Г.ЭРДЭНЭБАЯР:Далд хүчирхийллийг ил болгоход иргэдийн оролцоо, сэтгэл хамгийн чухал үүрэгтэй

Орхон аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Цагдаагийн газарт 2023 оны эхний 7 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа онцлох ажлуудын талаар танилцуулахгүй юу ?

Орхон аймагт 2023 оны эхний 07 сарын байдлаар нийт 441 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс хэргийн гарал -12,0% буурсан эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч зарим төрлийн гэмт хэрэг, зөрчил таслан зогсоогдохгүй байна.

Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 30 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 15.4% өссөн байна. Эдгээр 30 хүнд хувийн хэрэг нээж дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх чиглэлээр нэг бүрчлэн хяналт тавин ажиллаж байна.

Зөрчлийн тухайд: Аймгийн хэмжээнд 2023 оны эхний 7 сарын байдлаар нийт 21,671 зөрчил бүртгэгдэн шалгасан нь өмнөх оны мөн үеэс 6,242 зөрчлөөр буюу 40.4 хувиар өссөн байна. Үүнээс 21,635 зөрчил буюу 99.8 хувийг шалган шийдвэрлэсэн байна. Гэр орон сууцанд 495 зөрчил үйлдэгдэж, мөн Зөрчлийн тухай хуульд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 171 тус тус бүртгэгдсэн байна.

-Орхон аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна бэ?

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил явуулахдаа гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийг үндэслэн, нутаг дэвсгэр, улирлын онцлог, хүн амын нягтаршил зэрэг нөхцөл байдалд тулгуурлан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

Та бүхэн сайн мэдэж байгаа байхаа, зуны буюу аялал зугаалгын улиралд орон нутгийн замд зам тээврийн осол гэмтэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Нэг зам нэг соёл”, Хүүхэд хамгаалал, Үеэр усны болон болзошгүй эрсдэлээс хүүхдийг хамгаалах зэрэг арга хэмжээнүүд Улсын хэмжээнд зохион байгуулагдсан.

Орхон аймгийн хэмжээнд тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эхний 8 сарын байдлаар 70 орчим тусгай арга хэмжээг зохион байгуулсан байна.

Тухайлбал: Гэр бүлийн хүчихийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүчирхийллийг мэдээлье”, “Дуудлагын мөрөөр”, “Давтамжтай дуудлага”, Ухуулга нөлөөлөл-1, 2”, “Хууль зүйн тусламж” зэрэг тусгай болон соён гэгээрүүлэх ажил арга хэмжээг зохион байгуулсан байна.

Мөн Цагдаагийн газрын удирдлагын өгсөн үүрэг, бодлого чиглэлийн дагуу иргэдэд торгууль оногдуулах, баривчлуулах зэргээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, сануулах, аливаа хүчирхийллээс үүдэлтэй эрсдэл, хор хөнөөлийг сурталчлан таниулах зэрэг ухуулга, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байна.

Хуульд зааснаар “.....Гэр бүл гэдэг нь 2 ба түүнээс дээш хүмүүсийн нийгмийн холбоо, эхнэр нөхрийн хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэсэн, эцэг эх, үр хүүхдийг багтаасан нийгмийн анхдагч нэгж юм.....” гэсэн байдаг. Харамсалтай нь залуучууд, гэр бүлүүд маань харилцан тэгш эрхийн үндсэн дээр биш, нэг нэгэндээ буулт хийгээгүйгээс болж, үл ялих зүйлээс шалтгаалан хүчихийлэл үйлдэх нэгнийхээ эрхийг зөрчих, цаашлаад эрүүл мэндэд гэмтэл, хохирол учруулах зэрэг асуудлууд таслан зогсоогдохгүй байна.

Жишээ нь: Төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн коапанид ажилладаг нэг залуу байя гэж бодоход /бүгд биш шүү/ тухай хүн маань гэр орондоо өөрийнхөө санхүү, эдийн засгийн ноёрхолыг тогтоочихсон байдаг. Би ажлаас гарахад байрны зээл, оюутны төлбөр хэн төлөх вэ? ч юм уу, нэг бол ажлаасаа бууж ирээд заавал 1-2 лааз пиво уучихаад унтдаг ч гэх юм уу, иймэрхүү эдийн засгийн буюу бусдын хүсэл зоргийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлүүд нэлээдгүй гарсан байдаг.

Мөн эсэргээрээ эхнэр нь нөхрөө учир утгагүй, шалтгаангүйгээр хардсан явдлаас болж нөхөр нь ажил дээрээ алдаа дутагдал гаргах, цаашлаад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчигдөж болзошгүй байна. Эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан, сэтгэл амар түвшин ажлаа хийхэд сайхан байдаг шүү дээ.

Энэ бүхнээс үүдэлтэйгээр цагдаагийн газраас иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Уулзалт нөлөөлөл” гэсэн нэртэй арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Баян-Өндөр сумын 27 багийн цагдаагийн хэсгийн байцаагч нартай хамтран гэр бүлийн маргаантай, урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, үйлдэж болзошгүй эрсдэлтэй, анхаарал татсан айл өрхүүдэд чиглэсэн хүчирхийллийн хор хөнөөлийг сурталчлан таниулах, гарах сөрөг үр дагавар, давхар хүүхэд хүчирхийлэлд өртөх явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ганцаарчилсан болон бүлгийн сургалт, уулзалтыг зохион байгуулж одоогоор 120 орчим иргэн хамрагдсан байна.

Дүн мэдээнээс харахад Гэр орон сууцанд 495 зөрчил үйлдэгсдэн байгаа юм. Мөн Зөрчлийн тухай хуульд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 171 буюу эдгээр 600 гаруй зөрчилд давхар хүүхдүүд өртөж хохирсон байж болзошгүй байдаг. Хүүхэд хэзээ ч өөрийхөө эрхийг хамгаалж гомдол гаргаж чадахгүй шүү дээ.

-Иргэддээ анхааруулж хэлэх зүйл байна уу?

Та бүхэн Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг сайн дэмжээрэй, хамтран ажиллаарай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлээрэй, анхаарал болгоомж хаана ч илүүдэхгүй шүү.

Нийгэм сайхан болох хэрэгтэй, далд хүчирхийлэл ил болох хэхэргтэй. Иргэд: Дээд айлын хүүхэд гүйгээд унтуулахгүй байна гэж дулааны шугам цохьдог, цагдаад мэдэгддэг мөртлөө, хажуу айлд нь хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөөд уйлаад байхад мэдээлэх нь хомс байна.

Хэрвээ та хүчирхийллийг мэдсэн харсан, сонссон бол заавал цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй, та хуульд заасан энэ үүргээ биелүүлсэнээр хэдэн ч гэр бүл, хэдэн хүний амь насныг аврах боломжтой шүү гэж хэлмээр байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%