-16C°/-4C°
Үүл багаснa
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гэмтэл согог судлалын олон улсын XXV эрдмийн чуулган” өнөөдөр Орхон аймагт эхэллээ. ОХУ, Энэтхэг, Герман зэрэг орны эрдэмтэн, судлаачид болон нийслэл, орон нутгийн 160 гаруй гэмтэл согог судлалын эмч, мэргэжилтэн чуулганд оролцож, салбарын хөгжил дэвшил, ололт амжилт, алдаа оноог хэлэлцэн харилцан туршлага солилцож байна.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар хиймэл үе суулгах мэс засал, үений дурангийн мэс засал, гэмтлийн мэс засал, мэс заслын хүндрэл, хавдар түлэнхий нөхөн сэргээх мэс засал, нийгмийн эрүүл мэнд зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Манай улсын эмч мэргэжилтнүүдийн ур чадвар олон улсад хэдийн хүлээн зөвшөөрөгдөж, олон улсад хийж буй мэс заслуудыг Монгол Улсдаа хийж буй. Гагцхүү тоног төхөөрөмж, орчин нөхцөл зэрэг төсөв санхүүтэй холбоотой асуудал бийг салбарыхан хэлж байна. Монгол Улс энэ салбартаа хүний нөөцөө хангалттай сайн бэлтгэдэг учир хүний нөөцийн боловсон хүчний дутагдал харьцангуй бага. Харин эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч буй аж. Гэмтэл согог, заслын үндсэн мэргэжлийг жил бүр 25-30 хүн эзэмшдэг бол төрөлжсөн нарийн мэргэжлээр 50 орчим хүн сурч, 20-30 орчим мэргэжилтэнг гаднын 10 гаруй улсад мэргэжил дээшлүүлэхээр суралцуулдаг ажээ.
Улсын хэмжээнд 400 гаруй гэмтэл согог замлын эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
Чуулганыг орон нутагтаа зохион байгуулж буй Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Гэмтлийн тасаг 11 эмч, мэргэжилтэнтэйгээр тархины цусан хурааг авах, гавлын дутмагшлыг титан ялтсаар нөхөх, нурууны хугарлыг бэхлэх, цээж хэвлийн үеийн яаралтай мэс заслууд, согог заслын, арьс зөөлөн эдийн мэс заслууд болон мөчдийн хугарлын үед төрөл бүрийн аргуудыг ашиглан хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах “Энэ жил чуулганыг орон нутагт зохион байгуулж байгаа нь осол гэмтлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдээ мэргэжил арга зүйгээр хангах, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлох юм. Орхон аймгийн БОЭТ нь улсдаа томоохонд тооцогддог гэмтлийн тасагтай. 10 жилийн өмнөөс ГССҮТ-д хийдэг байсан согог заслуудыг олон улсын эмч нартай хамтран хийж ирсэн. Биний хийж байгаа мэс залуудсыг орон нутагтаа нутагшуулж, гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өндөр төвшинд үзүүлж байгаа аймаг” гэлээ.
Энэ ондоо багтаж аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ГССҮТ-тэй хамтран орон нутагт анхны үений дурангийн мэс заслийг хийхээр төлөвлөжээ. Мэс заслын тоног төхөөрөмжөө авсан бусад бэлтгэлээ хангаж байна.
СЭТГЭГДЛҮҮД /0/