А.Түвшинжаргал: Өвлийн спортын хоёр наадмыг зохион байгуулах нь аймаг, орон нутгаа сурталчлах том боломж юм

Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI  наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам  хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймагт  болно. Өвлийн наадмын бэлтгэл ажлын талаар Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргалтай ярилцлаа.

-Засгийн газрын тогтоолоор зохион байгуулдаг өвлийн спортын наадмын төрлүүдийг Орхон аймаг орон нутагтаа зохион байгуулах эрхийг авсан. Энэ талаар ярилцлагаа  эхэлье. Монгол Улсын өвлийн олимп гэж хэлж болохуйц томоохон наадмыг орон нутагтаа зохион байгуулах эрхийг авах гол шалгуур үзүүлэлт нь юу байв?

-Орхон аймгийн удирдлагууд  Биеийн тамир спортын улсын хороонд Монголын бүх ард түмний спортын өвлийн ХVI  наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмыг аймаг, орон нутагтаа зохион байгуулах хүсэлтийг тавьсан.  Энэ хоёр том наадмыг зохион байгуулахад 10 гаруй шалгуур үзүүлэлтийг урьтал болгодог юм билээ. Мөн Баянхонгор аймаг өвлийн спортын наадмын төрлүүдийг орон нутагтаа зохион байгуулах хүсэлтийг тавьсан. Ингээд хоёр аймгийн хүсэлтийн дагуу Биеийн тамир спортын улсын хорооноос ажлын хэсэг гарч 2022 оны аравдугаар сард Орхон, Баянхонгор аймгуудад ажиллаж газар зүйн байрлал, нийтийн тээвэр, цахилгаан холбоо, зам талбай, барилга байгууламж зэрэгтэй танилцсаны үндсэн дээр Орхон аймаг, Эрдэнэт хотод өвлийн спортын наадмын төрлүүдийг зохион байгуулах эрхийг олгосон.

-Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1-д зааснаар Монголын бүх ард түмний спортын зуны болон өвлийн наадмыг дөрвөн жилд нэг удаа, Монголын хүүхдийн спортын наадмын зуны болон өвлийн төрлийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар журамласан байдаг. Анх удаа аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан зохион байгуулж байгаа онцлогтой гэдгийг Биеийн тамир спортын улсын хорооноос тодотгосон. Ингээд Засаг даргын захирамжаар өвлийн спортын наадмын төрлүүдийг зохион байгуулах хороо байгуулагдаж, миний бие ахлан ажиллаж байна.

-Хоёр наадам нэг дор болно.  Тэр хэрээрээ  зохион байгуулалтын бэлтгэл ажил их байгаа нь лавтай.

-Тэгэлгүй яахав. Өвлийн спортын хоёр наадмыг нэг дор зохион байгуулна гэдэг амаргүй их бэлтгэл ажилтай байна. Зохион байгуулах хороонд Биеийн тамир улсын спортын хороо болон “Эрдэнэт” ТӨҮГ-ын төлөөлөл  мөн аймгийн бүхий л төрийн байгууллагын удирдлагуудыг багтааж, доороо есөн дэд хороог байгуулсан. Тухайлбал, Зохион байгуулалт хариуцсан дэд хороо, Хэвлэл мэдээлэл, маркетинг сурталчилгаа хариуцсан дэд хороо, Соёл урлаг, тэмцээний нээлт хаалт, шагнал гардуулах үйл ажиллагаа хариуцсан дэд хороо гэх мэт хороодыг байгуулан өвлийн спортын наадмыг өндөр төвшинд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангалаа. Хороо бүр өөр өөрийн гэсэн ажлын чиг үүрэгтэй, бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Спортын наадмыг зохион байгуулахад Биеийн тамир улсын спортын хорооноос бидэнд  арга зүйн заавар зөвлөгөөг өгч ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн захирал Г.Ёндон,  Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх нар аймаг орон нутагтаа зохион  байгуулж буй энэхүү тэмцээн, уралдааныг   бүхий л талаар дэмжин ажиллаж байна. Ер нь аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулахад “Эрдэнэт” үйлдвэрийн оролцоо  нийгмийн хариуцлагын хүрээнд өндөр байдаг. Уурхайчдын төлөөлөл болсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудад талархал илэрхийлье. Улсын хэмжээний хоёр том тэмцээн уралдааныг зохион  байгуулахад 250 сая төгрөгийг зарцуулж байна.

Үүний 200 сая төгрөгийн санхүүжилтыг Улсын  биеийн тамир спортын хорооноос шийдвэрлэсэн. Үлдсэн санхүүжилтыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлүүлж, орон нутгийн төсөвт  суулгасан.  Хурлын дарга, төлөөлөгч нарт мөн  талархсанаа илэрхийлье. Улсын хэмжээний томоохон спортын наадмыг зохион байгуулах, бэлтггэл ажлыг хангахад давхардсан тоогоор 170 гаруй төрийн байгууллагын албан хаагчид  болон сайн дурын ажилтан  гар бие оролцож байна. Манай аймаг өвлийн спортын наадмын төрлүүдийг  өмнө нь зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал, спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, коккейн төрлүүдээр 10 удаагийн тэмцээн уралдааныг 2003 оноос хойш  зохион байгуулж ирсэн.   2015 онд тэшүүрийн өсвөр үеийн улсыын аварга шалгаруулах тэмцээн, 2013,2015,2017,2020 онд Хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан туршлагатай аймаг юм.

Мэдээллийн төв....

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
1
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Насны хязгаартай юу ямар төрлүүд байгаа вэ

ДАШЗЭВЭГгантуяа

2023-01-24 07:49 | 202.126.88.228

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.