C°/C°
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт ажилтнуудын үндсэн цалин ирэх 6 дугаар сарын 1-нээс 10 хувиар нэмэгдэнэ гэдгийг Ерөнхий захирал Г.Ёндон даваа гаригийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хурал дээр мэдээллээ. Тус үйлдвэрийн 2023 оны бизнес төлөвлөгөө болон үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 3.3-т заасны дагуу ийнхүү ажилтнуудын үндсэн цалин 10 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнуудын үндсэн цалин 2016 онтой харьцуулахад 85 хувиар нэмэгдэж байна. Үүнд,
2017 онд 10 хувиар,
2018 онд 10-15 хувиар,
2019 оны 5, 10 дугаар сард тус бүр 10 хувиар,
2020 онд 10 хувь, Барилга засварын цех, Оёдлын цехийн ажилтнуудын цалинг 15 хувиар,
2021 онд 10 хувиар,
2022 онд 10 хувиар тус тус нэмж байжээ.
Мөн энэ үеэр үйлдвэрийн газрын ажилтнуудад олгох нэг удаагийн урамшууллын талаар Ерөнхий захирал Г.Ёндон болон Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа нар мэдээлэл хийв. Эрдэнэт үйлдвэрийн 7000 шахам ажилтан цар тахлын хүнд үед улс орны эдийн засгийн ачаанаас нуруундаа үүрч, цахилгаан дулаан, уур ус хогны төлбөрийг төлж, Монгол банкны валютын нөөцийг зузаатгахад онцгой үүрэг хүлээсэн. Онцгой даалгавруудыг биелүүлсэн үр дүнг үнэлж, ажилтнуудад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох хүсэлтийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс холбогдох газруудад хүргүүллээ. Үйлдвэрийн газрын 2022 оны санхүүгийн тайланг Үндэсний аудитаар баталгаажуулж, урамшуулал олгох үндэслэлээ тодорхой хүргүүлсэн тул “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хурлаар удахгүй шийдвэрлүүлэх тухай энэ үеэр онцлов.






СЭТГЭГДЛҮҮД /0/