж илэрхийлэх вэ?

-Би “Мундаг залуу” гэдэг ойлголтод гоё биетэй, гоё хувцастай залуугаас илүүтэй өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө уйгагүй зүтгэж байгаа, хөдөлмөрч залууг багтаамаар байна.

Тэр залуу өөрийгөө зөв авч яваа бол дараагийн залууд нөлөөлнө. Хамгийн гол нь гэр бүлдээ нөлөөлнө.

-Залуучуудын дунд салалт их байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд энэ тоо илүү нэмэгдсэн. 1990-1995 оныхны дунд хийсэн судалгаагаар салалт 49 хувийг эзэлж байна. энэ бол асар өндөр тоо?

- Салалт олон шалтгаантай хэдий ч залуучууд үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, гэр бүлийн боловсролын тухай ойлголт муутай байна. Эцэг, эх, ханийн үүрэг ямар байх тухай бодож байж л хүнтэй гэрлэх хэрэгтэй байх. Улсаас гэрлэлтийг дэмжиж мөнгө өгч байх үед хуурамчаар гэрлэсэн хүмүүс ч бий. Гэр бүл, үр хүүхэд гэдэг зүгээр нэг тоглоом биш тул маш хариуцлагатай хандаасай. “Би энэ хүнтэй насан туршдаа амьдарч чадах уу” гэдэг асуултыг өөртөө тавиад үзэх хэрэгтэй гэж боддог доо.

Баяр болж байгаа учраас нэг сайхан үгээр ярицлагаар өндөрлөе

Хүн эрүүл байвал бүхнийг даван туулах хүч чадалтай байдаг. Тийм учраас эрүүл энхийг эвтэй найртай сайхан харилцааг элэг бүтэн амьдралыг та нартаа хүсэн ерөөе.

Айл бүхэнд инээд хөөр баяр баясал ундарч байг ээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
24
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
1

СЭТГЭГДЛҮҮД /2/

Odzorig

2023-01-07 04:02 | 66.181.160.58

Амжилт мундаг залуу шүү

Уянга

2023-01-07 06:49 | 192.82.65.10

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.