Монгол Улсын иргэн бүр татвар төлөх үүрэгтэй. Үүнтэй адил албан татвар төлөгчийн хувьд тодорхой хөнгөлөлт эдлэх эрхийг Татварын хуульд заасан байдаг. Иймд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой зарим заалтыг эргэн сануулъя.
Анх удаа орон сууц авбал татварын хөнгөлөлт эдэлнэ
Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.
Мөн Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.
Их, дээд сургуулийн төлбөртэй тэнцэх татварын хөнгөлөлт эдэлнэ
Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.
Мөн Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох татварын хөнгөлөлтөд хамруулна.
Хувьдаа сэргээгдэх эрчим хүч ашиглавал татварын хөнгөлөлт эдэлнэ
Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.
Хотоос хөдөөд шилжин суурьшвал 90 хүртэл хувиар татварын хөнгөлөлт эдэлнэ
Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуулийн 6.3.2-т заасан орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.
Ашигласан эх сурвалж: Татварын ерөнхий газар
















СЭТГЭГДЛҮҮД /0/