С.Мөнгөнчимэг:Тэтгэврийг долоон жилээр тооцдог байсныг таван жил болгосон. Үүнд 55500 ахмад хамрагдаж, 20.6 тэрбум төгрөг зарцуулна

С.Мөнгөнчимэг:Тэтгэврийг долоон жилээр тооцдог байсныг таван жил болгосон. Үүнд 55500 ахмад хамрагдаж, 20.6 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газраас 2024 оны Төсвийн тухай хуулийг өргөн барьсан билээ. Ирэх жилийн төсвийн онцлог, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.

-Засгийн газар ирэх оны төсвийг УИХ-д өргөн барьсан, удахгүй хэлэлцэж эхэлнэ. Хоёулаа яриагаа 2023 оны төсвийн гүйцэтгэл ямар байгаа талаар эхлүүлье?

-Эхний хагас жилийн байдлаар улсын төсөв 1,5 их наядын ашигтай гарч, эдийн засгийн өсөлт 6,4 хувь, төлбөрийн тэнцэл 475 сая ам.долларын ашигтай гарсаан. Манай уул уурхайн гол бүтээгдэхүүний нэг  нүүрсний хувьд гэхэд өнөөдрийн байдлаар 47.6 сая гаруй тонн нүүрсийг экспортолсон байна. Оны төгсгөлд бидний төлөвлөсөн 50 сая тонноос давж 52 сая тоннд хүрэхээр тооцоолж байна. Мөн төсвийн орлого 22,9 их наяд төгрөгт хүрч, энэ нь баталсан хэмжээнээс 1 их наядаар давж биелэхээр төлөвтэй байгаа. 

-2024 оны төсөв өргөн баригдаад удаагүй, мөн УИХ-аар хэлэлцэж эхлээгүй байгаа тул иргэд харьцангуй мэдээлэл багатай байгаа байх. Ирэх оны төсвийн ерөнхий мэдээллийг эхлээд өгнө үү?

-Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 25.3 их наяд, зарлагыг 27.4 их наяд, төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөгөөр буюу ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэхээр төлөвлөлөө. Орлогын 93 хувийг татварын орлого, 7 хувийг татварын  бус орлого эзэлж байгаа. Уул уурхайн орлогын хувьд нийт орлогын 30 хувь буюу 8 их наядын орлого бүрдүүлэхээр байна.

Урсгал зардалд 21.3 их наяд, хөрөнгө оруулалтад 1050 төсөл, арга хэмжээнд зориулж санхүүжих дүнг 3.2 их наяд төгрөгөөр тооцоолсон. 

Шинэ хөрөнгө оруулалтыг тусгахдаа төсвийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу 3 жилдээ багтаан ашиглалтад оруулах, санхүүжилтийг нь энэ хугацаандаа багтаан  тэнцүү хуваан олгох зарчмыг баримтласан. Ингэснээр 2024 онд нийт хөрөнгө оруулалтын 61 хувь нь ашиглалтад орохоор байгаа. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 2 их наяд байхаар төлөвлөж, Үүний 1.108 тэрбумыг төр хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээ, зарим иргэний эрүүл мэндийн шимтгэлийг төр хариуцан төлдөг тэр шимтгэлийн орлогоос бүрдэж, нийт зардал нь 1.970 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн. 

Харин нийгмийн даатгалын сангийн хувьд нийт орлогын хэмжээ 4.469 тэрбум төгрөг, нийт зардлагын хэмжээг 5.145 тэрбум байхаар төсөвлөсөн бөгөөд тус санд улсын төсвөөс 1.134 тэрбумын төгрөгийн санхүүжилт олгохоор тооцлоо. 

Ерөнхийдөө энэ удаагийн төсвийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангасан гэж хэлж болно.  Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг анх удаа нийслэл, 21 аймгийн иргэд, олон нийтийн, мэргэжлийн, салбарын төлөөллүүдтэй уулзаж, санлуудыг нь төсөвт тусган боловсруулсан.

Мөн энэ удаагийн төсвийн онцлогуудыг багцлан хэлбэл хот хөдөөгийн сэргэлт, орон нутгийн хөгжил, эдийн засгийг тэлэх, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтууд, экспортыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад анхаарсан.

-Төсвийн орлогыг 25.3 их наяд байхаар тооцжээ. Манай төсвийг бүрдүүлэгч гол хүчин зүйл болох нүүрсний экспортыг 60 сая байхаар тооцсон байна. Энэ жил 52 сая тонн нүүрс гаргахаар байна гэж та хэлсэн. Тэгэхээр ирэх онд юунд найдаж 60 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөсөн бэ?

-Төсвийг боловсруулахдаа өмнөх гүйцэтгэлд тулгуурлаж, тооцоо судалгааг хийж, олон хүчин зүйлсүүдийн нөлөөллийг тооцоолон мэргэжлийн баг боловсруулдаг. 

Одоо бидний бодит боломж энэ оны гүйцэтгэлээр 52 сая тонн нүүрс  гаргахаар байна. Энэ боломж бололцоо дээрээ тулгуурлаад хүчин чадлаа нэмэгдүүлэх, төмөр замаа холбох, боомтуудын гарцыг нэмэгдүүлэх, биржээр зарж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг түргэн шуурхай гаргах замаар  тусгай гарцийг шинээр бий болгох зэрэг асуудлууддаа анхаарснаар 60 сая тонн нүүрс гаргана гэж тооцоолсон. 

-Төсвийн алдагдлыг 2.1 их наяд гэж тооцжээ. Үүнээс багасгах боломжгүй байсан уу, алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх вэ?

-Төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.8 хувь гэж тооцсон.  Төсвийн тухай хууль, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу алдагдал үе шаттайгаар буурч байгаа. 2025 оноос  2 хувь болгон цаашид ч  буурч, ашигтай байх чиглэл рүү явж байна.

Энэ удаагийн төсвийн алдагдлын 1.3 их наяд төгрөг нь эх үүсвэртэй буюу гадаадын зээл тусламжийн ашиглалт, үлдсэнийг нь тогтворжуулалтын сан, Засгийн газрын дотоод бонд гаргаж санхүүжүүлнэ.

Хүмүүс төсвийн төлөвлөлтийг сайн анхаардаг ч төсвийн гүйцэтгэлийг анхаардаггүй, орхигдуулдаг тал бий. 2021, 2022 онуудад төсвийн гүйцэтгэл сайжирч гарч байгаа. Өнгөрсөн онд гэхэд төсвийн алдагдлыг 1.8 их наядаар бууруулсан бөгөөд бид 2.8 их наядын алдагдалтай гарахаар байна гэж төлөвлөж байсан ч оны эцэст гүйцэтгэлээр  алдагдал 1 их наяд болж, алдагдлын хэмжээг номиналь дүнгээр 1.8 их наядыг  бууруулж чадсан. 2023 оны эхний хагас жилд төсөв ашигтай явж байгаа. 

Батлагдсан төсвийн нийт орлого 21.8 их наяд байгаа ч  оны төгсгөлд гүйцэтгэлээр 22.9 их наяд гарч, давж биелнэ гэж харж байгаа. 

-Жил бүр төсвийн зарлагыг тэллээ гэж шүүмжилдэг. Төсөв дөнгөж өргөн баригдсан учир эдийн засагчид төсвийн талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. Төсвийн зарлагыг харахад өмнөх оныхоос нэлээн өссөн харагдлаа. Үүний 80 хувь нь урсгал, 20 хувь нь хөрөнгө оруулалтын зардал гэж байгаа. Урсгал зардалд юу юу нэмэгдэв?

-Зардлыг нэмэгдүүлж байгаа хэд хэдэн хүчин зүйлүүд байгаа. 

Нэгд, энэ онд төсөв 1.8 их наядаар давж биелэх тооцоолол байгаа учраас  өнгөрсөн долдугаар сард цалин тэтгэвэр нэмэх үүднээс төсөвт тодотгол хийсэн. Энэ нэмэгдлийн ирэх оны төсөвт үзүүлэх ачаалал нь дахин 1.6 их наядаар нэмэгдэнэ. Үүн дээр нэмээд ирэх онд  цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан 10 хувь, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувь нэмэхээр тооцоолж, нийт 881 тэрбум төгрөгийг нэмж тусгасан.  Энэ нэмэгдлийг дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэхээр тооцсон.

Орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг зөвхөн төрийн захиргааны албан хаагч л авдаг байсан бол 2024 оноос төрийн захиргааны болон нийтлэг үйлчилгээний бүх албан хаагчид энэхүү нэмэгдлийг авна. Гэхдээ суманд ажиллаж байгаа бол энэ нэмэгдэл 40 хувь, аймгийн төвд бол 20 хувиар авна. Үүнд 306.8 тэрбум төгрөг зарцуулна.

Хоерт, ирэх оноос шинээр хэрэгжиж эхлэх хуулиудтай холбоотой  зардлууд нэмэгдэж байна. 

Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэхэд 446.4 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд,

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг тухайн хүний нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлнө. Үүнд 11400 хүн хамрагдаж, 10 .4 тэрбум төгрөг зарцуулна.

  • Тэтгэврийг долоон жилээр тооцдог байсныг таван жил болгосон. Үүнд 55500 ахмад хамрагдаж, 20.6 тэрбум төгрөг зарцуулна.

  • Нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлдэг болсон. Үүнд, 20.3 тэрбум төгрөг зарцуулна.

  • Тэтгэвэрийн нэрийн дансны хоёр хувийг мөнгөжүүлэхэд 370.4 тэрбум төгрөг зарцуулна.

Боловсролын багц хуулийн хүрээнд багш мэргэжлээр сурч буй оюутнуудад өгөх тэтгэлэг, багш нарт таван жил тутамд урамшуулал олгох, багшийн нэг хүүхдийг их дээд сургуульд сургах тэтгэлэгт нийтдээ 155.3 тэрбум төгрөг зарцуулна.

Гуравт, нэг удаагийн шинж чанартай зардлууд бий. Үүнд,

  • Олимпод зориулж 22.6 тэрбум,

  • Сонгуульд зориулж 72.2 тэрбум,

  • Геологи хайгуулын зардал гэж 40 тэрбум,

  • Улс даяар 191 багийг сүлжээнд холбох зардал гэж 20 тэрбум төгрөг зарцуулна. Огт сүлжээгүй 191 багийг сүлжээнд холбох юм.

  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөхөн олговор гэж 9.2 тэрбум

  • Төрийн байгууллагын зарим норм, нормативын зардлын өсөлт 68.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөлөө.

Мөн хөрөнгө оруулалтын аудитлагдсан төсөвт өртөгийн нэмэгдэлд 560 тэрбум төгрөг тусгагдсан байгаа. 

-Ирэх жил инфляц хэд байхаар тооцсон бэ?

  • Инфляцыг 8.5 хувь.

  • ДНБ-ий хэмжээ 74 их наяд.

  • Эдийн засгийн өсөлтийг долоон хувь байхаар тус тус тооцсон.

-Татвар нэмэх үү?

-Нэмэхгүй. Харин ч төсвийн бодлогоор татварын орчныг таатай байлгахад дэмжлэг үзүүлнэ. Мөн хувиараа бизнес эрхлэгчдэд татварын тайлангаа хялбаршуулан байдлаар гаргадаг болгох зэрэгт анхаарч, мөн  хөрөнгө оруулалтыг дэмжиж, үнэт цаасны зах зээлийг татварын бодлогоор дэмжинэ.

Боловсруулах, баяжуулах үйлдвэрийг дэмжиж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортын гаалийн татвараас чөлөөлж, гаалийн нөат-ийн татварыг 4 жилээр хугацааг нь сунгах буюу хэсэгчлэн төлөх боломжтой болно.

Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт орон сууц бариад борлуулж буй ААН-үүдийн борлуулалтын орлогод 90 хувийн, Дархан, Орхон, нийслэлийн захын гурван дүүрэгт  50 хувиар хөнгөлнө.  Мөн орон сууц бариад түрээслүүлж байгаа бол түрээсийн орлогод нь 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ.

-Төсөв өргөн барьснаас хойш МАН-ыг сонгуульд зориулсан төсөв боловсрууллаа хэмээн шүүмжилж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Цаг хугацааны хувьд  холбож хэлж болох юм. Түүнээс биш төсөв талаас тэгж харах боломжгүй. 

Өнгөрсөн 2020, 2021 оны төсөв ковидыг эрсдэл багатай даван туулахад,  2022 оны төсөв Шинэ сэргэлтийн бодлого, экспортыг нэмэгдүүлэх Боомтын сэргэлтийг дэмжихэд  чиглэгдэж байсан.

Харин энэ оны хувьд уул уурхай дагасан далд эдийн засгийг ил тод болгох, биржээр зарах зэрэг олон ажлын үр дүнд төсөв давж биелэх боломж бүрдсэн учраас 2020 оноос нэмэгдээгүй байсан  тэтгэвэр тэтгэмж, цалинг  нэмэгдүүлж төсвийн тодотгол хийсэн. 

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа учраас цалин, тэтгэврийг нэмсэн цаг хугацаа нь л ингэж таарч байгаа байх. Цаашид ч цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан жил бүр нэмдэг байх зарчим үргэлжлэх ёстой гэдэг агуулгаараа ирэх онд тусгагдаад явна.

Хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тавиагүй, хуучин хөрөнгө оруулалтуудаа үргэлжлүүлсэн. Тиймээс 2024 онд зайлшгүй шинэ хөрөнгө оруулалт тавихаас өөр аргагүй болсон.  Харин ч  энэ удаа шинэ хөрөнгө оруулалтыг гурван жилийн хугацаанд багтааж барих шаардлага тавиад, санхүүжилтийг нь гурав тэнцүү хувааж төсөвт тусгаж байгаа. Бидний хувьд төсвийг илүү үр дүнтэй, сахилга баттай байхад анхаарч байна.

 

Эх сурвалж: Itoim.mn

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу