ОХУ-ын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадам ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Нэр хүндтэй энэхүү уралдаанд Монголын дуучин анх удаа оролцохоор сонгогдсон бөгөөд түүнийг Б.Заяат гэдэг. Тэрээр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн сонгодог урлагийн тэнхимийн дуурийн дуулаачийн IV дамжаанд суралцдаг.Тэрээр Эрдэнэтийн унаган хүүхэд бөгөөд түүний ээж Б.Энхсайхан "Авьяас билэг "сургалтын төвийн багш найруулагчаар ажилладаг.
Орос улсын хамгийн том гэх Кремлийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн Б.Заяат 4-р сарын 27, 29-ны өдрүүдэд хоёр удаа гарч XX зууны шилдэг 100 дууны жагсалтад орсон, 1945 онд мэндэлсэн, мөн 1975 онд соёлын гавьяат зүтгэлтэн Ж. Бадраа, Д.Батсүрэн нарын монгол хэлнээ хөрвүүлсэн "Эх, дороги" дууг дуулах юм.
Харин тавдугаар сарын 2-ны өдөр Кремлийн Их танхимд цугларах 6000 үзэгчдийн өмнө хаалтын шатанд дуулах юм.
Сонирхуулахад, Тав дахь жилдээ зохион байгуулагдах "Ялта хүрэх зам" олон улсын хөгжмийн наадмын ерөнхий шүүгчээр ЗХУ-ын Ардын жүжигчин Лев Лещенко ажилладаг.
Харин энэ жилийн олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд урлаг судлаач, телевизийн хөтлөгч, олон нийт, улс төр, соёлын нэрт зүтгэлтэн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн олон улсын соёлын хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч Михаил Швыдкой, Холбооны хурлын Төрийн Дум дахь Соёлын бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга, ОХУ-ын гавьяат жүжигчин Денис Майданов, Бүгд Найрамдах Крым улсын аялал жуулчлалын сайд Вадим Волченко, ОХУ-ын гавьяат жүжигчин, дуучин Зара, ОХУ-ын гавьяат жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч Кай Метов нар оржээ. Мөн Италийн нэрт дуучин, хөгжмийн зохиолч, телевизийн хөтлөгч Пупо энэхүү наадамд уригджээ.
















СЭТГЭГДЛҮҮД /0/