Д.ЭНХЗОРИГ: Орон нутгийн удирдлагууд "ХҮҮХДИЙН" паркийн газрын зориулалтыг өөрчлөж хууль зөрчсөн захирамж гаргасан

Хүүхдийн тоглоомын паркын эргэн тойронд үүсээд байгаа газрын тухай асуудлыг бид өмнө нь мэдээлж байсан. Уг асуудлын хүрээнд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзоригтой ярилцаж, дараах тайлбарыг авсан юм.

-Таны сошиал орчинд оруулсан нэг мэдээлэл дээр тодруулга авмаар байна. Энэ нь Орхон аймгийн Засаг даргын захирамжтай холбоотой “Газрын зориулалт өөрчлөх тухай” захирамж юм. Олон нийтийн анхаарал татсан, Хүүхдийн паркийн зориулалтаар ашиглагдаж байгаа энэ газарт аймгийн Хуулийн хэлтэс ямар тайлбар өгсөн бэ?

-Орхон аймгийн Засаг даргын А935 дугаар “Газрын зориулалт өөрчлөх тухай” захирамж гарсан. Үүнийг “Баясгалант хангай” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байна. 1-р хэсэгт нь, “Уурхайчин багийн нутаг дэвсгэрт А1001 автозамын урд талд байрлах тоглоомын талбайн зориулалттай 32455 м.кв газрын зориулалтыг худалдаа үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, 5 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” хэмээсэн байгаа юм. Уг газрыг Орхон аймгийн Ерөнхий төлөвлөгөөнд батлахдаа “Орхон аймаг уг газрыг хүүхдийн тоглоомын парк зориулалтаар ашиглана, аймгийн нийт иргэдийн амралт, чөлөөт цагийн талбай байлгана” гэсэн байдаг. Бид энэ захирамжийг хууль бус, захирамж нь хуулийн процедурын дагуу гарах ёсгүй, Засаг дарга дангаар шийдэх боломжгүй гэж үзээд байгаа юм.

-Шалтгаан нь?

-Орхон аймгийн хүүхдүүдэд тоглоомын талбайн зориулалтаар олгосон газрыг Захиргааны ерөнхий тухай хуулиар “Олон нийтийн эрх ашиг, сонирхлыг хөндөж байна” гэж бид хараад байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн эрх ашгийг хөндсөн захирамж гаргаж байгаа бол хуулийн дагуу иргэдэд мэдээлэл дамжуулж, сонсгол хийх ёстой. Иймээс нэгдүгээрт, “Хууль зөрчсөн” гэж харж байна. Мөн хоёрдугаарт “Газрын тухай хууль болон хотын ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн” гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд 2017 онд ИТХ-аар батлагдсан Ерөнхий төлөвлөгөөнд хүүхдийн тоглоомын талбай байна гээд баталчихсан. Түүнээс хойш хотын Ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй. Өнөөдөр миний гарт ирсэн бичиг баримтаар үзвэл Хуулийн хэлтэс нь “2022-2037 оны газар зохион байгуулалтын менежментийн төлөвлөлтийн дагуу үеэр орон сууц болон олон нийтийн бүсэд хамаарч байна” гэсэн тайлбар ирүүлсэн байгаа. Үүнийг бид мэргэжлийн хуульч нарт хандан, тайлбар авч, дараагийн шатанд хандах болно. Энэ нь ганц компанийн хсэлтийн дагуу шийдэх асуудал биш юм. Бид иргэдийн эрх ашгийг харгалзана. А зэрэглэлийн газраа энэ мэт зориулалтыг нь өөрчлөөд байвал Орхон аймаг хотын ерөнхий төлөвлөгөөтэй байх, ИТХ буюу Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүрэг байна.

-Анх мэдээллийг бэлтгэж байхад “Баясгалант хангай” ХХК нь тухайн газрыг худалдаж авах санал гаргасан гэж албаны эх сурвалж мэдээлсэн?

-Аймаг шийдвэрлээгүй. Тухайн үед 2 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байсан. Сонирхолтой нь Засаг дарга маань захирамж гарахаас 6 сарын өмнө тухайн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг. Үүнд, “Газрыг хүүхдийн тоглоомын талбайн зориулалтаар ашиглах ёстой” гэсэн байсан. Харин шинэ жил буюу иргэдийн анхаарал сарнисан үед захирамжаа өөрчилж гаргасан нь дээрх үнийн дүнгээс хардлага төрүүлж байна. Ерөнхий төлөвлөгөөнд “Танил” захын урд хүүхдийн тоглоомын талбай гэж заагаад, 2020 онд ашиглалтад орох байсан. Магадгүй, парк ашиглалтад орсон гэсэн үндэслэлээр талбайн захирамжийг өөрчилсөн байж болзошгүй юм.

-“Баясгалант хангай” ХХК-ийн газар эзэмших зөвшөөрөл 2027 онд дуусна гэж байна. Тухайн компани тоглоомыг холдуулах, хяналтын байцаагчийн тоглоом буулгах удаа дараагийн сануулга, албан шаардлага авч байсан. Гэтэл өнгө үзэмжгүй, ашиглалтгүй тоглоомыг олон жил байршуулснаар ашиг сонирхол ард нь байсан гэж хардах үндэслэлтэй юу?

-Энэ компани Улаанбаатар хотод актласан хуучин тоглоомыг авчирч 1-2 жил аргацаагаад, тухайн үеийн МХГ-ын байцаагчийн дүгнэлтээр “ашиглах боломжгүй” гэсэн бичиг гаргасан. Миний харж байгаагаар, энэ асуудалд орон нутаг зоригтой шийдвэр гаргаад, зориулалтын дагуу ашиглаад явах ёстой. Гэтэл цаана нь “Газрын төлбөрийг нь төлөөд, бид үүргээ гүйцэтгэсэн” гэдэг байдлаар тодорхой хугацааны дараа бизнесийн зориулалтаар буюу өөрт ашигтай байдлаар шийдвэрлэх явдал гарахыг үгүйсгэхгүй. Өнөөгийн нийгэмд улстөрчдөд энэ байдлыг олгосноор  боломж нь ихсээд, зөрчил их гараад байгаа харагддаг.

-Хариу тайлбар дээр “Шинэ газар олгосон асуудал биш” гэсэн байна?

-Би бичиг баримтыг хуулийн дагуу судлах хэрэгтэй гэж харж байна. Үүний дараа дахин хариулт өгч болно.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.