Д.БҮҮВЭЙБААТАР: Манайх уурын зуух галладаг байгуулага биш учраас “Хүйтэн байна” гэж мянга хашгираад нэмэргүй

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажил яригдаж байгаа энэ үед “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бүүтэйбаатартай ярилцлаа.

-Энэ сарын 15-нд орон сууцны айл өрхүүдэд дулаан өгч эхлэх хугацаа болж байна. Жил бүр өвөлжилтийн хүрээнд яригддаг тодорхой сэдвүүд дээр мэдээлэл өгөхгүй юу? Эдгээр сэдвийг тойрсон асуудлууд ямар хэмжээнд цэгцэрч байна вэ?

-2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд манай байгууллага дотооддоо эрсдлийн үнэлгээ хийж үзлээ. Үүнд, 1 дүгээр хорооллын 1, 2, 3, 4, 5 дугаар хорооллын 20, 21, 23, 24 дүгээр байрнууд асуудалтай гэж гарсан. Мөн 4 дүгээр хорооллын 27 дугаар байрны шугам сүлжээ нэлээд муу байсныг 78 орчим сая төгрөгөөр шинэчлэл хийгээд байна. Үүнээс гадна бидэнд, “Эко хороолол”, Наран, Говил гэсэн хүндрэлтэй багууд бий. Өнгөрсөн онд Говилд 7-8 удаа шугам сүлжээ цоорч, тухайн үед нь усны алдагдал гарч байгаа хэсгийг олохын тулд газар ухах ажил хийсэн. Энэ онд аймгийн аваарын зардлаар Говилын шугамыг хийхээр төлөвлөж байсан боловч энэ ажил маань боломжгүй болчихлоо. “Эко хороолол”-ын тухайд жил бүр асуудал үүсдэг. Айлууд эхний жилүүдэд нэг давхар орон сууцтай байсан бол одоо 2, 3 давхар болгож, талбайн хэмжээ нь томорч, хэрэглэгч олонтой болж байгаа нь асуудал дагуулж, ЦтП-ын хүчин чадал нь хүрэлцэхгүй болоод байна. Мөн тус хорооллын 1000 орчим м урттай төв магистрал шугам нь муудаж, цоорсон. Энэ хавар аймгийн хөрөнгө оруулалтаар 274 м шугамыг шинэчлэх хөрөнгө батлагдаж, урд хэсгийн 600 гаруй м шугамыг шинэчлэх төсөв батлагдаагүй нь асуудал хүндрэх магадлалтай байна.

-Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас хоёр компанийн 300 айлын орон сууц ашиглалтад орсон тухай мэдээлсэн. Мөн 2023-2024 онд 2100 айл орон сууцаар хангагдах тухай мэдээлэл байна. Манай аймгийн инженерийн шугам сүлжээ хэр найдвартай вэ?

-Халаалттай холбоотойгоор 2020, 2021 онд дулааны горимын тооцоо хийлгэсэн. Ингээд төв магистрал шугамыг 700 голчтой шугам болгох ажил энэ онд хийгдэж байна. Энэ ажил дуусвал эрчим хүчний нөөц манай аймагт хангалттай болно гэж харж байгаа.

-“Хүйтэн байна, дулаанаа муу өгч байна” гэж иргэд их ханддаг?

-Дулааны цахилгаан станц болон манай байгууллага хооронд жил бүр айл өрхүүдийн халаалт, дулаанаас үүдэлтэй маргаан дэгддэг. Айлууд “Дулаанаа нэмж өгөөч” гэсэн хүсэлт их ирүүлдэг. Гэтэл манайх уурын зуух галладаг байгуулага нь биш учраас “Хүйтэн байна” гэж манай руу мянга хашгираад нэмэр байхгүй. Манайхаас байр байшингаа гадна талаас нь болон орц ханаа дулаалах зөвлөгөө өгдөг. Гэтэл энэ дулаалгын ажлыг хийдэг хүн тун ховор. Даараад эхлэхээрээ буруугаа бусдаас хайдаг гэх үү дээ. Орон сууцаа хувьчлаад авчихсан, хувийнхаа өмчид амьдарч байгаа хүмүүс учраас лифт, дулаалгатай холбоотой асуудлаа хамтраад шийдвэл зүгээр байгаа юм. 

-Лифтны хэрэглээ ямар байдаг вэ, насжилтын тухайд?

-4 болон 5 дугаар хорооллын 9 давхар барилгуудын хуучин лифтнүүдийн ашиглалтын хугацаа дууссан. Төрөөс 2008, 2009 оны үед шинэчлэл хийж, сольж өгсөн байдаг. Лифтнээс ашиг олдоггүй. Манайх лифттэй холбоотой асуудлыг өнгөрсөн хавар СӨХ-нд буцааж өгөх гэсэн боловч СӨХ шилжүүлж авсангүй. Тиймээс ажичлдын цалин нэмэгдэж, цахилгааны төлбөр өсч, зардал их гарч байгаа тул лифтны төлбөрийг нэмэх магадлал бий. Цаашдаа лифтийг СӨХ-нд нь өгөх бодолтой байна. Учир нь, лифт манай өмчлөлд байдаггүй. Бас иргэд их мөнгө төлсөн мэт бидэнд шаардлага тавьдаг. Дундаасаа 100-150 орчим сая төгрөг гаргаад лифтээ шинэчлэх бүрэн боломжтой тул иргэд өөрсдөө санал санаачилгатай баймаар байна.

-Хотын гэрэл, гэрэлтүүлгийн тухайд?

-Орхон аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 10150 ширхэг гэрэлтүүлэгтэйгээс гадна орон сууцны бүх фасад гэрэлтэй. Тухайн гэрэлтүүлэг нь хэзээ хийснээс шалтгаалаад 10-15 хувийг жил бүр шинэчлэх төсөв өгдөг. Улмаар бид 1800-2000 орчим гэрэлтүүлэг шинэчлэхээр батлуулдаг юм. Харин энэ жилийн тухайд маш бага төсөв батлагдсан. Фасадны гэрэл болон гоёлын гэрлийг хариуцаж ажиллахад өндөрт ажиллах зориулалтын автомашингүй манай байгууллагад байхгүйгээс гадна одоо ашигладаг хоёр автомашины нэг нь ”Цаашид ашиглах боломжгүй” гэж гарсан. Бид хотын гэрэл гэрэлтүүлгийг 90-ээс дээш хувьтай байлгая гэвэл дор хаяж 4 автомашин, 15 цахилгаанчин ажиллаж байж энэ асуудлыг хэвийн болгох дүр зураг харагдаж байгаа юм. Гэрэлтүүлгийн зарим хэсгийг аж ахуйн нэгжид шилжүүлэх тухай нутгийн удирдлагуудад танилцуулж байсан. Оны төгсгөлд энэ сэдвээр дахин хэлэлцэж, шинэ оны босгон дээр эргэж өгөх сонирхолтой байна. Гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах хүрээнд дулааны улиралд багагүй ажил хийсэн. Бороо их орсонтой холбоотой кабель тавилтын алдаа үүсээд байх шиг байна. Фасадны гэрэл дээр “Анд энерги”, “Автомастер” төвүүдтэй гэрээлэн, үзлэгт оруулж байна.

-Өвлийн хүйтэнд халаалт хэвийн горимоор очихдоо хүйтэн байна гэдэг. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ? Байгууллагуудын халаалт 10 сарын 01-нд очих уу?

-Аж ахуйн нэгжүүд 10 дугаар сарын 01-нд өгнө. Хуучин байрнууд асар их дулаан алдагдалтай. 2-3 өрөө байрыг дулаалахад 2 сая төгрөгийн зардал гардаг юм байна. Тиймээс дундаасаа мөнгө гаргаад дулаалчихвал гомдол гарахгүй шүү дээ.

-Шинэ орон сууцны хорооллуудад дулаан доголдох уу?

-Манай байгууллага дулааны техникийн нөхцөлийг Дулааны станцтай хамтран гаргаж байна. Энэ жилийн тухайд шинэ хорооллуудад эрчим хүчний асуудал үүсэхгүй гэж бид тооцоолж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
91%
Дэмжихгүй
8%