А.БУМАНСОР: “Би энэ өндөр хариуцлагатай ажлыг хүлээн авлаа. Энд ажиллах хугацаандаа үүнийг л өөрчлөнө шүү” гэсэн дүр зургаасаа гажаагүй яваа

Оргилуун дарс мэт дэврүүн хүслээр он солигдох торгон мөчийг хүлээж байгаа эрхэм уншигч тантай Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансорыг

“Хайраар гоёсон шинэ жил” булангийнхаа зочноор урьж, уулзуулж байна. Нууцхан догдолтой шинэ жилийн тухай хөөрөлдсөн бидний яриаг шимтэн уншаарай.

-Шинэ он солигдохтой зэрэгцэн хүн бүр оны ажлаа дүгнэж, ирэх оны хүслээ шивнэдэг шүү дээ. Таны хувьд өнгөрч байгаа онд юунд ач холбогдол өгч ажиллав?

-2022 он онцлог, өвөрмөц, өөрийн гэсэн өнгөтэй жил байлаа. Төрийн албан хаагч бидний хувьд өнгөрсөн жилүүд ковид цар тахлаас улбаатай ажлаа хэрхэн явуулах вэ гэдэгт төвлөрсөн он байсан бол 2022 он ковидын дараа хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарсан өвөрмөц жил байлаа. Үүнтэй уялдуулан бүтэн жилийн төлөвлөгөө боловсруулж, нэлээд томоохон ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлж чадсан. Нийгмийн салбар цаг үргэлж “буцалж” байдаг онцгой салбар. Тэр ч утгаараа нийгэм маш хурдацтай өөрчлөгдөж, хувь хүнээс болон төрөөс хурдацтай өөрчлөгдөхийг шаардсан тул бид аль болох хурдтай өөрчлөгдөж ажиллахыг эрмэлзлээ. Тухайлбал, хамгийн том масс болох эрүүл мэнд, боловсролын салбарт оновчтой бодлогыг тодорхойлох үе байсан. Оны ажлаа эргээд харахад дээрх хоёр салбарын бодлогыг амжилттай чиглүүлж чаджээ гэж дүгнэх байна. 

-Хувь хүнийхээ тухайд хэрхэн дүгнэх бол?

-Дээрх ажлуудтай холбоотойгоор хурдан бодох, шийдвэрлэх, хамт олны гаргасан санааг зохион байгуулах гээд хувь хүнээс олон талын чадвар шаарддаг тул аль болох хүчээ төвлөрүүлж ажилласан.

-Ам бүл хэдүүлээ вэ, гэр бүлийнхээ баярын онцлогийг сонирхуулбал?

-Бидний өссөн орчин ямар байсан, аав ээж хэрхэн баяраа тэмдэглэдэг байсан гээд гэр бүлийн соёл, уламжлалаа дагахыг эрмэлздэг дээ /инээв/. Ханьтайгаа гэр бүл болоод 20-иод жил болсон байна.

Энэ хугацаанд хамгийн түрүүнд шинэ жилээ гэртээ өнгөрүүлэх ёстой гэсэн бичигдээгүй дүрмийг мөрдөж ирсэн. Он солигдох мөчийг хамтдаа өнгөрүүлэхийн тулд хаа хол байсан ч зориод ирдэг.

Хүүхдүүд маань том болсон тул 12-р сарын 31-ний үдэш “Энэ жил хэн юу хийсэн бэ” сэдвээр ярилцаж, ямар амжилт үзүүлсэн, юу хийх гээд чадаагүй зэргээ дүгнээд, ирэх онд хамгийн том өөртөө тавих зорилгоо гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах дуртай.

Ингэж ярилцсанаар хүүхэд хүсэж мөрөөдсөн зүйлдээ хүрэх тэмүүлэлтэй болдог гэж боддог.

-Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Миний хань “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборт Ахлах дасгалжуулагчаар ажилладаг. Том хүү маань Санхүү эдийн засгийн дээд сургуульд оюутан, хоёр бага хүү Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. 

-2022 оны сэтгэлд үлдсэн нандин бэлгийг нэрлээч гэвэл та юуг хэлэх вэ?

-Хүмүүс шагнал урамшууллыг янз янзаар хүлээн авдаг байх. Миний хувьд энэ жил төрийн дээд шагнал “Алтан гадас” одонг хүртсэн.

Төрийн алтан соёмбот туг, төр засгийн удирдлагын өмнө аавынхаа нэрийг дуудуулж гараад, шагнал хүртэх тэр мөч их том үнэлэмж санагдсан. Ажиллаж байх хугацаанд минь өгсөн том урам байлаа.

-Эмэгтэй хүн олон зүйлд сэтгэл хөндүүрлэж явдаг шүү дээ. Энэ оны тухайд сэтгэл эмзэглэсэн зүйл байв уу?

-Нас нэмэхийн хэрээр эргэн тойрны ахмад настны тоо цөөрдөг юм байна. Аавын минь бие өвдсөн. Энэ үед гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэйг ухаарсан.

Найз нөхдөө алдахад насны тоо гүйцэх хугацаа ойрхон байдгийг бодож тунгаасан.Ер нь хагацал зовлонг хүн эргэж харж боддог юм байна.

-Нийгмийн салбар олон өнгөтэй гэж ярианы эхэнд та хэлсэн дээ. Магадгүй таны өрөөнд маш олон өргөдөл ирдэг байх. Эдгээрээс сэтгэлд тод үлдсэн нь юу байна вэ, “Энийг л ажиллах хугацаандаа арай өөр түвшинд хүргэчих юмсан” гэж бодсон зүйл бий юу?

-Албан тушаал гэдэг тодорхой цаг хугацаатай, томилгоотой алба шүү дээ. Би харьцангуй залуугаасаа ажил хүлээн авч, бас ажлаа хэн нэгэнд хүлээлгэн өгч үзсэн. Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажлыг хүлээн аваад хамгийн түрүүнд бодсон зүйл бол “Би энэ өндөр хариуцлагатай ажлыг хүлээн авлаа. Энд ажиллах хугацаандаа Бумансор үүнийг л өөрчлөнө шүү” гэсэн дүр зургийг өөртөө гаргасан.

Өнөөдөр тэр дүр зургаасаа гажаагүй яваа. Аливаа нэг ажил нэг чиглэлээр, нэг голдиролоор ажилладаг байхад миний хувьд ажил маань нэлээд өвөрмөц. Тив дэлхийн спортын аваргууд, өвдөж шаналсан ахмад настан, 800 оноо аваад баярлаж яваа сурагч гээд нийгэмд байж болох тэр олон жаргал зовлонг нэг өдөрт, нэг цагийн дотор харах боломжтой байдаг. Баяртай хэрнээ, гунигтай ч юм шиг, ер нь их сонирхолтой ажил.

Энэ бүхнийг нэг дор багтааж явна гэдэг хувь хүнээс хурд, ухаан шаарддаг гэх үү дээ. “Төрд хүн сэтгэл дундуур байх, төрөөс авах үйлчилгээ хязгаарлагдмал байх бус, бүх хүнд төрийн үйлчилгээ ижил тэгш байх ёстой” гэсэн анхны зорилгоо тээж ирсэн. Өдөр тутамдаа энэ зорилгоосоо ухраагүй. Удирдлага хүний ажил шийдвэр гаргах байдаг. Энэ шийдвэрийг бодитоор харуулж ажиллах юмсан гэж боддог ч нөөц боломж хязгаарлагдмал тул орж ирсэн хүн бүрийн асуудлыг шийдвэрлэх амаргүй.

Ийм үед сэтгэлзүйн хувьд тухайн хүн асуудлаа шийдүүлсэн мэдрэмж, сэтгэгдэлтэй гараасай гэж хүсдэг.

-Эрдэнэтийн шинэ жилийг онцлог гэж хэлэх хүн олон. Энэ дунд таны олж хардаг соёл юу вэ?

-Эрдэнэтчүүд харилцааны, хамт олны, байгууллагын гээд өөрийн гэсэн соёлтойг юун түрүүнд хэлмээр байна. “Эрдэнэт бол өвөрмөц соёлтой хот” гэдэг үгийг гаднаа сирсэн бүхий л салбарынхнаас сонсож байсан.

Тиймээс баярлах соёл нь мэдээж өвөрмөц. Оросууд амьдарч байсан хот болоод ч тэр үү, уламжлал соёлыг нь бид хадгалж үлдсэн юм болов уу гэж бодогддог.

Ганц баяр гэлтгүй аливаа үйл ажиллагааг зохион байгуулахад шилдгийн шилдгийг нь, салбарынхаа хамгийн лидер болсон хүмүүсийг урьж авч ирэх, оролцуулах өндөр шалгууртай болсон юм болов уу.

Энэ өндөр босгыг давсан ажил зохион байгуулж, түүндээ хүрч чаддаг, баяр ёслолын үйл ажиллагаанд энэ хэрээр ач холбогдол өгдөг тул Эрдэнэтийнхний баярыг өвөрмөц гэж хэлэхээс аргагүй байх.

-Энэ жилийн 12 дугаар сарын 31-нд Амарын талбайд зохион байгуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Хамгийн хамгийн” гэж үздэг байсан бид цаг үеэ дагаад хэмнэлтийн горимд ажиллаж байна. Дайны болоод цар тахлын дараах энэ үед бүх зүйл хумигдмал, хэмжээ хязгаартай гэсэн ойлголт өгч, шаардлага тавьж байгаа нь нэг талаар зөв юм.

Магадгүй, аливааг хэмжээ хязгаартай байлгаж болдгийг бид суралцах цаг нь ирсэн бололтой. Зохион байгуулах үйл ажиллагааны тухайд, өмнөх жилүүдийн сайн сайхан зүйлсийг алдагдуулахгүй, мөн хэтрүүлэхгүй байхад анхаарч байна.

12 дугаар сарын 31-нд баярын салютаа буудуулна. Хүн бүр гэр бүлээрээ гарч ирэх боломжтой.

-Шинэ жилийн хөгжилтэй дурсамж хуваалцвал?

-Сүүлийн зургаан жилд гадаа талбайд зохион байгуулсан үйл ажиллагааны хивсийг нь зөөхөөс эхлээд найруулагчийнх нь дэргэд зогсох хүртэл бүхий л ажилд анхаарч, 12 дугаар сарын 31-нд төв талбай дээр зогсож байгаа.

Ямартаа ч он солигдохтой зэрэгцэн гэртээ орно гэж бодоод, амжаад ордог. 

-2022 онд таны сэтгэлийг баярлуулж догдлуулсан надин зүйл юу байв?

-Би саяхан энэ тухай бодож байлаа. Цар тахлын дараа хүүхдийн хөгжил дээр юуг анхаарах вэ, танай хамт олон саналаа гаргаад ороод ирээч гэж Засаг дарга бидэнд хандсан. Ингээд багш нартайгаа хуралдаад, “Ерөнхий эрдмийн хичээлээс гадна биеийн тамир, спорт, технологийн хичээл дээр хүүхэд хөгжих, амьдрах ухааны талаар ойлголт авах юм байна” гэж ярилцсан. Энэ дагуу “Хүүхэд хөгжил”, “Тэгш боломж”, “Эрүүл хүүхэд” төслүүдээ хэрэгжүүлж байна.

Анхны хэрэгжилтийн жил гэхэд багш нар маань баг болж ажиллаад, хүүхдүүд дундаа орж ажиллаж байгаа нь сайхан санагдаж байна.

Маш олон эерэг мэссэж хүлээн авсан. Багш хүн гэдэг тэр чигээрээ судлагдахуун байдаг.

Төр засаг багахан хөшүүрэг өгөхөд илүү том боломж байсан нь дээрх төслүүдээс, атгасан гар шиг баг болон ажиллаж байгаа 160 гаруй багш нараас маань бодитоор харагдсан. Энэ л маш гоё баяр жаргал.

-2023 оны хүслийн жагсаалтаа гаргасан уу?

-Хамгийн эхэнд бодсон зүйл эрүүл мэнддээ анхаарна.

-Өөрийнхөө амьдралд баримтдаг, зарчим болгож явдаг сайхан үгээр ярилцлагаа жаргаая. Он солигдох энэ мөчид бидний ярилцлагыг уншиж байгаа хүмүүст хандан юу хэлэх вэ?

-Хичээл зүтгэл бүрийн ард шагнал байдаг юм шүү /инээв/. Уйгагүй зүтгэлийн ард том бэлэг байдгийг санаж ирэх ондоо хичээнгүй ажиллаарай, шинэ оноо баяр жаргалтайгаар угтаарай.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа, шинэ оны мэнд дэвшүүлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
1
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.